Монгол Улсын Засгийн Газрын тогтоолын дагуу Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалын удирдлага дор дайчилгаатай сургуулийг анх удаа орон нутгийн томилгоот нэгжтэй хамтран 2023 оны 9 дүгээр сар 05-наас 12-ны өдрүүдэд Төв аймгийн нутаг дэвсгэрт амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургуульд Төв аймгийн 16 сумаас дайчилгааны даалгавраар татагдаж ирсэн 1600 гаруй цэргийн бэлтгэл үүрэгтэн хамрагдаж, өнөөдөр (2023.09.12) байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцсон юм. Богино хугацааны эрчимжүүлсэн бөгөөд сургалтын шинэлэг арга хэлбэрийг хослуулсан уг сургуулийн хаалтын ажиллагаанд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Э.Бат-Амгалан, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар холбогдох удирдлагуудын хамт оролцож, цэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд талархал илэрхийллээ.
Энэ үеэр Хуурай замын цэргийн командлалын удирдлагаас хамтарсан сургуулийн явц, бодлого төлөвлөгөөг танилцуулж, орон нутгийн хамгаалалтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийг өгч, хот доторх байлдааны ажиллагааны сургалт дадлагын явцаас танилцуулсан юм. Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Алтанбулаг, Сэргэлэн сумдад орон нутгийн цэрэг, орон нутгийн томилгоот нэгжид чиглэсэн сургалтыг явуулснаар тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын бэлтгэлийг төрийн албаны бүх түвшинд хангах ач холбогдолтойг тодотгож байлаа.
Монгол Улсын Их Хурлаас 2018 онд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг баталж, 2022 онд шинэчилсэн. Уг хуулийн дагуу энэ жил анх удаа дайчилгаатай сургуулийг орон нутгийн томилгоот нэгжтэй хамтран зохион байгуулснаараа онцлог болов. Өөрөөр хэлбэл, батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс болох төр, захиргааны байгууллага болон иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага бүхий дайчилгааг хамтатган шинэлэг хэлбэрээр явуулсанд ач холбогдол нь оршиж байгааг оролцогч бие бүрэлдэхүүний төлөөллүүд онцолж байлаа. Хамтарсан сургуульд хамрагдсан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн судалгаанаас харахад, 20-35 насныхан 50 гаруй хувь, 36-45 насныхан 40 гаруй хувь, 46-аас дээш насныхан 10 орчим хувийг эзэлж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.