Цэс

Холбоо барих

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Хөх хотын хөдөө аж ахуйн үйлдвэрүүдтэй танилцлаа

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Хөх хотын “Мэн Цао” (Монгол өвс) байгаль, экологийн компани болон “Или сүүний үйлдвэрүүдэд (2023.09.06-07) өдрүүдэд зочилж, техник, тоног төхөөрөмж, технологитой танилцлаа.  

ӨМӨЗО-ны Хөх хотын "Мэн Цао" (Монгол өвс) байгаль, экологийн компани 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй салбартай, 1500 гаруй албан хаагчтай, уугуул гарал үүсэл болон дижитал навигацыг гол чиглэл болгосон өвсний аж ахуй юм. Томоохон бэлчээрийн талбайг хамгаалах, үржүүлэх замаар орон нутгийн нөхцөлд тохирсон экологийн шийдлийг гаргадаг байна.

Тухайлбал, цөлийн экологийн нөхөн сэргээлт, олборлолт, хаягдсан газрын менежмент, Шар мөрний сав дагуух экологийн хамгаалалт, ногоон байгууламж байгуулах, биологийн олон төрлийн нөхөн сэргэх чадварыг хадгалах зэрэг инновацын шийдлээр лабораторийн болон агуулах, өвс үржүүлэг, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн ой, өвсний үр хөврөлийн үндэсний нөөцийн мэдээллийн сангийн Өвөр Монгол дахь салбарыг байгуулж орон нутгийн 60000 гаруй үр хөврөл, үр, ургамлыг цуглуулсан аж.

Үр хөврөлийн судалгаа, хөгжүүлэлтийн үндсэн давуу тал нь өндөр чанарын үрийн эх үүсвэр, өвсний үр хөврөлийн мэдээллийн санг байгуулах, тухайн газар нутгийн ургамлын өвөрмөц генийг судлах, молекул биологийн лабораторийн үр дүнгээр шинэ сорт ургуулах, дунд болон урт хугацаанд үр  хөврөлийг хадгалах хэмээн "Мэн Цао" (Монгол өвс) компанийн гүйцэтгэх захирал Жя Ченян  танилцууллаа.

Дараа нь Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд  “Или сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Или” групп нь 1956 онд байгуулагдсан бөгөөд дэвшилтэд техник технологи ашиглан сүү, тараг, хуурай сүү, сүүний ундаа, зайрмаг зэрэг 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Хятадын 600 гаруй хот сууринд 5 сая гаруй дэлгүүр, 13 муж, хотод албан ёсны борлуулалтын салбар компани, төлөөлөгчийн газартай аж.

Тус групп Хятадын баруун хойд, умард, зүүн хойд бүс нутгийг хамарсан сүү, сүүн бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэр бөгөөд Европ, Америк тив дэх улс орнуудтай хамтын ажиллагаа явуулж, хэрэглэгчдийг сайн чанарын сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж, Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анх инновацыг нэвтрүүлж, дэлхийд өрсөлдөх хүчин чадлыг нэмэгдүүлснээрээ онцлог хэмээн “Или” группын дэд ерөнхийлөгч Лу Шиндун танилцуулсан юм.

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлаас Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг баталж, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлсөн. Төрөөс хөнгөн үйлдвэрийн салбарт түншлэлийг хангах, үйлдвэрийн технологийн шийдэл, сүү, сүүн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, бичил бизнесийг дэмжиж, шинжлэх ухаан, инновацыг бодлогоор болон зээл, санхүүжилтээр дэмжих, фермерийн аж ахуйг хөгжүүлэх боломж зэрэг олон асуудлыг хууль эрх зүйн хүрээнд улам боловсронгуй болгож үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүлэх хамгийн чухал хэмээн онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, гаалийн албан татвараас чөлөөлөгдөх импортын 19 нэр төрлийн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай үйлдвэрүүдийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газраас баталсан. Одоо аймаг, орон нутгийн иргэдийг гадны туршлагатай  үйлдвэр эрхлэгчтэй холбож, харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх нь төр, хувийн хэвшил, аж ахуй эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал хэмээлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа энэ цаг үед мах, сүүний хангалтыг нэмэгдүүлэх, өндөр ашиг шимтэй сүүний чиглэлийн фермерүүдийг хөгжүүлэх, эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд фермерийн аж ахуй эрхлэх стандартыг нэвтрүүлэн, тэжээл, хангалт, тээвэр ложистикийн асуудлыг цогцоор нь шийдэж байж фермерийн аж ахуй хөгжих бүрэн боломжтой гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Улсын Их Хурал, Байнгын хороод, Засгийн газар холбогдох хууль, тогтоол гаргаж  иргэн, аж ахуй нэгжийг инновацад суурилсан үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, туршлага солилцох, үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг болох эрх зүйн орчинд бүрдүүлэх нь чухал гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл