Цэс

Холбоо барих

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хуульчидтай санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.08.09) Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Туваан болон Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын зөвлөхүүд, Ажлын хэсгийн гишүүд, хуульч, судлаачдын төлөөллийг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын энэ оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх, уг хуулийн үзэл баримтлал, ялангуяа улс төрийн намын бодлого хөтөлбөр, үйл ажиллагаа, чиг үүрэг, дотоод зохион байгуулалтыг ардчилсан зарчимд нийцүүлэх, хөрөнгө, санхүүжилттэй холбоотой зохицуулалтыг бодлогын нам төлөвшүүлэхэд чиглүүлэн хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурлын дарга хуульчидтай санал солилцов.

Тэрбээр, бодлогын намын тогтолцоог бий болгох нь ардчиллыг шинэ шатанд гаргаж буй хэрэг болохыг онцлоод, улс төрийн нам бодлого судлалын төв, хүрээлэнтэй байх, үзэл баримтлалын хувьд ялгарах, институтчилэгдэх, популизм болон хэн нэгэн улстөрчөөс үл хамаарсан төлөвшилтэй болоход чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар чиглэл чиглэлээрээ судалж ажиллахыг хуульчдад зөвлөж, тэдгээрийг нэгтгэн эргэж танилцуулахыг Улсын Их Хурлын Тамгын газарт үүрэг болгов. Мөн, ардчилал, улс төрийн тогтолцоо өндөр хөгжсөн улс орнуудын Улс төрийн намын тухай хуулийн талаар судалгаа хийж танилцуулахыг Гадаад харилцааны яаманд даалгалаа.

Хуульчид, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай зэрэг холбогдох хууль, тогтоомжийг нийцүүлэн шинэчлэх талаар болон улс төрийн намуудын дэргэд бодлогын төв, хүрээлэнгүүдийг бий болгож үйл ажиллагааг тогтворжуулах, дотоод ардчиллыг бэхжүүлж, гишүүд, сонгуульт гишүүд, дэмжигчдийн оролцоог хангах, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх гэхчлэн олон асуудлаар арга зүйг боловсруулах, сургалт явуулах, хуулийн талаарх ойлголтыг нэгтгэх шаардлагатайг дурдав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийг эрчимтэй, үр дүнтэй, зөв зүйтэй хэрэгжүүлэх үүднээс Ажлын хэсэг байгуулж ажиллахыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Туваан нарт чиглэл болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл