Цэс

Холбоо барих

Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.07.05) хуралдаан 15 цаг 26 минутад эхэлж Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.


Засгийн газар 2023 оны зургадугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2023 оны долдугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс асуулт, санал гараагүй байна. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төслүүдэд нэмж тусгажээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Туваан, С.Чинзориг нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсны дараа Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулав. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг зургадугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс төслийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан иргэний нисэхийн дүрмээр зохицуулах үйл ажиллагааг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй 2 саналын томьёолол бэлтгэснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч ажлын хэсгээс санал хураалгахаар бэлтгэсэн хууль зүйн техникийн шинжтэй зарчмын зөрүүтэй 2 саналын томьёоллыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар дэмжжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарын төсөл болон Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт болохыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй 4 саналаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийгээд, эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.


Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Засгийн газраас тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал зургадугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Хуулийн төслийн 9 дүгээр зүйлд Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг өөрчлөхөөр тусгасан боловч тус зохицуулалттай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай төслийг хуулийн төслийн хамт өргөн мэдүүлээгүй орхигдуулсан байна. Иймд тус Байнгын хороо “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан санаачлан боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан.

Байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч ажлын хэсгээс дахин санал хураалгахаар бэлтгэсэн хууль зүйн техникийн шинжтэй зарчмын зөрүүтэй гурван саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар дэмжсэн гэв.


Ж.Бат-Эрдэнэ гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй 3 саналаар тус бүрд нь санал хураан шийдвэрлээд, хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ж.Бат-Эрдэнэ гишүүн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 10 дугаар зүйлд төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын талаар тусгасан боловч тус зохицуулалттай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хуулийн төслийн хамт өргөн мэдүүлээгүй орхигдуулжээ. Иймд Эдийн засгийн байнгын хороо “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан санаачлан боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 42 гишүүний 61.9 хувь нь дэмжсэн тул Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуралдаан Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Засгийн газраас зургадугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар тус тус танилцуулсан юм.

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурах тухай Ерөнхий сайдын захирамжийн төслийг Улсын Их Хурлын Эдийн засаг, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус тус хэлэлцэн дэмжсэн. Үүний дагуу Ерөнхий сайдын 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар захирамжаар Сангийн сайдад тус Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгосны дагуу Азийн хөгжлийн банктай хоёрдугаар сарын 28-ны өдөр хоёр талаас хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

“Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” нь хүнсний 19 гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болоход чухал ач холбогдолтой гэв. Хөтөлбөрийн хүрээнд аймаг, сумын төвүүдийн дэд бүтцийг хөгжүүлэх, төвлөрсөн дулаан хангамж, ус зайлуулах хоолой, бохир усны хоолой зэрэг дэд бүтцийн дутагдлыг шийдвэрлэх бөгөөд 395.7 сая ам.долларыг төлөвлөсөн байна. Мөн агро-бизнес эрхлэгчдэд тулгардаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх үүднээс бага хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа урттай зээлийг жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүргэхээр 117.6 сая ам.долларыг зарцуулах аж.

Нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ бэлчээрийн доройтлыг арилгах зорилгоор малчдын бэлчээрлэх дадлыг сайжруулах, хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтэд шаардлагатай төлөвлөгөө, арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрийн паркын менежменттэй холбоотой төр-хувийн хэвшлийн түншлэлийн зохицуулалтыг судлахад 137.7 сая ам.долларыг зарцуулах юм байна.


Санхүүжилтийн энэхүү ерөнхий хэлэлцээрийн хүрээнд урьд өмнө байгаагүй өндөр дүнтэй буюу нийт 78 сая ам.долларын буцалтгүй тусламжийг зээлдэгч байгууллагуудаас олгоно хэмээн С.Бямбацогт сайд танилцууллаа. Түүнчлэн, Уур амьсгалын ногоон сангаас авч буй 130 сая ам.долларын зээл нь хүүгүй, үндсэн төлбөрөөс 10 жил чөлөөлөгдөж, 40 жил эргэн төлөх нөхцөлтэй юм байна. Харин Азийн хөгжлийн банкнаас авч буй 270 сая ам.долларын зээл нь 2 хувийн хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн эргэн төлөх нөхцөлтэй. Европын хөрөнгө оруулалтын банкнаас авч буй 150 сая ам.долларын зээл нь тогтмол 2.92 хувийн хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн эргэн төлөх нөхцөлтэй. Нийт 550 сая ам.долларын зээлийн эх үүсвэртэй болж байгаа аж.

Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс нь хөтөлбөрийн санхүүжилтийг заавал авч ашиглах үүрэг хүлээхгүй бөгөөд хөтөлбөрийн эх үүсвэрийг тухайн олон улсын байгууллагууд Монгол Улсад олгохоор хуваарилалт хийн, хадгалах боломжтойг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад Монгол Улс санхүүжилт хүсэх хууль зүйн үүрэг хүлээхгүй ба зээлийн гэрээ байгуулаагүй тохиолдолд хөтөлбөрийн хүрээнд үүссэн эх үүсвэрийг цуцлах бүрэн эрхтэй юм байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцсэн бөгөөд тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн байна. С.Бямбацогт сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуухаар нэрээ өгсөн ч тус асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй учир хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэв.

Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг төслийн талаар танилцуулав.

Дархлаажуулалтын тухай хуулийн 10.1-д “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа (полиомиелит), В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно” гэж заасан байдаг. Үүний “...В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар...” гэсний дараа “А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар” гэсэн нэмэлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна. А вируст гепатит бол халдварт шар, пневмококк нь уушгины хатгалгаа, хүний папиллома вирусын халдвар нь умайн хүзүүний хавдар үүсгэгч хүний хөхөнцөр вирус юм байна.

Сайд танилцуулгадаа, Монгол Улсад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд А вируст гепатитын халдвар 2011 оноос өмнө жил бүр 9000 гаруй хүүхэд өвчилж, тэдгээрийн 70 гаруй хувийг 9 хүртэлх насны хүүхэд эзэлж байсныг дурдав. Тухайн онд Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, дархлаажуулалтад хамруулж эхэлснээс хойш шинэ тохиолдлын тоо 21.5 дахин буурсан байна. Хүн амын дундах өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох амьсгалын тогтолцооны өвчлөлийн дотор уушгины хатгалгаа 51.2 хувийг эзэлж, пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгалгаа хоёр хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж байгаа гэв. 2016 оноос 13 цэнт вакцинаар дархлаажуулж эхэлснээр 26 хувиар буурсан байна.

Мөн манай улсад, хүний папиллома вирусийн халдвар буюу умайн хүзүүний хорт хавдрын тархалт өндөр байгааг сайд танилцуулж, Зүүн Өмнөд Азийн орнуудад 100 000 хүн тутамд өвчлөлийн түвшин 10.9, нас баралтын түвшин 4.1 байгаа бол Монгол Улсад эдгээр үзүүлэлт 23.5, 10.2 байна гэсэн юм. Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын 2 дугаарт, нийт хорт хавдрын шинэ тохиолдлын 4 дүгээрт, нас баралтын шалтгааны 5 дугаарт эрэмбэлэгддэг байна. Хуулийн төслийг баталснаар дээрх төрлийн өвчлөл, нас баралтыг бууруулах боломжтой гэж төсөл санаачлагч үзжээ.


Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулсан бөгөөд энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа тус төслийн талаар хэлэлцэн, гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Эрүүл мэндийн сайдын танилцуулсан төсөл санаачлагчийн илтгэл, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн, Ж.Батжаргал, М.Оюунчимэг нар асуулт асууж, Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авав.

Хүний папиллома вирусэын халдвараар үүсгэгддэг умайн хүзүүний хорт хавдрын нөхцөл байдлын талаар тодруулсан гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа Монгол Улс энэ төрлийн халдвараар дэлхийн дунджаас хоёр дахин, нас баралт 1.5 дахин өндөр байгааг хэлж байв. Сүүлийн 5 жилийн судалгаанаас үзэхэд жилд 318-480 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол умайн хүзүүний хорт хавдрын улмаас 146-190 хүн нас бардаг гэлээ. Хууль батлагдсан тохиолдолд вакцины товлол буюу нас, вакцины тун, давтамж, хугацааг Засгийн газар тогтооно гэдгийг С.Чинзориг сайд хэллээ. Энэ төрлийн вакцинд АНУ 9 насанд хамруулдаг бол ДЭМБ-аас 11 наснаас хамруулахыг зөвлөдөг байна. Манай улсад 2019 онд хийсэн судалгаагаар 11 наснаас энэ төрлийн товлолт вакцинд хамруулах нь зохистой гэж үзсэн байдаг аж. Хүний папиллома вирусын эсрэг товлолт вакцинжуулалтыг баталгаажуулснаар жилд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулна гэв. Энэ зардал нь умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх, эмчлэхэд зарцуулж буй мөнгөн дүнг бууруулах, иргэдийн эрүүл мэнд, цаашлаад амь насыг хамгаалахад үнэтэй хувь нэмэр болно хэмээн салбарын яам үзжээ. Вакцины талаарх зөв мэдээллийг түгээж, иргэдийг вакцинжуулалтад өргөнөөр хамруулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг саналыг гишүүд хэлж байв. Хуулийн төслийг баталсан тохиолдолд иргэдийг вакцинжуулах вакцины чанарын баталгааг онцгойлон анхаарч, тухайн улс орон дотооддоо хэрэглэдэг, ДЭМБ-аас баталгаажуулсан бүтээгдэхүүн сонгохыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн гишүүн санууллаа. Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 44 гишүүний 54.5 хувь нь Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.


Дараа нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, С.Чинзориг сайд төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг ихээхэн орхигдуулсан болохыг төсөл санаачлагчийн илтгэлд онцлоод, эрүүл мэндийн олон улсын байгууллагуудын судалгаагаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулж байгаа 1.0 ам.доллар ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 40 хүртэлх ам.долларыг хэмнэдэг гэсэн үр дүн гарсныг дурдав. Өндөр хөгжсөн орнуудад эрүүл мэндийн салбарын нийт зардлын 60-аас доошгүй хувийг нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулж байхад Монгол Улсад энэ үзүүлэлт 19 хувьтай байгаа гэв. Хуулийн төслийг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа ажилтнууд, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, эрдэмтэн, судлаач, доктор, ахмад ажилтан, эрдэмтэд, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан, гүйцэтгэх албан тушаалтнууд оролцсон 18 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, төслийг яамны цахим хуудас, d.parliament.mn-д байрлуулан, иргэд, олон нийтээс санал авчээ.

Хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үндэсний хэмжээний бүтэц, тогтолцоог бүрдүүлэх, боловсронгуй болгох, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт, илрүүлэлтийн нэгжийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх статистик, мэдээллийн нэгжтэй нэгтгэн Өвчний хяналт сэргийлэлтийн төвийг байгуулахаар тусгажээ. Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх, хяналт тандалттай холбоотой зардал, санхүүжилтийг улсын төсвөөс санхүүжүүлэх, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, салбар хоорондын зохицуулалтыг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалж ажиллахаар тусгасан байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулсан бөгөөд энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа тус төслийн талаар хэлэлцэн, гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Нэг иргэнд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцын зардлыг тооцож, аймаг, сумдад хүн амын тоогоор төсвийг хуваарилан, энэ санхүүжилтдээ үндэслэн тухайн засаг захиргааны нэгжийн хүн амд зориулсан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зохицуулалтыг төсөлд тусгах саналыг гишүүд хэлж байв. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бие даасан хууль батлахын үндсэн ач холбогдол нь хамтын хүчин чармайлтаар нийтээрээ эрүүл байх гэж үзэж байгаагаа Ж.Чинбүрэн гишүүн хэлээд, зөвхөн эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын хүлээх үүргийг тодорхой тусгах саналыг хэлж байв.  Эрүүл мэндийн салбар нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж ирсэн, хууль батлагдсан тохиолдолд бусад салбарыг уриалан, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй оролцох нь чухал гэв. Товчхондоо, монгол хүний эрүүл аж төрөх нэгдсэн стандартыг нийтээрээ хамтарч бүтээхийн чухлыг тэрбээр онцолж байв. 

Гишүүд ийнхүү асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн 51.2 хувь нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул тухайн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.


Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүдээс энэ оны нэгдүгээр сард өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны зургадугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороод шилжүүлсэн юм.

Байнгын хороо энэ сарын 03-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт гараагүй аж.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцжээ. Тодруулбал, төсвийн хэлэлцүүлгийг 3, 8 дугаар сард хийхээр хуулийн төсөлд тусгасан байсныг зөвхөн 8 дугаар сард болгож, Төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэхээс өмнөх 14 хоногоос өмнө хийх нь зүйтэй хэмээн холбогдох саналыг бэлтгэжээ. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэнэ” гэж хатуу тогтоосныг өөрчилж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн таамаглалыг харгалзан, эдийн засаг, хөгжлийн яам нь холбогдох тооцооллыг хийх талаар өөрчлөлтийг тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг “Төсвийн байнгын хороо томилох, чөлөөлөх" гэснийг “Улсын Их Хурал томилох, чөлөөлөх” гэж өөрчлөн, холбогдох томилгоо хийх, сонсгол зохион байгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох саналын томьёоллыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлсэн байна. “Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан тусгай шаардлагыг өөрчлөх, хэрэгжих хугацааг хойшлуулах зэрэг хуулийн төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын Байнгын хорооны хуралдаан болон нэгдсэн чуулганд нийт гишүүн хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж заасныг “Улсын Их Хурлын гишуүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8.1.20-д зааснаас бусад тохиолдолд чуулганы хуралдаанд товлосон хугацаанд заавал хүрэлцэн ирж оролцоно” гэж хуульд нийцүүлэн тодорхой болгохоор томьёоллыг хэлэлцсэн байна. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах, төсвийн цаглаврыг мөрдүүлэхтэй холбогдсон зүйл, хэсэг заалтыг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн, Төсвийн тогтвортой байдпын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөх журмын хуульд холбогдох өөрчлөлүүдийг тусгасныг Байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй 47 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл