Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх
Улс төрийн намуудын авсан мандатын дагуу УБХ-ын гишүүдийг намуудаас нэр дэвшүүлж сонгох сонгууль 1990 оны есдүгээр сарын есөнд болсон юм. Бага хуралд МАХН 31, МАН 13, МҮДН 3, МСДН 3 мандаттай болж, тэднээс нэр дэвшүүлж сонгосон билээ. Бага хурлын гишүүдэд нэр дэвшүүлж сонгох сонгууль харьцангуй өрсөлдөөн тэмцэл багатай болсон юм. Гэхдээ зарим гишүүдийн тухай АИХ-ын депутатууд янз бүрээр ярьж байсныг би мэдэх юм.
БНМАУ-ын АИХ-ын 1990 оны есөн сарын есний өдрийн 16 тоот тогтоолоор МАХН-д хуваарилагдсан суудалд Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны орлогч дарга байсан С.Баяр, Ардын армийн ... дугаар хорооны захирагч Ч.Цэрэндагва, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Чулуунбаатар, Төв аймгийн Борнуур сум, сангийн аж ахуйн дарга Я.Яндаг, Дорнод аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны нэгдүгээр орлогч дарга Д.Жанцан, УЕПГ-ын Ерөнхий хяналтын газрын дарга Л.Цог, НТХ-ны хэлтсийн зөвлөх Н.Жанцан, Өмнөговь аймгийн НХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Пүрэв, АИХ-ын Тэргүүлэгчдийн газрын хэлтсийн дарга Д.Дэмбэрэлцэрэн, Баян-Өлгий аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны нэгдүгээр орлогч дарга А.Болат, НТХ-ны нарийн бичгийн дарга Ц.Өөлд, Өвөрхангай аймгийн Бүрд сумын «Улаан туг» нэгдлийн ерөнхий хорооны дарга Ч.Аюурзана, Нийгэм, эдийн засгийн хөгжлийн улсын хорооны орлогч дарга П.Цог-Очир, Сайд нарын Зөвлөлийн референт Ж.Уртнасан, Дархан хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны хэлтсийн дарга Д.Валдан-Очир, Нийгэм, эдийн засгийн хөгжлийн улсын хорооны газрын дарга Т.Очирхүү, Эрүүлийг хамгаалах яамны газрын дарга Г.Зуунай, Увс аймгийн Зүүнхангай сумын «Давшилт» нэгдлийн дарга Х.Сүхбаатар, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны газрын дарга Ц.Товуусүрэн, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн зөвлөх П.Бямбацэрэн, Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны хэлтсийн дарга С.Батчулуун, Архангай аймгийн Хотонт сумын «Цацрал» нэгдлийн малчин Г.Лхагважав, МӨХ-ны ТЗ-ийн дарга Ж.Бямбажав, Монгол телевизийн улс төрийн тоймч Э.Алтангэрэл, Дундговь аймгийн МАХН-ын хорооны нарийн бичгийн дарга Н.Сампилноров, Политехникийн дээд сургуулийн салбарын эрхлэгч Х.Пүрэвдагва, СнЗ-ийн референт Г.Лхагважав, Баянхонгор аймгийн Барилга трестийн даамал Б.Искра, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Гүйцэтгэх хорооны дэд тэргүүлэгч С.Баярцогт, Монголын Зохиолчдын Эвлэлийн дарга Д.Маам нар, МАН-аас «Ардчилал» сонины эрхлэгч Ц.Элбэгдорж, Гадаад явдлын яамны ажилтан О.Очиржав, Сэргийлэхийн дээд сургуулийн багш Д.Дамдин, МАН-ын УТЗ-ийн гишүүн Д.Энхбаатар, Б.Галсандорж, Д.Дорлигжав нар, Худалдаа, хамтын ажиллагааны яамны Зах зээлийн хүрээлэнгийн захирал М.Энхсайхан, Эрдэнэт хот дахь МоАХ-ны зохицуулагч До.Ганболд, Хөвсгөл аймаг дахь МоАХ-ны дэд зохицуулагч Д.Чилхаажав, Дорнод аймаг дахь МоАХ-ны зөвлөлийн зохицуулагч Д.Баярцэнгэл, Баян-Өлгий аймаг дахь МоАХ-ны зөвлөлийн зохицуулагч Н.Самат, Монголын оюутны холбоооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Болд нар, МҮДН-аас ГЯЯ-ны ажилтан Ш.Шагдарсүрэн, Политехникийн дээд сургуулийн багш Д.Багсүх, Да.Ганболд нар, МСДН-аас МУИС-ийн багш Д.Ламжав, МУИС-ийн Цөмийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан П.Улаанхүү, МУИС-ийн багш Р.Хатанбаатар нарыг сонгов. АИХ-аас Д.Дэмбэрэлцэрэн хоёр хоногийн дараа УДШ-ийн даргаар томилогдсон тул Үндсэн хуулийн нэмэлтийн хуульд заасан хавсарч болохгүй албан тушаалын дагуу УБХ-ын гишүүнээс чөлөөлж, НТХ-ны зааварлагч Н.Ганбаярыг нөхөн сонгосон билээ.
УБХ-ын гишүүн Да.Ганболд, Ж.Уртнасан, Д.Дорлигжав нар өөр ажилд томилогдож, С.Баяр, Ү.Лхагважав, Д.Маам, Л.Цог нар МАХН-ын саналаар болон хүсэлтээрээ чөлөөлөгдөж, Д.Дамдин огцорсон тул АИХ-ын 1991 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор МАХН-ын хуваарилагдсан суудалд Л.Баяндалай, Ж.Бямбадорж, Н.Ганбямба, МАН-д хуваарилагдсан суудалд Ц.Энхбат, Б.Пүрэвдорж, МҮДН-д хуваарилагдсан суудалд Д.Гүнджалам нарыг УБХ-ын гишүүнээр сонгосон юм. УБХ байгуупагдахад УБХ-ын гишүүдийн хоёроос бусад нь дээд боловсролтой, түүний дотор эрдмийн зэрэг цолтой 14, эдийн засагч 15, хуульч 11, багш, нийгэм судлаач, сэтгүүлч найман хүн байсан юм. Мөн дөрөвний гурав нь АИХ-ын депутатаар сонгогдож байсан хүмүүс байв. 35 нь халх, гурав нь казах, бусад нь дөрвөд, баяд, буриад, дарьганга, урианхай ястан байв. Намын гишүүн бус долоон хүн байв. Д.Балдан-Очир, Н.Самат, Ц.Элбэгдорж, Д.Баярцэнгэл, До.Ганболд, Д.Энхбаатар, Д.Баттулга зэрэг хорин хэдтэй залуучууд 10 байсны дотор хамгийн залуу нь С.Баярцогт 23 настай байлна.
АИХ-ын анхдугаар чуулган өндөрлөмөгц, залгаад 1990 оны есдүгээр сарын 13-нд УБХ-ын анхдугаар чуулганыг Р.Гончигдорж нээж, БНМАУ-ыг Ерөнхийлөгч П.Очирбат үг хэлж, чуулганаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэж өгсөн юм. Түүний өмнө хоёр өдөр хуралдаж, ямар тангараг өргөх талаар нэлээд маргалдав. Ингээд бага хурлын гишүүд ярьж байгаад Чингис хааныхаа тангаргыг баривал яасан юм гэдэг саналыг Д.Маам гуай гаргаж, Н.Ишжамц академичаасс утсаар асууж, нэлээд тодруулга авлаа. УБХ-ын гишүүд андгай буюу тангараг өргөж, түүний үгийг ярилцан,
«Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь алжааваас алжаатугай
Бүрэн улс минь бүү алдартугай
БНМАУ-ын Бага хурлын гишүүн би эх орон ард түмнийхээ эрх ашгийг дээдлэж, төрт ёсныхоо уламжлалыг эрхэмлэн ажиллахаа андгайлья» гэж хэлэхээр тохиролцож, андгай өргөсөн юм.
УБХ-ын дэгийн төсөлд урьдчилан санал авч, дахин засч найруулаад гишүүдэд тараав. УБХ-ын дэгэн дээр би зун нь ажилласан гэдгээ дурдсан билээ. Дэгийн төсөл дээр С.Төмөр багш голлон ажилласныг хэлэх хэрэгтэй. С.Төмөр багш тэр үед гишүүн байгаагүй, зөвлөхийн товчооны даргаар ажиллаж байлаа.
Дэг баталсны дараа Байнгын хороодыг байгуулах асуудал хэлэлцсэн юм. УБХ-д Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Эдийн засгийн, Нийгмийн бодлогын, Эмэгтэйчүүд, хүүхэд залуучуудын гэсэн таван Байнгын хороо байгуулж, эдгээр байнгын хороо нь дарга, нарийн бичгийн даргатай байхаар болсон юм Байнгын хорооны бүрэлдэхүүнийг УБХ-ын хоёрдугаар тогтоолоор баталлаа. Дараа нь Байнгын хорооны дарга, нарийн нарийн бичгийн дарга нарыг сонгож, гурав дахь тогтоол гаргав.
Төрийн байгуулалтын Байнгын хороо өсөн гишүүнтэй байгуулагдаж, даргаар нь С.Баяр нарийн бичгийн даргаар нь Д.Дорлигжав, Хууль зүйн Байнгын хороо 10 гишүүнтэй байгуулагдаж, даргаар нь Л.Цог, нарийн бичгийн даргаар нь миний бие сонгогдов. Эдийн засгийн Байнгын хороо 11 гишүүнтэй байгуулагдаж, даргаар нь М.Энхсайхан, нарийн бичгийн даргаар нь Да.Ганболд, Нийгмийн бодлогын Байнгын хороо 12 гишүүнтэй байгуулагдаж, даргаар нь Т.Очирхүү, нарийн бичгийн даргаар нь Ц.Элбэгдорж, Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын Байнгын хороо найман гишүүнтэй байгуулагдаж, даргаар нь Р.Хатанбаатар, нарийн бичгийн даргаар нь Ж.Бямбажав нар сонгогдов. ХЗБХ-ны даргад Н.Жанцан, Л.Цог нар, ЭЗ-ийн БХ-ны нарийн бичгийн даргад Ц.Өөлд эхлээд нэр дэвшин, улмаар Д.Ганболдтой тус тус өрсөлдсөн юм. УБХ-ын анхдугаар чуулганы эхний хуралдаан 1990 оны есөн сарын 13-ны 21:00 цагт өндөрлөхдөө тус чуулганы хуралдааныг есөн сарын 24-ийг хүртэл түр завсарлуулж, энэ хугацаанд Байнгын хороод, Засгийн газрыг байгуулах, УДШ-ийн бүрэлдэхүүн, Улсын Прокурорын орлогчийг томилох болон бусад асуудал хэлэлцэхээр тогтсон билээ.
УБХ-ын гишүүдэд энэ өдөр үнэмлэх олгов. УБХ- ын гишүүний 01 дугаар бүхий үнэмлэхийг надад олгосон юм. АИХ дахь намын бүлгүүд 370 гаруй депутаттай хуралдахад УБХ-ын гишүүнд нэр дэвшиж, хамгийн өндөр санал авсан учир надад нэг гэсэн дугаартай үнэмлэхийг гардуулсан билээ. УБХ бол байнгын ажиллагаатай анхны парламент, Үндсэн хуулийг голлож боловсруулсан, Монгол Улсыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх ажлыг эхэлж, эрх орчныг бүрдүүлсэн билээ.
Үндсэн Хууль батлахаас өмнө Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаж, түүндээ хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн, банкны хоёр шаттай тогтолцоог бий болгосон, хэдий зарим алдаатай ч өмч хувьчлалын хууль батлаж, өмч хувьчлалыг эхлүүлсэн юм. Тийм учраас хамгийн их дуулиан ихтэй, дурсаж санах зүйлтэй он жилүүд бол 1990-1992 оны Улсын Бага Хурал байлаа.
Тухайн нийгмийн өмнөх тогтолцоог цочир аргаар нураасан боловч шинэ тогтолцоо бүрэлдээгүй энэ үед энд тэндгүй суулт болж, эдийн засгийн салбарууд уналтанд орж, хямрал ажилгүйдэл, ядуурал бий болсон маш хүнд үед энэ бага хурал ажиллаж байсан юм.
Төрийн эрх мэдэл Ерөнхийлөгч, УБХ, АИХ-д хуваарилагдсан нь яах аргагүй шинэ зүйл боловч Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, аж ахуйн салбарын бүхий л асуудал УБХ-аар шийдвэрлэгдэж байсан билээ.
УБХ-ын нэг том ажил нь шинэ Үндсэн хууль боловсруулж, АИХ-д оруулах асуудал байв. Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх асуудал өргөн хүрээг хамарч, үнэхээр маргаантай болж байлаа. Үндсэн хуулийн төслийн томоохон асуудлаар эх орны эрдэмтдийн санаа дүгнэлтийг сонсох төсөлд тусгах явдал олонтаа гарч байв. Түүнчлэн гадаадын зөвлөхийн үгийг ч сонсож, санаа оноог авдаг байв. Гадны туршлагыг чамгүй авч, Монгол хөрсөнд нутагшуулсан явдал ч бий. Энэ бүхний дүнд 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын АИХ Монгол Улсын эдийн засаг, улс төр, эрх зүйн тогтолцооны үндсийг тодорхойлсон шинэ Үндсэн хуулийг батласан бөгөөд ийнхүү батлахад УБХ-ын гишүүд шийдвэрлэх үүрэгтэй оролцсон юм.
Шинэ тогтолцооны гол хууль тогтоомжийг батлан гаргахын тулд УБХ-ын гишүүд уртасгасан цагаар шаргуу ажиллаж байлаа. Гэхдээ бид бүхэн энэ хүнд үед хурал хаяж байсангүй, харин завсарлага авч, зөвлөлдөж, гацаа түгжээнээс гардаг байсан юм.
УБХ-аар Засгийн газрыг байгуулах асуудал нэлээд цаг авсныг дурсах хэрэгтэй. Тэргүүн шадар сайдад Ч.Пүрэвдорж, Да.Ганболд нар өрсөлдөн Да.Ганболд сонгогдов. Ч.Пүрэвдорж, Д.Дорлигжав нарыг шадар сайдаар томилж, Да.Ганболд, Д.Дорлигжав нарыг УБХ-ын гишүүнээс чөлөөлөв. Д.Дорлигжав нэр дэвшиж байхдаа надтай уулзаж, «Ер нь яасан нь дээр вэ» гэж асуув. Би «Ю.Цэдэнбал дарга өмнө нь ямар нэг удирдах ажлын туршлага байгаагүй шууд сайд болж байсан, 24 настайдаа л Намын ерөнхий нарийн бичгийн дарга болж байсан биз дээ» гэвэл «Тэгээд энэ чинь намайг дэмжинэ гэсэн үг үү» гэж асууж байв.
Тухайн үед УБХ-ын орлогч дарга, нарийн бичгийн дарга нар МАХН-аас сонгогдсон, мөн УБХ- ын гишүүдийн 31 нь МАХН-аас сонгогдсон тул 33 гишүүнтэй МАХН-ын бүлгээс их зүйл шалтгаалах байв. Гэвч тухайн ээдрээтэй нөхцөлд тэргүүн болон шадар сайдыг АН, МҮДН-д өгснөөрөө нэг ёсондоо холимог Засгийн газар байгуулсан гэж хэлж болох юм. Олон төвөгтэй асуудлыг шийдвэрлэх учраас энэ үед улс төрийн намууд хамтран ажиллахаас өөр арга байгаагүй билээ.
Энэ үед Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн НҮБ-ын хуралд, Сангийн сайдаар дэвшсэн А.Базархүү Дэлхийн банкны хуралд оролцоод эзгүй байв. Энэ хоёр хүнийг бид дэвшүүлж сонгов. Тухайн үедээ Ардчилсан намынхан Ц.Гомбосүрэн сайдыг ирээдүйн гол өрсөлдөгч хэмээн үзэж холдуулахыг оролдож байв. Энэ үед миний арван жилийн ангийн найз О.Лхагвадорж С.Баяр даргын нэр дээр «Ц.Гомбосүрэн бол улс төрийн томоохон зүтгэлтэн, шинэчлэл өөрчлөлтийн үед гадаадад Монгол улсын нүүр царай болж байсан хүн билээ. Энэ хүнийг сонгох ёстой» гэсэн захиаг ирүүлж байсныг санаж байна. Тухайн үед Ц.Гомбосүрэн гуайн талаар матаас ч, дэмжлэг ч аль аль нь ирж байсан юм.
Хууль зүйн сайдаар Б.Цэрэндорж гуайн нэрийг, Хөдөлмөрийн сайдад Бадамханд гэдэг эмэгтэйн нэрийг дэвшүүлсэн боловч олонхийн саналыг авч чадсангүй. Хууль зүйн сайдаар Ж.Амарсанаа, Хөдөлмөрийн сайдаар Ц.Цолмон нар томилогдсон юм.
УБХ-ын анхны баталсан хууль нь Тэтгэврийн хууль байлаа. Тэтгэврийн хуулийн талаар энд тэндгүй суулт, хүмүүсийн өргөн барих бичгүүд олонтаа ирж байсан юм. Нийгмийн бодлогын Байнгын хороо үүн дээр голлон ажиллаж байлаа. Тухайлбал, Т.Очирхүү гишүүн хэдэн мянган хүний санал, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байсан юм.
Бидний хийсэн нэг алдаатай зүйл бол дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийг эрт тэтгэвэрт гаргасан явдал гэж би одоо хүртэл боддог. Дараа нь нөгөө хүмүүстээ нөхөн олговор өгч, ээжээсээ эрт охин нь тэтгэвэрт гарах явдал ч гарч байлаа. Гэхдээ олон хүнийг ажлын байртай болгох үүднээс бид тэтгэврийн хуулийг зөөллөж өгч байсан нь бас алсын утгаараа буруу зүйл биш байжээ гэж харагддаг юм.
УБХ-аар Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлт нэлээн яригдаж байж батлагдсан. Шинэ үндсэн хууль батлагдаж гараагүй, хуучин хуулинд улс хоршооллын гэсэн хоёр хэлбэртэй социалист өмч байхаар хуульчлагдсан байсан бол үүнийг сөрж, энэ завсрын үед өмчийн олон хэлбэр тэр дотроо хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн билээ. Өмчийн харилцааны хуулийг батлан гаргахад УДШ-ийн орлогч дарга, иргэний эрх зүйч Н.Чинбат болоод бусад хуульчид идэвхтэй оролцсон билээ. Энэ мэтээр УБХ-ын шийдэж буй асуудал бүхэн шинэ байсан юм. Нэг ёсондоо цагаан цаасан дээр цоо шинээр атар хагалсан билээ.
УБХ-д сөрөг хүчний талаас Р.Гончигдорж, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж хэмээх гол гурван хүн байлаа. Р.Гончигдорж гүйлгээ ухаан сайтай, асуудалд уян хатан ханддаг, хүлээцтэй, математикч хүн болохоор стратегид тооцоотой хандахыг хичээдэг. УБХ-ын даргад АИХ дээр Ш.Гунгаадорж, Р.Гончигдорж, С.Зориг, Д.Ганболд нар өрсөлдөхөд «Эталон байхаар нас гүйцсэн ирэг, сэрх малчны хотонд байхгүй болсон» гэж хэлснээр танхимын уур амьсгалыг эргүүлж чадсан гэж боддог юм. Нөгөө талаар Архангайд төрж өссөн нь бас нөлөөлсөн байх. Үндэсний ухамсрын сэргэлтийн эхэн үед «Төв халх» гэсэн үг олон удаа дуулддаг байв.
М.Энхсайхан. Зах зээлийн харилцаанд шилжих үеийн банк, өмч, аж ахуйн харилцаа, газар өмчлөл зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлдэг, өөрийн байр суурин дээрээ хатуу зогсдог, хүчтэй улс төрчийн нэг байв.
Ц.Элбэгдорж Мэдээж уран илтгэгч хүн. Улс төрийн торгон мэдрэмжтэй. Давших, ухрах тактиктай гэвч үе үе хийтэй алхам хийдэг.
Р.Гончигдорж М.Энхсайхан хоёроос насаар хамаагүй залуу боловч улс төрийн янз бүрийн мэггэлцээн, сөргөлдөөнд нөгөө хоёроосоо илүү хол санаатай болох нь надад удаа дараа ажиглагдаж байв.
УБХ дээр улс төрийн багагүй тэмцэл явагддаг бараг асуудал бүр маргаан дагуулдаг байв. МоАн, МҮДН, МСДН-ууд давшилж өгнө. Би сүүл хирд нь үг хэлж, аминдаа няцаалт, цохилт маягийн хариу хэлэхээр нэрээ өгтөл заавал дундуур нь юм уу эхэнд нь зарладаг байв. Учир нь тэр үед гараа өргөж нэрсээ бичүүлдэг байсан юм.
Энд нэг зүйлийг цохон тэмдэглэхэд тухайн үед Улсын Бага Хурал дотор аж, ахуй бизнесийн ашиг сонирхол гэж байгаагүйг хэлэх хэрэгтэй. Бидэнд хувийн ашиг сонирхол байгаагүй. Ачааны хүндийг бүх л гишүүд үүрэлцсэн, ялангуяа МАХН-ын бүлгийг ахалж байсан Ц.Өөлд халзайчихаад маргаан мэтгэлцээн бүхний дунд гол бай нь болж байдаг байв. С.Чулуунбаатар, Г.Зуунай зэрэг туршлагатай хүмүүс асуудлыг ийш тийш эргүүлэхэд их рольтой байлаа. Хоёулаа Засагтханы хурц гэвэл хурц, хорон гэвэл хорон гэмээр үнэн, чанга, гашуун үгтэй хүмүүс.
1991 онд болсон МАХН-ын 70 жилийн ойгоор УБХ- ын гишүүн Архангай аймгийн Хашаат сумын малчин Г.Лхагважав гуай БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан юм. Бага хурлын цөөнгүй гишүүд амьдардаг байсан Сансарын 3А байранд баатрын найраа хийлээ. Багтаамжаас болоод Бага хурлын гишүудээ ээлж ээлжээр урив. Найрны эхний ээлжин дээр нь би, удаах дээр нь Б.Чимид багш, Р.Гончигдорж гэх мэтчилэнгээр бид дуулцгааж байж билээ.
Нэг орой Бага хурлын гишүүдийг яаралтай цуглууллаа. Хаалттай мэдээлэл хийнэ гэж мэдэгдэв Ерөнхий сайд Д.Бямбасүрэн «20 дугаар тогтоол» гаргахаар болсон тухайгаа хэллээ. Д.Бямбасүрэн гуай «Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтанд шилжүүлэх зарим арга хэмжээ»-ний тухай Засгийн газрын тогтоолыг 1991 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс мөрдөхөөр болсон тухай танилцуулав.
«20 дугаар» гэж алдаршсан уг тогтоолын дагуу мөнгөний масштабыг өөрчилж, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж болон хүн амд улсаас үзүүлдэг бусад төрлийн мөнгөн орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, бүх төрлийн барааны жижиглэн худалдаалах үнэ, үйлчилгээний тарифыг хоёр дахин өсгөж, ингэхдээ зах зээлийн харилцаанд шилжих эхэн үед нийтдээ 70 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний бөөний ба жижиглэнгийн үнийг болон 50 орчим нэр төрлийн үнэ тарифын өөрчлөлтийн дээд хязгаарыг тогтоож өгөхөөр болсон юм. Мөн банкинд байгаа 10000 төгрөг хүртлэх хадгаламжтай иргэдийн хадгаламжийг хоёр дахин нэмнэ гэж Д.Бямбасүрэн гуай хэлсэн юм.
Хоёр хоногийн дараагаас 20 дугаар тогтоол хэрэгжиж эхэллээ. Юмны үнэ, цалин тэтгэврийг адилхан хоёр дахин нэмсэн учраас анхандаа иргэд нэг их хохироогүй мэт боловч инфляци хөөрөгдөх нөхцлийг бүрдүүлсэн билээ. Уг тогтоол гарснаас хойш ганцхан жилийн дараа буюу 1992 онд манай эрдэмтдийн тооцоолсноор инфляци 325.5 хувь хүрч, иргэдийн хадгаламж салхинд хийсэх лугаа адил болж, бодит орлого олон дахин буурсан юм
Тэгээд ч 20 дугаар тогтоол хэрэгжих явцад бөөн шуугиан дэгдэв. Нэг өдөр С.Баяр дарга бидэн дээр ирж, мэдээлэл хийлээ. Учир нь дээрх тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнө банкинд 10000-аас дээш төгрөгийн хадгаламжтэй хүмүүс хадгаламжаа татсан, эсхүл мөнгөө хувааж хийсэн байна, нууцыг задруулж өөрсдөө ашигласан байна гэсэн яриа гарч, 13 гишүүн энэ асуудалд холбогдсон байна. Энэ гишүүд аль аль намын л төлөөлөл байсан, мөн бүгд л өөр, өөрийн тайлбартай байсан юм. Тухайлбал, Баян-Өлгий аймгаас сонгогдсон нэг гишүүн ирэхээсээ өмнө бүх хүүхдийнхээ нэр дээр байсан хадгаламжийг нийлүүлчихээд ирсэн. Яасан нь дээр вэ гэж байв. Би битгий анхаар, байгаа зүйл байгаагаараа л байна, юу л муу зүйл болоо аж гэж хэлж байв. Тэгтэл нөгөө гишүүний нэр нь дээрх жагсаалтад орчихсон байсан юм. Үнэн хэрэг дээрээ сумын дарга нь газар хол учраас наашаа явахад нь цэргийн хүүхдийн гээд хэсэг мөнгө өгч явуулсныг авчраад хийчихсэн, түүнээс биш өөрийнхөө хадгаламжийг багасгаагүй байв.
Энэ мэтээр зарим гишүүд энэ асуудалд холбогдож, 1992 онд сонгуульд дэвшихэд нь саад болж байсан тал бий. 20 дугаар тогтоолыг ард түмэн сайнаар хүлээж аваагүй боловч эдийн засгийг хяналтгүй хямралд оруулахаас хамгаалж, тухайн үед гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэсэн арга хэмжээ байсан гэж Д.Бямбасүрэн гуай тайлбарладаг юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 181, 182 (7166, 7167)