Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.07.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 19 гишүүнээс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааг хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.
Үдээс өмнөх хуралдаанаар тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанаас уг тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Ж.Батжаргал гишүүнийг хасаж Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг оруулах, мөн олонхыг төлөөлөх бүрэлдэхүүн 7 гишүүнтэй байх учир Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийг нэмэх горимын санал гаргасан. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь дэмжлээ.
Ингээд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг баталъя” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 нь хувь нь дэмжсэн. Тогтоолын төсөлд Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороог Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, М.Оюунчимэг, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр, 6 сарын хугацаатайгаар байгуулахаар тусгажээ.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын таван гишүүнээс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэлцүүлгийг энэ удаагийн чуулганы хуралдаанаар хойшлуулж, “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, батлах горимын саналыг гаргалаа. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 нь хувь нь дэмжсэн.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах горимын санал гаргалаа. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг баталлаа
Хуралдаан “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлаас 2003 онд баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтад Бүгд Найрамдах Улс тунхагласан 11 дүгээр сарын 26-ны өдрийг жил бүр нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэхээр заасан. Мөн “Төрийн ёслолын журам батлах тухай” Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигаар тэгш ой тохиосон жил Үндсэн хуулийн өдрийг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэхээр заасан гэв.
Мөн анхдугаар Үндсэн хуулийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, Үндсэн хуулиа дээдлэн сахих үзлийг түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.
Тогтоолын төсөл 6 заалттай, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой 2024 онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийг иргэн бүр эрхэмлэн дээдлэх, үзэл санааг олон нийтэд түгээн тайлбарлан таниулах, иргэдэд сурталчлах ажлыг улс орон даяар зохион байгуулах, дээрх ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт, түүхэн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх талаар төлөвлөгөө боловсруулж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж байна гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлсний дараа “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталья гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.5 хувь нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн “Төрийн аудитын байгууллагын цалин шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Төсвийн байнгын хороо 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2023 оны 241 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг нэмсэн бөгөөд уг асуудлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 56 дугаар тогтоолд холбогдох өөрчлөлт хийгээгүйг дурдаад дээрх асуудлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасан журмын дагуу “Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тоггоох тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн гэв.
Хэлэлцэж буй асуудлыг дэмжиж Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар үг хэлсний дараа “Төрийн аудитын байгууллагын цалин шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувь нь дэмжлээ.
“Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдав
Дараа нь "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо тогтоолын төслийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан.
Тэрбээр Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх үед таван их наяд төгрөгийн зөрчил илэрсэн тул төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, хуулийн давхардал, хийдлийг арилгах, хариуцлагажуулах зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсныг онцлон тэмдэглэв. Мөн дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах дэд хорооноос гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувь нь дэмжлээ. Мөн уг тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр төсөл батлагдсан.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
Мөн энэ өдөр Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь хийлээ.
Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Байнгын хорооны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн талаар эрх зүйн дүгнэлт гаргуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн. УИХ-ын Тамгын газраас эрх зүйн дүгнэлтийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн. Уг дүгнэлтэд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжид нийцсэн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар хэрэгжих бүрэн боломжтой гэж дүгнэсэн тул Байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг явуулсан гэдгийг онцолж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, С.Ганбаатар нарын асуултад Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар хариулт өгөв.
Ингээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Үргэлжлүүлэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийн үндэслэн Төсвийн байнгын хороо 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батласантай холбогдуулан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсныг онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Г.Ганболд, Ж.Батсуурь нар үг хэлснийн дараа тогтоолын төслийн талаарх Байнгын хорооноос дэмжээгүй зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулав.
“Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
Үргэлжлүүлэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Төсвийн байнгын хороо 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцууллаа.
Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй гэдгийг Г.Амартүвшин гишүүн танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Төсвийн байнгын хороо 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолоор “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийг баталсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий Аудитор нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн өндөр албан тушаалтны ТӨ-IVA зэрэглэлд, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч нь ТӨ- VA зэрэглэлд тус тус хамаарч байгааг дурдсан.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.9 дэх заалтын дагуу Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 63 дугаар тогтоолоор баталсан бөгөөд уг тогтоолын 1 дэх заалтад Төрийн аудитын байгууллагын дарга, дэд даргыг хамааруулаагүй байна. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2023 оны 241 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг нэмсэн бөгөөд уг асуудлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 63 дугаар тогтоолд холбогдох өөрчлөлт хийгээгүй байна гэв.
Дээрх асуудлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхий Аудитор, түүний орлогчийг тус тогтоолд хамааруулахаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэнийг Ж.Батжаргал гишүүн танилцуулгадаа онцолсон.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.1 хувь нь дэмжлээ.
Хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Төсвийн байнгын хороо 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хийв.
Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй гэдгийг онцолсон. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, бэлчээрийн даац хэтэрсэн, нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь доройтсон энэ үед хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлд зээл авах нь зүйтэй ч, монгол эрдэмтдийн нөөц боломжийг ашиглан хөтөлбөр боловсруулах зэрэг ажлуудыг хийлгэх, үүнийг зээл авч бусдаар гүйцэтгүүлэх шаардлагатай эсэхийг тодруулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Батжаргал, үндэсний хуримтлалын асуудлыг бүрдүүлж, хөгжлийн томоохон төсөл, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжих үйл явцдаа ашиглаж, бүтээгдэхүүний өртөг хямд байх эх үүсвэрээ дотоодоосоо дайчлах шаардлагатай байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Ингээд Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
Мөн энэ өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням хийв. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн явуулах үед эцсийн хэлэлцүүлгийг бэлтгэсэн зарим зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэх горимын санал дэмжигдсэн тул Байнгын хороо 2023 оны 07 дугаар 06-ны өдрийн хуралдаанаараа Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дахин явуулсныг дурдав.
Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 6 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан хуулийн төслийн зарим зүйл заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь үзсэн тул 3 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсгийг “цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сул орон тоонд аймаг, сум, баг, дүүрэг, тосгоны удирдлагын захиалгаар, эсхүл өөрийн хүсэлтээр 3-аас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гэрээ байгуулсан багшид төрөөс дэмжлэг үзүүлнэ” гэж өөрчлөх, төслийн 13 дугаар зүйлийн 13.3.7 дахь хэсгийг “дээд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Хөдөлмөрийн хуульд заасны дагуу тэтгэмжийг тухайн боловсролын сургалтын байгууллагаас олгох” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Мөн хуулийн төслийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2, 6.2.3 дахь заалтыг төслөөс хасаж, 6.3 дэх хэсгийг “Боловсролын сургалтын байгуулага нь энэ хуулийн 6.4-т заасан агуулгыг монгол хэлээр эзэмшүүлэхээс гадна тухайн боловсролын байгууллагын төлөвлөгөөнд заасан гадаад хэлийг судалхад энэ хуулийн 6.1 дэх хэсэг хамаарахгүй” гэж өөрчлөн найруулж, “Сонсголгүй суралцагчийн боловсрол эзэмших сургалт, үйл ажиллагааны хэл нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хэл байна.” гэсэн 6.5 дэх хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн төслийн 6.1 дэх хэсгийг “Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
Ингээд Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Энэ талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай, Боловсролын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга) баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос боловсруулан анхны хэлэлцүүлгийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хийснийг дурдав.
Мөн Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дэмжигдсэнтэй холбогдуулан Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай, Боловсролын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга) баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Байнгын хорооны санал, дүгнэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжсэн. Иймд "Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолын төсөл болон Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Мөн өдрийн хуралдаанаар "Монгол-Хятадын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин төслийн 1.4 дэх заалтыг “20 сая тонн хүртэлх” гэснийг “20 сая тонноос доошгүй” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг бүсийн тэмдэглэх хэсэг болон нэг дэх заалтыг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй дөрөв, найруулгын шинжтэй нэг саналын томьёолол гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Г.Ганболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагаас төслийн 1 дэх заалтыг “Хилийн боомт дахь ачаа тээврийн урсгалыг сайжруулах, нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдуүлэх зорилгоор дараах арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:” гэж, мөн төслийн 1.3 дахь дэд заалтын “Ганцмод боомт” гэсний өмнө “хил доторх" гэж нэмэн, “зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийн” гэснийг “зураг төслийн" гэж, "өмчлөгч" гэснийг "эзэмшигч" гэж тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшингээс төслийн 1.4 дэх дэд заалтын "20 сая тонн хүртэлх" гэснийг “20 сая тонноос доошгүй" гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Иймд "Монгол-Хятадын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газраас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Хуулийн төсөл татан авах тухай” албан бичиг ирүүлснийг уншиж танилцуулсны дараа хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулсан. Тэрбээр, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой бэлтгэл ажил болон Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний” тухай 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 162 дугаар захирамжаар байгуулсныг дурдаад тус Ажлын хэсгийн танилцуулгыг Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэв.
Мөн тус Байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хангуулах чиглэлээр хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар "Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийн үндэслэн боловсруулсныг онцлоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт, санал хэлээгүй бөгөөд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдсан.
Тогтоолын төслийг дэмжиж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэлсний дараа хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар "Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.