Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы тойм хэвлэгдлээ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоомжийг тоймлон танилцуулсан эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас иргэд, олон нийтэд зориулж эрхлэн гаргадаг уг эмхэтгэлд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын болон Дэд, Түр хороодын үйл ажиллагаа, хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд, баталсан хууль, тогтоомжууд, хяналт, шалгалтын чиглэлээр хийсэн ажлуудыг дэлгэрэнгүй танилцуулжээ. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган ажлын 82 хоног үргэлжилж, бие даасан 23, нэмэлт өөрчлөлт оруулсан 140, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц соёрхон батлах тухай найм, хууль хүчингүй болсонд тооцох тухай 27 хууль, Улсын Их Хурлын 66 тогтоол, нийт 264 хууль, тогтоомж баталсан байна.

Эмхэтгэлд ээлжит чуулганы нээлт болон хаалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгсийг бүрэн эхээр нь, мөн Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр нийтэлжээ. Хууль тогтоох болон хяналт, шалгалтын үйл ажиллагаанд Тамгын газраас үзүүлсэн мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын дэмжлэгүүд, ээлжит чуулганаар хэлэлцсэн асуудлуудын талаар хийсэн судалгаа, мэдээллийн ажлууд, парламентат ёсны хөгжлийг хангах зорилгоор явуулж буй “Парламентын боловсрол”, “Өсвөрийн парламент” хөтөлбөрүүдийн хэрэгжилт, олон нийтийн болон гадаад харилцааны талаар уг эмхэтгэлээс унших боломжтой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл