Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.07.06) хуралдаан гишүүдийн 61.1 хувийн ирцтэйгээр 10 цаг 45 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Монгол-Хятадын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төслийн талаар танилцуулав.
Ерөнхий сайдын 2023 оны 109 дүгээр захирамжаар Гашуун сухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийн болон барилга байгууламжийг цогцоор нь барих ажлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсэг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Гашуун сухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Гашуун сухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан гэв. Тодруулбал, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг судлах хэрэгжилтийг эрчимжүүлэх; Гашуун сухайт-Ганц мод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын Ганцмод боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц өмчлөгч төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлогоос санхүүжүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн БНХАУ-ын Ганцмод төмөр замын өртөө хүртэлх төмөр замын суурь бүтэц өмчлөгч төрийн өмчит компани болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хооронд үе шаттай, жил бүр 20 сая тонн хүртэлх нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой зах зээлийн зарчимд нийцүүлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрөхөөр төсөлд тусгажээ. Тавантолгойн нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг, хэрэгжилтийг тайлагнахыг Засгийн газарт даалгахаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн уг тогтоолын дагуу аливаа гэрээг ашигт малтмалын түүхий эдээр төлөх нөхцөл(off-take)-өөр байгуулахгүй байхаар тусгасан байна. Төсөл батлагдсанаар Тавантолгойн бүлэг ордын үнэ цэн өсөх, тээврийн өртөг зардал буурах, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтээс үүсэж буй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурах, төсвийн орлого болон валютын нөөц нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжив. Иймд “Монгол-Хятадын 1955 оны “Хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж заасан байдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.
Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компаниудад гарч буй “нүүрсний хулгай” асуудал нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудал тул Үндсэн хууль болон холбогдох хуулийг үндэслэн Улсын Их Хурлын 19 гишүүн хянан шалгах түр хороо байгуулах санал гаргажээ.
Төрийн бол олон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компаниуд, ялангуяа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн өмчийн оролцоотой “Таван толгой” ХК-д гарсан “нүүрсний хулгай” гэх асуудлаар иргэд олон нийтийн дунд үүсээд байгаа эргэлзээтэй, Монгол Улсад хохирол учруулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг тодорхой болгох, хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа нүүрсний хулгайтай холбоотой хэргүүдийн мөрдөн байцаах ажиллагааг хугацаа алдалгүй шуурхай явуулахад Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг үзүүлэх нь нэн чухал гэж үзсэн байна.
Улсын Их Хурлаас төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинэчлэн судлах, нээлттэй сонсгол зохион байгуулах, ард иргэд олон нийтийг мэдээллээр хангах арга хэмжээг авах шаардлагатай байгаа хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Улсын Их Хурлын даргын 2023 оны 107 дугаар захирамжаар “нүүрсний хулгай”-н асуудлыг Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, авлигатай тэмцэх, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл хяналтын асуудлаар Улсын Их Хурлын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгээс “нүүрсний хулгай”-тай холбоотой асуудлаар дагнасан хяналт шалгалт явуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог байгуулан ажиллуулж, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулах, тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий түр хороо байгуулах санал, дүгнэлтийг гаргасан. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төрийн болон орон нутгийн өмчит төрийн өмчийн оролцоотой компаниудын нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар дагнасан хяналт шалгалт эрчимтэй явуулах, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангаж, тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг боловсруулсан байна.
Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Батжаргал, Б.Жаргалмаа, Х.Нямбаатар, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, Ж.Сүхбаатар, О.Цогтгэрэл нар ажиллахаар төсөлд тусгасныг Байнгын хорооны дарга танилцуулсан юм. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 63.6 хувь нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.