Цэс

Холбоо барих

ИНФОГРАФИК:Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, баталсан ба 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Энэхүү хуулиар терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх аливаа зохицуулалт нь "үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх"-д нэг адил үйлчлэх талаар, ингэхдээ терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх асуудалд тагнуулын байгууллага, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудалд Санхүүгийн мэдээллийн алба хяналт тавихаар, мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бий болгох, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл Засгийн газрын түвшинд ажиллах зэрэг асуудлыг хуульд шинээр тусгаж, холбогдох заалтуудыг өөрчлөн найруулж хуульчилсан.


Тухайлбал: 

-Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны эрх зүйн байдал, үйл ажиллагааны чадамжийг бэхжүүлэх зорилгоор хуульд тус албаны чиг үүрэг, эрх хэмжээний талаарх зохицуулалтыг өргөжүүлсэн.

-"Мэдээлэх үүрэгтэй этгээд"-ийн хүрээг ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн өргөжүүлсэн. Тухайлбал, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч, нотариатч, хуульч, нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нар нь хуулийн хүрээнд мэдээлэх үүрэгтэй этгээдэд хамаарна.

-Мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт шалгалтын тогтолцоог эрсдэлд суурилсан хэлбэрт оруулах нөхцөлийг бүрдүүлж, мэдээлэх үүрэгтэй этгээдийн дотоод хяналтын хөтөлбөр болон харилцагчийг таньж мэдэх талаарх зохицуулалтыг боловсронгуй болгосон.

-Эцсийн өмчлөгчийг тогтоох, харилцагчийг таньж мэдэх ажиллагаа, уг ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэхэд тавигдах шаардлага, эрсдлийн үнэлгээ, дотоод хяналтын хөтөлбөр, хориг арга хэмжээний жагсаалт гэх зэрэг зохицуулалтыг хуульд тусгаж, үүнтэй холбоотой нарийвчилсан ажиллагааг "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам"-аар зохицуулах асуудлыг тусгахдаа төсөв, санхүүгийн асуудал эрхлэсэн Засгийн газрын гишүүн , хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн журмыг баталдаг байхаар өөрчилсөн.

-Эдийн засгийн харилцаанд орж байгаа аливаа хөрөнгийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг үнэн зөв, бодитоор бүртгэх тогтолцоог бий болгох зорилгоор бүртгэлийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг байхаар тусгасан.

-Мэдээллийн нууцлалыг хадгалах зохицуулалтыг харилцан үнэлгээний тайлангийн зөвлөмжид нийцүүлэхээс гадна хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуультай уялдуулах зэрэг зохицуулалтыг өөрчлөн найруулж хуульчилсан.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг Улсын Их Хурал 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөн баталсан.


Хууль, эрх зүйн хэлтэс 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл