Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг танилцуулах арга хэмжээг өнөөдөр (2023.09.18) Дархан-Уул аймгийн ИТХ, Хууль тогтоомж сурталчлах төвтэй хамтран зохион байгууллаа.
Парламентын нээлттэй байдлыг хангаж, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэхээр 2023 онд тус аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулсан юм.
Тус арга хэмжээний чиглүүлэгчээр Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар ажиллаж, Тамгын газрын мэргэжилтнүүд хууль, тогтоомжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх М.Отгон Нийгмийн даатгалын ерөнхий хууль; Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль; Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн талаар, зөвлөх Б.Баярмаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн талаар тус бүрд нь дэлгэрэнгүй танилцуулав. Эдгээр хуулийн танилцуулгатай холбогдуулан Дархан-Уул аймгийн иргэд, төрийн албан хаагчид сонирхсон асуултаа асууж, Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүдээс хариулт, тайлбар авсан юм.
Дараа нь Боловсролын ерөнхий /Шинэчилсэн найруулга/ хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч А.Цолмон, Дээд боловсролын тухай тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Б.Баярмаа нар тус тус танилцууллаа. Хууль, тогтоомжийг танилцуулах арга хэмжээнд оролцож буй Дархан-Уул аймгийн иргэд, холбогдох албан тушаалтан, төрийн албан хаагчид Боловсролын багц хуультай холбогдуулан илтгэгч А.Цолмон, Б.Баярмаа болон Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүдээс сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг Дархан-Уул аймгийн иргэд, төрийн албан хаагчдад танилцуулах арга хэмжээ “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулгаар үргэлжилсэн. үргэлжилж байна. Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Г.Алтанцэцэг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан зөвлөх Б.Төгсцэнгэл Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн талаар, зөвлөх Ц.Баянмөнх Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн талаар танилцуулж, иргэд, төрийн албан хаагчид, холбогдох агентлагийн албан тушаалтнуудын асуултад хариулж, мэдээлэл өгсөн.
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган ажлын 82 өдөр үргэлжилж, бие даасан 23 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 140 хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц соёрхон батлах 8 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 27 хууль, Улсын Их Хурлын 66 тогтоол, нийт 264 хууль тогтоомж баталсан. Эдгээрээс нийгмийн бодлогын эрх зүйн реформын томоохон алхам болсон Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын салбарын багц хуулиудыг баталсан бөгөөд Хууль тогтоомж сурталчлах төвөөр дамжуулан орон нутгийн иргэд, төрийн албан хаагчдад дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгөх арга хэмжээг энэ сарын 13-ны өдөр Баянхонгор, 14-ний өдөр Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль тогтоомж сурталчлах төвтэй хамтран зохион байгуулсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.