Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.07.06/ хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа  “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Төрийн аудитын байгууллагаас 2023 оны 6 сарын 29-ний өдөр төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай саналаа ирүүлсэн. Үүний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий Аудитор, түүний орлогчийг тус тогтоолд хамааруулахаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга тайлбарлав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй тул тогтоолын төслийн 2 дахь заалтыг “Тогтоолыг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэсэн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулгын нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболороос тус Байнгын хорооны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн талаар эрх зүйн дүгнэлт гаргуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн. УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсээс 2023 оны 7  дугаар сарын 5-ны өдөр эрх зүйн дүгнэлт ирүүлснийг Байнгын хорооны дарга мэдэгдлээ.

Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулсан. Тэрбээр, Төсвийн байнгын хорооны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ирүүлсэн эрх зүйн дүгнэлт гаргуулах тухай албан бичиг Төсвийн байнгын хорооны 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэл болон зарчмын зөрүүтэй саналын томилолт зэргийг хянан үзээд дүгнэлт гаргасныг дурдав.

Уг эрх зүйн дүгнэлтэд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжид нийцсэн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар хэрэгжих бүрэн боломжтой” гэж дурдсан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Ж.Батжаргал, Ж.Батсуурь нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболороос төслийн 1 дүгээр зүйлийн “1.5мвт-аас гэснийг 15мвт-аас” гэж өөрчлөх санал гаргасан ч Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн  Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг танилцуулан, хууль зөрчин санал хураах боломжгүйг тайлбарлав. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Үргэлжлүүлэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт УИХ шаардлагатай гэж үзвэл хууль, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол гаргаж болно заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Ингээд “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Төслийн эцсийн хувилбарын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуралдааны төгсгөлд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл