Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын парламентын эрхэм хүндэт гишүүд ээ,
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүндэт зочид төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганд оролцогч Та бүхэнд манай сайхан оронд тавтай саатахыг хүсэн ерөөе.
Аливаа улс орны хөгжлийн зорилго нь хүн амын ахуй амьдралыг дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалахад оршдог билээ.
Ирэх есдүгээр сард Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар эрүүл мэндийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, цар тахалд бэлэн байх, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах, сүрьеэгийн асуудлаар өндөр түвшний гурван уулзалт зохион байгуулах гэж байгаа нь эрүүл мэндийн асуудал нь олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болоод байгааг яруу тод харуулж байгаагийн илрэл юм.
Дэлхийн улс орнууд эрх тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцсэн, анхан шатны тусламж үйлчилгээнд суурилсан эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлж, тусламж үйлчилгээг ард иргэд, нийтэд хүртээмжтэй болгохыг зорьж байна.
Өнгөрсөн жилүүдэд олон улсын хамтын нийгэмлэг эрүүл мэндийн тогтолцооны анхан шатанд эх, хүүхдийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гаргасан.
Гэвч нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн хурдацтай өөрчлөлтийн улмаас насжилт, халдварт бус өвчний "чимээгүй тахал”, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн нөлөө зэрэг шинэ сорилт бидний өмнө тулгарч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ, зардал нэмэгдэж байна.
Дээрх сорилт, бэрхшээлүүд нь урьд байгаагүй цар хүрээтэй, улам бүр нарийн төвөгтэй болж байна. Дэлхий нийтийг хамарсан дараагийн цар тахал гарах эрсдэл бол зөвхөн цаг хугацааны асуудал гэж эрдэмтэн, судлаачид хэлж байна. Ийм учраас эдгээрийг шийдвэрлэхэд улс төрийн манлайлал, инновац, нийгмийн бүхий л салбарын түншлэл нэн чухал юм. Эрүүл мэндийн зардлын өсөлтийг хязгаарлах, иргэдийг эрүүл мэндтэй холбоотой санхүүгийн эрсдэлээс хамгаалах, хүн амын эрүүл дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тулд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилт, нөөцийн хуваарилалтыг төгөлдөржүүлэх, улам шинэчлэн боловсронгуй болгох шаардлагатай байна.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь хүн амын орлого багатай хэсэгт зориулсан тусламж үйлчилгээний хямд багц байх бус, харин хөрөнгө оруулалт, нийгмийн бүх салбарын оролцоонд тулгуурлах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийг чиглүүлэх нь парламентчид бидний үүрэг мөн.
Энэ ч үүднээс Монгол Улсын Их Хурал эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжих, тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, бүх салбарын бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусган, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчлан ажиллаж байна.
Монгол Улсын парламент 2020 оны дөрөвдүгээр сард Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Энэ нь манай улс цар тахлын эсрэг тусгай хууль батлан хэрэгжүүлсэн дэлхийн 32 улсын нэг болсныг онцлон дурдаж байна. Уг хууль нь манай улсад цар тахлын эсрэг хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах эрх зүйн орчин бүрдүүлсэн, эрүүл мэндийн салбарын урсгал төсөвт тодотгол хийсэн, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийж, коронавирус цар тахалтай тэмцэхэд санхүү, хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цар тахалтай холбоотой олон улсын эрүүл мэндийн аюул занал арилсныг зарласан хэдий ч КОВИД-19-ийн урхаг хүн амын эрүүл мэндэд нөлөөлсөөр байна. Манай улс иргэдээ эрт илрүүлгийн үзлэгт өнгөрсөн оноос хамруулж эхэлснийг онцолж байна.
Улсын Их Хурал иргэдийг өвдсөн хойно нь илүү зардал, өртөгтэйгээр эмнэлэгт эмчлэх бус, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд санхүүжилтийн нэмэгдүүлэх, чиглүүлэхэд анхаарч, анхан шатны тусламж, үйлчилгээнд зарцуулах нэг иргэнээр тооцсон санхүүжилтыг сүүлийн 4 жилийн дотор 2 удаа тус бүр 2 дахин нэмэгдүүлсэн.
Гэсэн хэдий ч улсын нэгдсэн төсвийн зарлагад эрүүл мэндийн зардлын эзлэх хувь хэмжээ 2021 оны байдлаар 3.6 хувь байгаа нь 10 жилийн өмнөхөөс бараг 2 дахин буурч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тал орчим хувийг үзүүлж буй анхан шатны байгууллагуудад салбарын нийт зардлын 20 орчим хувийг л зарцуулж байна. Санхүүжилтийн архаг хомсдол, эмнэлгийн тусламж үйлчилгээг шүтсэн хандлагын улмаас манай улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралтын индекс харьцангуй бага төдийгүй сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байна.
Өргөн уудам газар нутагт нүүдлийн мал аж ахуй эрхэлж, тархай бутархай суурьшсан иргэдэд, нэн ялангуяа хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх нэг арга зам нь нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг төр хариуцах нь зүйтэй хэмээн үзэж, ирэх есдүгээр сард эхлэх Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөлд энэ талаар тусгасан.
Санхүүжилтийн оновчтой аргыг сонгон, нөөцийн зохистой хуваарилалтыг бий болгож, тусламж үйлчилгээг иргэдэд эдийн засгийн хувьд үр ашигтай арга замаар хүргэх талаар Та бүхэнтэй санал бодлоо хуваалцаж, гурван өдрийн турш үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бие биенээсээ харилцан туршлага суралцаж, оновчтой шийдэл, шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын энэ удаагийн чуулган нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгохын төлөөх олон улсын хүч чармайлтад хувь нэмэр оруулж, түүнээс гаргах дүгнэлт, зөвлөмж нь тус бүс нутгийн орнуудын эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болно гэдэгт Монгол Улсын Их Хурлын дарга миний бие гүнээ итгэж байна.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Улаанбаатар
2023.08.21