Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.07.07) хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 07 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн "Монгол-Хятадын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын  бүтээн байгуулалттай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны дарга тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг уншиж, танилцуулсан.


Уг танилцуулгад "Монгол-Хятадын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын  бүтээн байгуулалттай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлснийг дурдсан. Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг тогтоолд нэг бүрчлэн тусгаж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараа, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн гэж байлаа.

Тогтоолын эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбартай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуралдааны төгсгөлд хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар "Засгийн газарт чиглэл өгөх" тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хийсний дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн.” гэж заасны дагуу төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын “06 дугаар” гэснийг “10 дугаар” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл