Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо 17 хууль, УИХ-ын 22 тогтоол хэлэлцүүлэн батлуулжээ


Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 19 удаа хуралдаж, нийт 41 асуудлын хүрээнд 19 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 14 тогтоолын төсөл, Байнгын хорооны таван тогтоолын төсөл, холбогдох байгууллагын үйл ажиллагааны гурван тайлан, албан тушаалтныг томилох, чөлөөлөх зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн талаар

Байнгын хороо хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд  санал, дүгнэлт, танилцуулгыг боловсруулж, төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласныг доорх инфографикаас харна уу. 



Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий таван ажлын хэсгийг байгуулан ажилласнаас хоёр ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Бусад ажлын талаар

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор хууль тогтоомжийн төслийн талаарх нэр дэвшигчийн сонсгол нэг, олон нийтийн  хэлэлцүүлэг хоёр, хурал зөвлөгөөн нэг, уулзалт ярилцлага зургаа, сургалт семинар нэг, гадаадын зочид төлөөлөгчтэй уулзах гурван уулзалтыг зохион байгуулж ажилласан. Тухайлбал, “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай” Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 04 дүгээр тогтоолын дагуу 04 дүгээр сарын 24-ний өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан.

Мөн “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх” хэлэлцүүлгийг 04 дүгээр сарын 26-ны өдөр хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг болон эрдэмтэн судлаач, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулсан бол “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх” хэлэлцүүлгийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын төлөөллийг оролцуулан хийлээ.

Түүнчлэн хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчилан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 11 хууль, тогтоолын төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлт 18, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулга тав бусад мэдээ, мэдээллийг Улсын Их Хурлын цахим хуудас болох forum.parliament.mn болон иргэд олон нийтээс санал авах D.Parliament.mn-д тус тус байршуулсан.

Мөн ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүнийн халдашгүй байдлын дэд хороо дэд хороо хоёр удаа,  Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо нэг удаа тус тус хуралдсан.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл