Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблейн Нарийн бичгийн дарга Пингкам Ласасимма тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр /2023.09.08/ уулзлаа.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Эрхэмсэг ноён Сайсумпон Фумвихан-ы Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтан, Монгол оронд морилон ирсэн хатагтай Пингкам Ласасиммад талархал илэрхийлэв.
Тэрбээр, 2022 онд тохиосон Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн хүрээнд төр, засгийн түвшинд өндөр, дээд хэмжээний айлчлал, уулзалт, арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсаныг дурдаад, хоёр улсын парламентын дарга нар өнгөрсөн 11 дүгээр сард цахимаар уулзсан бол өнөөдөр Улаанбаатар хотноо нүүр тулан уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаар илэн далангүй ярилцаж, санал солилцон парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсанд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Эрхэмсэг ноён Сайсумпон Фумвихан-ы Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал нь Монгол, Лаос хоёр улсын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах, хууль тогтоох байгууллагууд хоорондын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бусад салбарын харилцааны олон асуудлуудыг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.
БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблейн Нарийн бичгийн дарга Пингкам Ласасимма, Хоёр улсын харилцааны шинэ жарны босгон дээр парламент хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байна гээд, нэгэнт тогтсон энэхүү найрсаг харилцааг цаашид бататган бэхжүүлж, парламент болон Тамгын газруудын хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны баримт бичгийн дагуу харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.