Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллав.
Мөн Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд дөрвөн хуулийн төслийг хэлэлцүүлж, Байнгын хорооноос хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулан ажиллаж байна. Үүнд:
1.Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын гурван гишүүнээс УИХ-д өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар ахлан ажиллаж байна.
2.Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын долоон гишүүнээс УИХ-д өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахлан ажиллаж байна.
3.Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 22 гишүүнээс УИХ-д өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ахлан ажиллаж байна.
4.Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахлан ажиллаж байна.
Түүнчлэн Байнгын хороо хяналт, шалгалтын чиглэлээр гурван Ажлын хэсэг байгуулан ажилласан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатаар ахлуулсан Аймаг дундын отрын бүс нутгийн нөхцөл байдлыг судалж Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж, санал, дүгнэлтээ Байнгын хороонд танилцуулсан.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг үргэлжлэн ажиллаж, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболороор ахлуулсан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор байгуулаад байна.
Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нэг удаа хуралдаж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны төлөвлөгөө болон сайжруулсан утаагүй түлшний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгч ажиллав.
УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО