Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар: Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө, тэгш эрхийг хангахад банк, санхүүгийн салбарын оролцоо, манлайлал чухал

“Санхүү, банкны эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо хамтран Улсын Их Хурлын даргын ивээл дор хоёр жил тутам зохион байгуулдаг чуулга уулзалт өнөөдөр (2023.09.18) Төрийн ордонд болж байна.

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, тэдний нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь, шийдвэр гаргах түвшний оролцоо, манлайллыг төгөлдөржүүлэхэд туслах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, сайн үйлсийн талаар хамтран ажиллахад нэгдэх эв санааны нэгдэл-платформыг бий болгон хөгжүүлэх зорилготой “Санхүү, банкны эмэгтэйчүүд” II чуулганд тус салбарын 660 гаруй төлөөлөл оролцов. 


Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг тус чуулганыг нээж “Санхүү, банкны эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхжаргал үг хэлэв. Монгол Улсад банкны салбар үүсгэн байгуулагдсаны 99 жил тохиож буйг тэрбээр нээлтийн үгэндээ тэмдэглээд “Хүний эрхийг дээдэлсэн, ёс зүйтэй, авлигагүй, ядууралгүй, дэвшилтэт нийгмийг цогцлоох, тогтвортой хөгжил, хүртээмжтэй санхүүгийн салбарын хөгжилд манлайлан хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэлээ. 

Энэ удаагийн чуулганаар хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход банк, санхүүгийн эмэгтэйчүүдийн бодит оролцоо, манлайллыг хангах, байгууллагын хөгжилд оролцогч талуудын ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах, ялангуяа ажилтнуудын ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангахад түлхүү анхаарсан байна. Мөн эдгээр болон харилцагчийн эрхийг хамгаалах зорилготой “Банкны үйлчилгээний кодекс”-ыг нэвтрүүлэхэд тулгамдаж байгаа зарим асуудлыг олон талаас нь хэлэлцэхээс гадна төлөөлөгчид сайн туршлагуудаа хуваалцлаа.

Чуулганы эхэнд “Санхүүгийн салбарын жендерийн бодлогын хэрэгжилтийн үр дүн, жендерийн мэдрэмжтэй мэдээллийн сан байгуулах тухай” сэдэвт илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү танилцуулж, “Хариуцлагатай бизнес ба тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

“Санхүү, банкны эмэгтэйчүүд” II чуулганд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцов. Монгол Улсад банкны салбар үүсгэн байгуулагдсаны 99 жилийн түүхэнд эмэгтэйчүүдийн оролцоо давамгайлж, манлайлж ирснийг түүхэн тоо баримтаас харж болохыг тэмдэглээд чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө, тэгш эрхийг хангахад банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал маш чухал

Манлайлагч, түүчээлэгч, шилдэг эмэгтэйчүүд энэ салбараас олноор “төрж” гарснаар бид бахархдаг. Энэ уламжлал одоо ч хадгалагдаж байна. Өнөөдрийн байдлаар банкны салбарт ажиллаж буй 16 мянган хүний 11 мянга буюу 68 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Эд маань Монгол Улсын банкны салбарын ачааг үүрэлцэж байна. Үүн дээр хөрөнгийн зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгал, үнэт цаасны компани гээд санхүүгийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог нэмэх юм бол бүр ч өндөр дүн гарна. Энэхүү тоо баримт нь Монгол Улсын банк, санхүүгийн салбар эмэгтэйчүүдийн манлайлал дор хөгжиж байгааг харуулж байна.

Банк, санхүүгийн салбар нь өндөр хариуцлага, нягт нямбай чанарыг шаарддаг нарийн төвөгтэй ажил. Тооцоо, бүртгэл, харилцагчийн үйлчилгээ гээд банк, санхүүгийн салбарын нарийн, чимхлүүр ажил нь эмэгтэй хүний нягт нямбай, хариуцлагатай зүтгэл, шударга, зарчимч атлаа энэрэнгүй чанар дээр суурилдаг учир манай банк, санхүүгийн салбар илүү хөгжиж байна гэж боддог. Энэ салбарын бүсгүйчүүдийн манлайлал дор манай банк, санхүүгийн систем ноён нуруугаа алдахгүй, хөгжиж дэвшиж ирсэн.

Өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын Их Хурлаас санаачлан, АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг “Жендерийн эрх тэгш байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Олон улсын эмэгтэй лидерүүд оролцож, илтгэл тавьсан. Олон салбар хуралдаан болсон бөгөөд тэр дунд банк, санхүүгийн салбар дахь эмэгтэйчүүдийн давамгайллын талаар яригдаж, хэлэлцүүлэг ч өрнөсөн.


Энэ үеэр Улсын Их Хурлаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тоог нэмэгдүүлэхдээ жендерийн эрх тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангах зарчмыг баримталсан. Ингэснээр парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, 76 эрх мэдэлтэн биш, харин нийт ард түмний төлөөлөгч байх үндсэн шинж чанарт нь парламентыг дөхүүлэхээр шинэчлэл хийхийг зорьсон юм. Тийм учраас Үндсэн хуулийнхаа өөрчлөлттэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ өөрчлөлтийн дагуу 2024 онд Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгосон бол 2028 оноос 40 хувь болгохоор хуульчилсан. Нийт 126 нэр дэвшигчийн 78 нь сонгуулийн тойрогт нэр дэвших бол 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх буюу жагсаалтаар нэр дэвшинэ. Жагсаалтад эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчийг сөөлжүүлэх байдлаар буюу 1:1-ийн харьцаатайгаар бичнэ. Үүгээр жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийн 24 нь эмэгтэй байх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өнөөдөр Улсын Их Хуралд 13 эмэгтэй гишүүн байгаа, ирэх парламентад лавтайяа 24 эмэгтэй гишүүн, мөн тойргоос сонгогдох эмэгтэй гишүүдтэйгээ нийлээд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэнэ гэж харж байна. Ийнхүү шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдүүлэх сонгох, сонгогдох улс төрийн эрхийг хангахаас гадна эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах явдал нэн чухал. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, зарчмууд үүнийг л шаарддаг.

Парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл хангагдана гэдэг эмэгтэйчүүдийн давамгайлал, манлайлал дор хөгжиж буй банк, санхүүгийн салбарын эрх ашиг түлхүү хангагдана хэмээн үзэж, энд онцолж байгаа юм.

Эдийн засгийн эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлыг хангах чиглэлээр манлайлан ажиллаж байгаа эмэгтэйчүүд давамгайлсан банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүд Та бүхэнд, салбарын нийт байгууллагуудад халуун баяр хүргэе.

Энэ ташрамд эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх чөлөө, тэгш эрхийг хангах чиглэлээр манлайлан ажиллаж байгаа “Хаан банк”-ыг онцолж дурдмаар байна. Тус банк Монголын эмэгтэйчүүдийн бизнесийн өргөжилт ба цахимжуулалтыг дэмжих чиглэлээр 20 сая ам.долларын зээлийн гэрээг Европын сэргээн босголт хөгжлийн банктай байгуулсан. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 75 сая ам.доллар зарцуулж байна. Зөвхөн 2022 онд 19 мянган эмэгтэй бизнес эрхлэгчид 856.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих төвдөө 1000 гаруй эмэгтэйг сургалтад хамруулжээ. Ийм бүтээлч санаачилга олон болбол Та бидний хамтын зорилго амжилтад хүрэхэд тун ойрхон болно. Энэ бол Тогтвортой хөгжлийн зорилтууд дахь Жендерийн эрх, тэгш байдлыг хангах зорилт дотор эмэгтэйчүүдийн санхүүгийн эрх, эрх чөлөөг хангах явдал хамгийн чухлаар тэмдэглэгддэг. Иймээс Р.Мөнхтуяа захиралтай “Хаан банк”-ны хамт олонд тусгайлан баяр хүргэж, талархал дэвшүүлье.

Эмэгтэйчүүд эдийн засгийн эрх чөлөө, тэгш эрхээр хангагдаж чадсан цагт л улс төрийн бүрэн эрхээ эдэлж, шийдвэр гаргах түвшинд олуулаа болох боломж бүрдэнэ. Үүний тулд дараах асуудлуудад анхаарах шаардлагатай байна. Нэн тэргүүнд эмэгтэйчүүдэд зориулсан ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ асуудалд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа онцгой чухал. Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 онд баталсан “Компанийн засаглалын кодекс”-оос нээлттэй хувьцаат компаниуд бодлогын баримт бичигтээ гишүүдийн хүйсийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр заавал тусгаж, мөрдөж ажиллахаар болж байгаа. Энэ мэтээр төр, хувийн хэвшлийн аль алинд нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого шаардлагатай байгаа юм. Энэ чиглэлээр эмэгтэй бизнес эрхлэгчид, энтрепренерүүдийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх санаачилгыг Улсын Их Хурлын гишүүд гаргаж, ажиллаж байгааг дуулгахад таатай байна.


Хоёрдугаарт, жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт, төлөвлөлт хийдэг шинэ жишиг бий болгох хэрэгтэй. Улсын Их Хурлаас 2022 онд баталсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөөнд энэ зорилтыг тусгасан. Санхүүгийн зохицуулах хорооноос жендерийн мэдрэмжтэй төсөв бүрдүүлэх саналаа Сангийн яаманд хүргүүлсэн байна. Үүнийг 2024 оны төсвөөс эхлэн мөрдөж ажиллах ёстой. Судалгаа, шинжилгээнд суурилсан санхүүгийн ийм тогтвортой бодлогыг хэрэгжүүлж, санхүүгийн тодорхой дэд бүтэц бий болгох нь чухал юм. Өнөөдөр энэхүү чуулга уулзалтад жендерийн мэдрэмжтэй төсвийн чиглэлээр манлайлан ажиллаж байгаа Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг оролцож байна. 

Банк, санхүүгийн салбарын байгууллагууд хүйсээр ангилсан өгөгдөл болон жендерийн статистик мэдээлэл цуглуулж, үүнийгээ боловсруулж, ашигладаг байх шаардлагатай байна. Ингэснээрээ эмэгтэй бизнес эрхлэгчдэд ээлтэй бодлого дэвшүүлж ажиллах, зээлийн бодлогоо үүнд чиглүүлэх нь нэн чухал байна.

Монголбанкнаас гаргасан мэдээгээр бичил, жижиг, дунд бүх аж ахуйн нэгжийн зээлийн үлдэгдэлд эрэгтэй эзэмшигчтэй аж ахуйн нэгжийнх 60-аас дээш хувийг эзэлж байна. Энэ дүн нь эмэгтэйчүүд зээлийг зохистой ашигладаг, эргэн төлөлтөд илүү хариуцлагатай ханддаг болох нь харагдаж байна. Энд “Жендер бонд”, “Жендерийн мэдрэмж бүхий хүртээмжтэй, ногоон санхүүжилт” зэрэг арга хэмжээг дурдаж болно. Судалгаануудын дүнгээс харахад бичил, жижиг, дунд бизнесийн гол манлайлагчид нь эмэгтэйчүүд байгаа юм. Тэр дундаа оёдол, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал зэрэг “солонгоруулах”, төрөлжүүлэх гээд байгаа эдийн засгийн салбарыг эмэгтэйчүүд авч явдаг, илүү хариуцлагатай байна гэж харагдаж байна.

Дээрх гурван зорилтыг хэрэгжүүлэхэд манай банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүд Та бүхний оролцоо, манлайлал маш чухал гэдгийг эцэст нь тэмдэглэж хэлье.

Улсын Их Хурал Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Энэ хуулийн төслийг 2023 оны намрын чуулганаар хэлэлцээд, батлахаар төлөвлөж байна. Хуулийн төсөл батлагдсанаар монгол эмэгтэйчүүдийнхээ эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах, шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад томоохон алхам болно гэдэгт итгэлтэй байна.


Ийнхүү Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Санхүү банкны эмэгтэйчүүд” II чуулганд оролцогчдод ажлын амжилт хүссэн.

Чуулганы үйл ажиллагаа “Бидний ажил, амьдралын тэнцвэрийг хангах сайн туршлага, санаачилгууд” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Тус хэлэлцүүлгийг МУИС-ийн дэд профессор Г.Уянга чиглүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, “Төрийн банк”-ны тэргүүн дэд захирал Д.Сугар, “Монгол даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төр-Од, “Голомт банк”-ны Байгууллагын хөгжлийн газрын захирал А.Ганчимэг, “Хас банк”-ны Үйл ажиллагааны газрын захирал Л.Зул, “Тэнгэр” үнэт цаасны компанийн ТУЗ-ийн дарга О.Лхагвасүрэн нар панелистаар оролцсон юм.

Дараа нь Монголын банкны холбооны зөвлөх З.Шагдарсүрэн “Харилцагчийн эрхийг хамгаалах банкны үйлчилгээний кодекс” сэдэвт илтгэл, Олон Улсын хэрэглэгчийн туршлагын институтийн гүйцэтгэх захирал Лавилау Батала “Олон улсын дижитал СХ стандарт IDCXS2022” сэдэвт илтгэлийг тус тус танилцуулж, “Харилцагчийн эрхийг хүндэтгэн хамгаалахад кодекс, нэгдсэн стандарт нэвтрүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.


Энэ удаагийн чуулганд НҮБ-ын хүний эрх, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн асуудлыг хариуцсан суурин төлөөлөгч Матилда Димовска оролцсон юм. Мөн Монголын банкны холбоо, ББСБ-ын холбоо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбоо зэрэг санхүүгийн салбарын иргэний нийгмийн төлөөллүүдээс гадна МҮХАҮТанхим, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны банк санхүүгийн сонирхлын бүлэг, Даян дэлхийн Монгол эмэгтэйчүүд хамтдаа ТББ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны УЗ-ийн төлөөллүүд оролцож байна.

Түүнчлэн өнөөдрийн чуулганд банкны салбарын 15629, үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗХ зэрэг банкны бус санхүүгийн байгууллагуудын 6956, эдийн засаг санхүүгийн төрийн байгууллагуудын 70-90 гаруй хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүд, удирдагч манлайлагчдын төлөөллөөс гадна тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, нийгмийн хариуцлага, жендерийн асуудал хариуцдаг ажилтнууд, хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын төлөөлөл, хот, хөдөө орон нутагт ажилладаг манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож байна.

Чуулганаас гаргасан тунхагтаа НҮБ-ын “Хүний эрх ба хариуцлагатай бизнес”-ийн зарчмуудыг банк, санхүүгийн салбарт 2030 он гэхэд бүрэн хэрэгжүүлсэн байх; Санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж буй байгууллагуудын сайн туршлагаас өөрсдийн нөхцөл, боломжид нийцүүлэн даруй хэрэгжүүлж, хүний нөөцийн бодлогодоо албан ёсоор тусгах; Харилцагчийн эрхийг хамгаалах зорилго бүхий “Банкны үйлчилгээний кодекс”, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий “Компанийн засаглалын кодекс”-ыг санхүүгийн салбарын бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлэх уриалгыг санхүүгийн салбарын байгууллагуудад уриалжээ. Харин санхүүгийн салбарын зээлийн эрсдэлийг бууруулах, чанаргүй зээлийг шүүхийн журмаар шийдвэрлэхэд учирч буй томоохон бэрхшээлүүдийн нэг болох хаягжилтын асуудалд төрийн зүгээс анхаарал хандуулж, айл өрх бүрийг 2025 он гэхэд шуудангийн хаяг, хайрцагтай болгох; Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийг жендерийн мэдрэмжтэй санхүүгийн бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, туршилт, нэвтрүүлэлтийн чиглэлээр өргөжүүлэхийг Улсын Их Хурал болон Засгийн газарт хандан уриалжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл