Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа

Улсын Их Хурлын Тамгын газраас энэ долоо хоногийн /2023.07.05/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд  2022 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа.

Парламентын мэргэшсэн, хариуцлагатай, бүтээлч, ёс зүйтэй ажлын албыг төлөвшүүлэх эрхэм зорилгоо хэрэгжүүлэх томоохон шинэ ажлуудыг 2021-2022 онд эхлүүлсэн хэмээн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулгадаа онцлоод, Тамгын газар 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнийхөө дагуу 2022 онд 45 зорилт, 306 арга хэмжээг 92.2 хувийн биелэлттэй хэрэгжүүлснийг дурдаж, тус Байнгын хорооноос өмнө өгсөн зургаан чиглэлийн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлснийг танилцуулав. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүрээнд Тамгын газраас 2022 онд 557 хуулийн, 84 тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулсан нь 2021 оныхоос 23 хувиар өсчээ. Мөн Чуулганы нэгдсэн болон байнгын, дэд, түр хорооны 364 хуралдаан зохион байгуулж, парламентын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж ажилласан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэж нийт 31 хууль батлахаас 2022 оны эцэст 18 хуулийг батлаад байсан бөгөөд үүнд Тамгын газраас мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцааг үзүүлсний зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулсан 83 хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, танилцуулгыг боловсруулахад дэмжиж ажиллажээ. Үндсэн хуулийн цэцэд гаргах Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 25 тайлбары төсөл, мөн өргөн мэдүүлсэн хууль тогтоомж Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар долоон дүгнэлт гаргаж, хууль тогтоомжийн 227 бүрдүүлбэрийг хянаж, 1107 төслийн эцсийн найруулгыг хянан албажуулсан байна. Нэгдсэн болон дотоод албан ёсны цахим системд 707 хууль, 179 тогтоолыг байршуулж, эхийг тулган хянаж, Улсын Их Хурлын хууль тогтоох үндсэн чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Үндсэн хууль холбогдох бусад хууль тогтоомжийн нийцлийг хангажээ.

Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын сайн туршлага, жишгийг судлах, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараас гаргасан суурь үзүүлэлтэд үндэслэн хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачлалыг боловсруулж байна. Түүнчлэн Их Британи, Герман, Канад, Шотландын парламентын туршлагаар УИХ-ын чуулганы хуралдааны тэмдэглэлийн загвар бүтцийг боловсруулж, үүний дагуу нэгдсэн болон байнгын, дэд, түр хорооны хуралдааны нийт 14687 хуудас тэмдэглэл хөтлөн, албажуулжээ.

Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хууль, эрх зүйн шинэ орчинд хэрэгжүүлж ажилласан нь онцлог байсныг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулгадаа онцолсон юм. Тэрбээр, 2022 онд хянан шалгах 40 ажлын хэсэгт, 313 гишүүн ажилласныг дурдаад, есөн удаа хяналтын сонсгол явуулсны дотор ерөнхий хяналтын хоёр, хүний эрх, эрх чөлөөг хангах асуудлаар нэг, нэр дэвшигчийн зургаан сонсгол зохион байгуулсныг дурдав. Түүнчлэн дөрвөн удаагийн нээлттэй хэлэлцүүлэг хийсний зэрэгцээ 33 ажлын хэсэг, дөрвөн түр хороо байгуулагдаж, эдгээр ажилд Тамгын газраас мэргэжил, арга зүй, техник туслалцааны зохих туслалцаа, зөвлөгөөг өгч ажиллажээ. Улсын Их Хурлын гишүүд 25 төрийн байгууллага, 15 аймагт очиж ажилласан болон дээр эмийн, нүүрсний, Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах гурван түр хорооны үйл ажиллагаанд туслалцаа, дэмжлэг үзүүлж, гэрчийг дуудах, шинжээчийг томилон ажиллуулах зэрэг үйл ажиллагаанд процедурын шинэ жишгийг тогтоожээ.

