Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Эрхэмсэг ноён Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд тус улсын парламентын төлөөлөгчид хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцтай танилцаж, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д зочиллоо. Төсөл хэрэгжүүлэгч компанийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжил, эрчим хүчний бие даасан байдалд онцгой ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтад бүх талаар анхаарч, онцгойлон дэмждэг БНЭУ-ын төр засагт, мөн Парламентын доод танхим Лок сабхагийн дарга Ом Бирлад талархал илэрхийллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн, уг төсөл нь Монгол - Энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн том бэлгэ тэмдэг, чухал хэлхээ холбоо төдийгүй хэд хэдэн салбар дамнасан, гадаад дотоодын олон тооны оролцогчдын хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжиж буйг тэмдэглэв. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн Төлөвлөлт, инженерчлэлийн үе шат 2021 онд дуусч, бүтээн байгуулалтад шилжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар эхний багц ажил болох Технологийн бус барилга байгууламжуудын барилга угсралтын ажил дуусах шатандаа орсныг энэ үеэр онцолсон юм.
Түүнчлэн 2,3-р багц ажлууд болох Үндсэн технологийн байгууламжууд, Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил эхлээд байгаа талаар төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс танилцууллаа. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын хэсгийн хамгийн нарийн төвөгтэй, хугацаа их шаардах Гүн боловсруулалтын технологийн байгууламжуудын барилган угсралтын ажлын гэрээг үзэглэхэд бэлэн болсноор бүх багц ажлуудын гүйцэтгэгчид тодорч, барилга угсралтын ажил нэгэн зэрэг өрнөх нөхцөл бүрдэж байгаа юм байна.
Уг уулзалтад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн менежментийн зөвлөх “Engineers India Limited”, үйлдвэрийн багц ажлуудын ерөнхий гүйцэтгэгч “Kalpataru Power Transmission Limited”(KPTL), “Megha Engineering Infrastructure Limited” (MEIL) компанийн удирдлагууд, инженер, мэргэжилтнүүд оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.