Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар 2023 оны 09 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад оролцож байна.
БНСУ-ын “Бан Ги Мүн” сан болон Стэнфордын их сургуулиас хамтран зохион байгуулдаг энэ удаагийн олон улсын чуулга уулзалт “Эрчим хүчний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пёо, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Парк Жин, 1997 оны Физикийн Нобелийн шагналтан Стивэн Чү, Токио Их сургуулийн Ерөнхийлөгч Тэрүо Фүжии, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуулийн Ерөнхийлөгч Еүн Мии Ким нарын хүмүүс хүндэт зочноор оролцож байгаа бол Улсын Их Хурлын гишүүн асан, Уур амьсгалын ногоон сан (GCF)-гийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюун, Улсын Их Хурлын гишүүн асан, Митчел сан ТББ-ын тэргүүн А.Ундраа нар панелистаар оролцож байна.
Өнгөрсөн жил БНСУ-д зохион байгуулагдсан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүд боловсруулах, залуу үеийнхний оролцоо гэсэн агуулгын хүрээнд зохион байгуулагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцсон.
Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн зорилгын 5 дугаар зорилгод тусгагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ: Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтыг 2023 оны 06 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.
“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтын Нэгдүгээр хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцож, үг хэлнэ. Өнөөдөр өрнөх Хэлэлцүүлгүүд Эрчим хүчний аюулгүй байдлын олон улсын зураглал, Геополитик, эрчим хүчний тогтвортой байдал, Цэвэр эрчим хүчний шийдлүүдээр дамжуулан Aзи, Номхон далай дахь эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих, Цэвэр эрчим хүч, хамтын ажиллагаа гэсэн сэдвүүдийн дор болно.
Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ гэж юу вэ?
Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ нь НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжил - 2030” хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд Стэнфордын их сургууль болон Ази, Номхон далайн бүс нутгийн эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогчид болон нийгмийн шинжлэх ухааны төлөөллийг багтаасан чуулган юм. Энэхүү яриа хэлэлцээ нь Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг түргэвчлэх зорилгоор шинэ судалгаа, бодлого тодорхойлогчдын хамтын ажиллагааг ахисан түвшинд авчрах зорилготой аж.
Тогтвортой хөгжлийн зорилго гэж юу вэ?
“Тогтвортой хөгжил - 2030” хөтөлбөрийг анх 2012 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио Де Жанейро хотод дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан аж.
Тогтвортой хөгжлийн зорилго нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилгын - 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.
Тогтвортой хөгжлийн зорилго нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм.
2017 оны гуравдугаар сард НҮБ-ын Статистикийн комиссын 48-р чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг дүгнэх 244 шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байдаг.
Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон иргэд оролцох үүрэгтэй.
Монгол Улсын хувьд улс орныхоо хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сард баталсан.
Монгол Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоолоор 4 бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлт бүхий “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016 оны хоёрдугаар сард баталсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.