Монгол Улсад парламентын хяналт шалгалтын шинэ тогтолцоо бүрдээд зогсохгүй, уг чиг үүргийн хүрээ далайц нэмэгдсэнийг Ерөнхий нарийн бичгийн дарга чухалчлан тэмдэглэж, давхардсан тоогоор 2022 онд Улсын Их Хурлын 105 гишүүнээс 336 асуудлаарх 62 асуулга, 41 гишүүнээс 136 асуудлаарх 39 асуултыг Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьсан болон Улсын Их Хурлын хоёр, байнгын хорооны есөн тогтоол, мөн түр хорооны тус бүр дөрвөн тогтоол, тэмдэглэлээр Засгийн газар, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч ажилласан нь энэхүү чиг үүргийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болохыг дурдав. Ерөнхий сайдын мэдээллийг 23 удаа хийсний зургааг https://d.parliament.mn/ цахим системд байршуулж, иргэдээр хэлэлцүүлэн, тэднээс ирүүлсэн асуултыг нэгдсэн хуралдаанд танилцуулж, хариулт авчээ. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх үйл ажиллагааны хүрээнд долоон удаа хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, Улсын Их Хурлаар холбогдох байгууллагын 38 тайлан, илтгэл, мэдээллийг сонсон, давхардсан тоогоор 636 гишүүн, 1787 асуулт асууж, хариулт авах ажлын бэлтгэл, гүйцэтгэлийг хангаж ажилласан байна.

Веб, аппликэйшн хосолсон https://d.parliament.mn/ цахим системийг хэрэглээнд нэвтрүүлснээр өнөөдрийн байдлаар 5200 иргэн бүртгүүлж, нийт 210 000 удаагийн хандалт аваад байгаа бөгөөд Монгол Улсын 2023 оны төсвийн болон төсвийн хүрээний мэдэгдлийн уг системээр хэлэлцүүлэхэд 10 500 иргэн оролцжээ. Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны цахим системийг үе шаттайгаар хөгжүүлж, одоо хоёрдугаар үе шатны ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Улсын Их Хурлыг цахимжуулах цогц үйл ажиллагаа нь хууль тогтоох, бодлого боловсруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангаж, парламентын ардчиллыг бэхжүүлэх чухал алхам болж буй юм. Энэ бодлогын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас “Парламентын боловсрол” үндсэн хөтөлбөр, “Өсвөрийн парламент”, “Парламентын боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Төрийн ордныг нээлттэй болгох аян, орон нутгийн иргэдийн оролцоог хангах Хууль сурталчлах төв” байгуулах ажлуудыг үр дүнтэй зохион байгуулж байна. “Өсвөрийн парламент хөтөлбөрт 9-11 дүгээр ангийн 181 сурагчийг хамруулж 2021 онд “Уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал”, 2022 онд “Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчинд ээлтэй хэрэглээ сэдвүүдийг хэлэлцүүлсэн бол “Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрт нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 62, дэлхийн 21 улсад үйл ажиллагаа явуулж буй 61 монгол сургуулийг төлөөлсөн түүх, нийгмийн 102 багш хамрагджээ.

Парламентын судалгааны ажлыг эрчимжүүлж, Улсын Их Хурлын гишүүдэд нийт 31 судалгаа, мэдээлэл бэлтгэж хүргүүлсний дотор 81 харьцуулсан судалгаа, таван дүн шинжилгээ, 31 лавлагаа мэдээлэл, 13 тойм судалгаа, мөн нэг контент анализ гаргасан байна. “Парламентын сургалтын цогц хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж, нийт 94 удаагийн сургалт, хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 4300 хүнийг оролцуулжээ. Ковид19 цар тахлын хязгаарлалтын үед хумигдаад байсан Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлж, 23 удаагийн харилцан айлчлалын бэлтгэлийг ханган, хэрэгжүүлсний зэрэгцээ 47 гадаад арга хэмжээг зохион байгуулсан байна.

Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг жигдрүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тодорхой үр дүн гарч буйг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тэмдэглэлээ. Үүний хүрээнд, 42 дүрэм журмыг шинэчлэн мөрдүүлж, 133 албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталсан байна. Мөн 771 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж ажилласны зэрэгцээ захиргаа, санхүүгийн эрсдэлийн удирдлагын бодлогыг батлан мөрдөж, Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, парламентын мэргэшсэн, хариуцлагатай, бүтээлч албыг төлөвшүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэ орчин, оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлснээр, ажиллагсдын мэргэшил, ур чадвар, ёс зүй дээшилж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа сайжирчээ. Тамгын газар 2023 оны зорилтдоо дээр дурдсан стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд долоон чиглэлээр 21 зорилт, 229 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Улсын Их Хурлын Тамгын газрын 2022 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж, М.Оюучимэг, Д.Тогтохсүрэн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нар үг хэлж, саналаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас бид олон сорилтыг хамтдаа, амжилттай даван туулж, үүний хүрээнд цахим парламентыг бэхжүүлэх талаар Л.Өлзийсайхан дарга болон Тамгын газрынхан идэвх, зүтгэлтэй ажилласан гэдгийг тэмлэглэж, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн бүрэн эрхийг тэгш хангаж ажиллахыг зөвлөлөө. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш Улсын Их Хурлын найман удаагийн сонгууль болж, Тамгын газар үе үеийн албан хаагчид, түшээдийнхээ мэдлэг, чадвар, туршлага дээр тулгуурлан, дунд, залуу үеийнхнийгээ чадавхжуулж, том утгаараа парламентын засаглалыг хөгжүүлэх чиглэлээр ихээхэн чамбай ажиллаж байгаа хэмээн үнэлэлт дүгнэлт өгөөд, гишүүдийг гадаад, дотоодын томилолт, сургалт, арга хэмжээнд жигд хамруулахад анхаарч, дараагийн сонгуулийн үр дүнд бүрдэх 126 гишүүнтэй Улсын Их Хурлын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг зөвлөв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Тамгын газрын албан хаагчид хууль, тогтоомж, тэдгээрийн төсөлтэй холбоотой зөвлөгөө авахад үнэхээр өндөр түвшинд мэргэшсэн байдаг хэмээн онцлоод, энэ нь Улсын Их Хурал алдаа, дутагдалгүй сайн хууль гарах боломж бүрүүлж байна гэлээ.

Хууль тогтоох үйл ажиллагаанд зориулан судалгаа, мэдээлэл, лавлагаа бэлтгэн хангаж буй ажилд ихээхэн талархалтай байгаагаа Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг илэрхийлээд, цар тахлын нөхцөл байдалд парламентын үйл ажиллагааг тасралтгүй, тогтортой явуулах талаар Улсын Их Хурлын Тамгын газар үлгэр жишээ ажилласныг сайшаав. Мөн Ерөнхийлөгч болон Засгийн газраас өргөн мэдүүлж буй хуулийн төслүүдэд анализ дүгнэлт, хяналт үнэлгээ хийж, бодлогын дүгнэлт гаргаж байгаа нь Улсын Их Хурлын гишүүдийн ажилд маш их тус нэмэр болж буйг дурдлаа. Тэрбээр, парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ зэрэг улс орны Тамгын газруудтай ажилтнуудаа солилцуулж, мэргэшүүлэх, туршлага судлуулах ажлыг хэрэгжүүлэхэд тусалж ажиллахаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуулийг баталж, одоо боловсролын болон нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэж буй энэ ачаалалтай үед Тамгын газар сайн ажиллаж байна гээд, олон гишүүнтэй ажиллах дараагийн парламентын бэлтгэл, зохион байгуулалтыг оновчтой, үр дүнтэй хийх, парламент болон Тамгын газрын гадаад харилцааг нэгдсэн бодлогоор явуулахад анхаарч ажиллах талаар тодорхой санал, зөвлөмж өгөв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Тамгын газрын үйл ажиллагааг хангалттай сайн гэж дүгнээд, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын эрх, үүрэг парламентын үйл ажиллагааны томоохон хэсэг учир анхаарал хандуулж ажиллахыг зөвлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл