Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг танилцуулах арга хэмжээг өнөөдөр (2023.09.13) Баянхонгор аймгийн Хууль тогтоомж сурталчлах төвд зохион байгуулж байна.
Парламентын нээлттэй байдлыг хангаж, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэхээр 2023 оны тавдугаар сард Баянхонгор аймагт хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулсан юм.
Тус арга хэмжээний чиглүүлэгчээр Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар ажиллаж, Тамгын газрын мэргэжилтнүүд хууль, тогтоомжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Нийгмийн бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Цогзолбаяр тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа, хамрах хүрээг өргөжин нийгмийн даатгалын сангийн санхүү, эдийн засгийн чадавх сайжирч, тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль, тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх, ирээдүйд бий болох хүн ам зүйн өсөлтийн ачаалал, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдэлийг бууруулах, хууль хоорондын зөрчил арилж, уялдаа холбоо хангагдаж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Мөн тэрбээр даатгуулагчийн авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах, даатгуулагчийн амьдралын баталгаа сайжирч, ажил олгогчийн санхүү, төлбөрийн чадавхад эерэг нөлөө үзүүлж, даатгалын хамрах хүрээ өргөжих, улмаар ажилгүй болсон даатгуулагчийг хөдөлмөрийн зах зээлд буцан орох боломжийг нэмэгдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, үйлдвэрлэлийн осолд өртсөн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчид эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх шалгуур үзүүлэлт тодорхой болж, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, хяналт тавих, ослоос урьдчилан сэргийлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Баянхонгор аймгийн иргэд, төрийн албан хаагчдын сонирхсон асуултад хариулт, мэдээлэл өглөө.
Үргэлжлүүлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Ж.Нарантуяа Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан Боловсролын ерөнхий /Шинэчилсэн найруулга/ хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн талаар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Б.Баярмаа Дээд боловсролын тухай тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн талаар танилцууллаа. Хууль, тогтоомжийг танилцуулах арга хэмжээнд оролцож буй Баянхонгор аймгийн иргэд, холбогдох албан тушаалтан, төрийн албан хаагчид Боловсролын багц хуультай холбогдуулан илтгэгч Ж.Нарантуяа, Б.Баярмаа болон Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүдээс сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг Баянхонгор аймгийн иргэд, төрийн албан хаагчдад танилцуулах арга хэмжээ үргэлжилж байна. Тус арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Г.Алтанцэцэг 2023 оны хаврын чуулганаар батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай”, зөвлөх Б.Төгсцэнгэл Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн талаар, зөвлөх Ц.Баянмөнх Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн талаар танилцуулж, иргэд, төрийн албан хаагчид, холбогдох агентлагийн албан тушаалтнуудын асуултад хариулж, мэдээлэл өгнө.
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг танилцуулах арга хэмжээг энэ сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хууль тогтоомж сурталчлах төвтэй, есдүгээр сарын 18-ны Даваа гарагт Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль тогтоомж сурталчлах төвтэй хамтран тус тус зохион байгуулах юм.
Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд тусгасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, албан бус боловсролын болон зайны сургалтын арга, хэлбэрээр иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах” арга хэмжээний хүрээнд Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад Хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулаад байгаа бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас цаашид бусад аймагт үе шаттайгаар байгуулахаар ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.