Цэс

Холбоо барих

“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын хүрээнд “Маргаашийн тухай зүүд” зохиолч-уншигчдын уулзалт боллоо


Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын зохиолчдын эвлэл, Үндэсний номын сан хамтран “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын хүрээнд өнөөдөр (2023.09.15) зохиолч-уншигчдын уулзалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн номын баярт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар ХБНГУ-ын нэрт яруу найрагч Албрехт Күүн оролцож байгаа бөгөөд “Маргаашийн тухай зүүд” зохиолч-уншигчдын уулзалтад оролцов.


Арга хэмжээг Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, зохиолч, сэтгүүлч О.Энхжавхлан нээж үг хэлсэн юм. Тэрбээр Улсын Их Хурлаас 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг 5 болон 9 дүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гарагт Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр хуульчилсан болохыг дурдаад “Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 34 дэх удаагийн номын баярт ХБНГУ-ын яруу найрагч Албрехт Күүнийг урьж оролцуулснаар Та бид одоо түүний амьдрал, уран бүтээлийн талаар ярилцахаар энэ танхимд цуглаад байна.  Мөн түүнтэй холбогдож, энэхүү зохиолч-уншигчдын уулзалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн нэрт соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн Ч.Галсанд талархал илэрхийье” гэв.


Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, ХБНГУ-ын “Гавъяаны загалмай” одонт, ОХУ-ын Тува Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн Ч.Галсан нь монгол зохиолчдоос хамгийн анх герман хэлээр зохиол бичиж, герман хэлт уншигчдын хүндэтгэлийг хүлээсэн эрхэм. Тэрбээр герман хэлээр 42, монгол хэлээр 9 ном туурвин, уншигчдын хүртээл болгосон байна. “Маргаашийн тухай зүүд” зохиолч-уншигчдын уулзалтын эхэнд зохиолч Ч.Галсан зохиол бүтээлийнхээ талаар, намтар, дурдатгалаа хуваалцаж, “Аянгат цагийн тууж” бүтээлийнхээ хэсгээс уншиж толилууллаа.


Үргэлжлүүлэн ХБНГУ-ын яруу найрагч Албрехт Күүн уншигчдад яруу найраг, бүтээлүүдийнхээ талаар танилцуулав. Тэрбээр ХБНГУ-ын Штутгарт хотод төрсөн, автомеханикч мэргэжилтэй. 1991 оноос шүлэг, уянгын тэмдэглэл бичиж эхлсэн бөгөөд яруу найргийн “Sumsaram” номоо хэвлүүлжээ. Түүнчлэн бусад яруу найрагчтай хамтран 10 гаруй ном хэвлүүлж, 2011 онд Эсслингерийн яруу найргийн наададм дэд байр эзэлж байсан аж. Яруу найрагч Албрехт Күүн төрөлх хот Штутгартдаа “Залуу зохиолчдын хороо”-г үүсгэн байгуулж, олон жил тэргүүнээр нь ажилласан байна. Тэрбээр Монгол Улсын Үндэсний номын баярт уригдан оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол дахь герман хэлтнүүд, яруу найраг сонирхогчдыг энэ танхимд харж буйдаа туйлын их сэтгэл хөдөлж байгаагаа илэрхийлсэн. Яруу найрагчийн хувиар Албрехт Күүн дэлхий дахины төгсөшгүй энх амгалангийн төлөө амьдралынхаа мөч бүрийг зориулдаг гэдгээ уншигчдадаа онцолж хэлээд өөрийн бүтээлээсээ уншиж сонирхуулав.


Үндэсний номын санд болсон “Маргаашийн тухай зүүд” зохиолч-уншигчдын уулзалтад Монголын зохиолч, яруу найрагчид, МУБИС, СУИС-ийн оюутан залуус, нийслэлийн 23, 38 дугаар сургуулийн сурагчид, яруу найраг сонирхогчид оролцож, хүндэт зочдын тууривсан уран бүтээлийн тухай, хүүхэд залууст зориулсан амьдралын сургамж, зөвлөгөөг сонсож, зохиолч, яруу найрагч болох хүсэл эрэмлзлэлийнхээ талаар халуун дотно яриа өрнүүллээ. Уулзалтын үеэр Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй Герман зохиолчдын уран бүтээлийн дээжээр номын үзэсгэлэн дэлгэж, нийслэлийн 23 дугаар сургуулийн сурагчид ая дууны мэндчилгээ толилуулж, хүндэт зочин Албрехт Күүний “Маргаашийн тухай зүүд” шүлгийг герман, монгол хэлээр уншиж сонирхуулсан юм.


“Илүү их уншъя” уриатайгаар Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг уламжлалт номын баяр энэ сарын 15-17-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Энэ хүрээнд ХБНГУ, ОХУ, БНХАУ, Буриад, Халимагийн зохиолчид шинэ номын нээлтээ хийж, уншигчидтай уулзан, тусгай лекцүүд унших юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл