Цэс

Холбоо барих

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тогтоолын төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2023.07.05) “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өргөн мэдүүллээ.


Бүгд Найрамдах Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд “Хилийн төмөр замын хэлэлцээр"-ийг 1955 онд байгуулсан бөгөөд хэлэлцээрийн хүрээнд хилийн өртөөг ганцхан Замын-Үүд-Эрээн байхаар тогтоож хэлэлцээрийн хүрээнд өнөөдрийг хүртэл Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтыг ашиглаж иржээ. Уг хэлэлцээрт гал тэрэгний хөдөлгөөний нөхцөл, ачаа тээврийн төлөвлөгөө тохиролцох журам, ачаа тээвэрлэлт, зорчигч тээвэрлэлт, талуудын хариуцлага зэрэг зарим зарчмын асуудлыг тусгасан боловч хэлэлцээр байгуулагдсанаас хойш 70 орчим жил өнгөрсөн байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг 2004 онд байгуулсан. Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол-Хятадын хилийн хэсэгт Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч хилийн боомтуудад төмөр замын хилийн боомт ажиллахаар тогтсон боловч хэлэлцээр байгуулагдсанаас хойш төмөр замын хилийн холболт, боомтын ажлууд хийгдээгүй өнөөг хүрчээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас 2012 онд Ганцмод боомт хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийж дууссан төдийгүй Сэхээ, Зүүнхатавч боомтуудыг манай улсын төмөр замтай холбоход бэлэн болгожээ.


“Шинэ сэргэлтийн бодлого”-д тодорхойлсноор Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлын нэг нь боомтуудын үйл ажиллагааны тогтвортой бус байдал юм. Экспортын голлох бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтэд авто болон төмөр зам, боомтуудын хүчин чадал, гаалиар нэвтрэх тоо, боомт хооронд зарцуулах хугацаа чухал үүрэгтэй. Боомт болон уурхайг холбосон тээврийн сүлжээ нь уул уурхайн гаралтай экспортын бүтээгдэхүүний гарцад шууд нөлөө үзүүлж байна.

Худалдааны голлох боомтуудын нийт импортын бараа, бүтээгдэхүүний 70.1 хувь Улаанбаатар-Замын-Үүд боомтоор хийгдэж байгаа нь боомтууд дээр ачааны бөөгнөрөл, төвлөрөл бий болж, экспортын алдагдсан боломжийг нэмэгдүүлж байна. Мөн гадаад, дотоодын зах зээлд холбогдох тээвэр, логистикийн хүртээмж, зардал нь эдийн засгийн өсөлтийг хязгаарласан хэвээр байна. Тухайлбал, БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөөнд “Хил залгаа орнуудтай харилцаж буй боомтуудын бүтээн байгуулалт болон хөгжлийг бэхжүүлэх” ажлыг идэвхтэй урагшлуулахаар тусгасны дотор Монгол Улстай хиллэдэг Сэхээ, Ганцмод, Эрээн, Мандал, Зүүнхатавч боомтууд багтсан байна. Мөн нүүрсний нийт хэрэглээгээ 2050 он гэхэд 2.3 дахин бууруулахаар төлөвлөж байгаа ч эрчим хүчний нүүрсний импортыг түлхүү бууруулахаар төлөвлөсөн. Энэ нь манай улсын коксжих нүүрсний экспортын зах зээл хэвээр хадгалагдахаар байна. Түүнчлэн дэлхий даяар 2020 онд 1.9 тэрбум тонн ган үйлдвэрлэсний 57 хувийг БНХАУ дангаараа үйлдвэрлэж байгаа нь манай улс гол зах зээлд ойр болохыг илтгэдэг.

Иймд боомтуудыг өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Боомтуудыг өргөтгөн шинэчилснээр боомтуудын ачаа нэвтрүүлэх одоогийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж 160 сая.тн-д хүргэх, боомтууд дээрх хилийн хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, нэгдмэл удирдлагад оруулан цахимжуулах замаар бүтээгдэхүүний хилийн хяналтад зарцуулах хугацааг 40 хувиар бууруулах, гаалийн хяналт бүрдүүлэлт, лабораторийн үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр бизнес эрхлэгчдийн экспортод зарцуулах хугацааг нийтдээ 53 хувиар бууруулах тооцоолол гарчээ.

Тогтоолын төсөлд “Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд боомтын сэргэлтийн хэрэгжилтийг хангах зорилгоор 1955 оны "Хилийн төмөр замын хэлэлцээр"-т өөрчлөлт оруулах асуудлыг судлах, “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, Төмөр замын хилийн боомтын холболтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн болон барилга байгууламжийг цогцоор нь барих ажлыг эрчимжүүлэх, нүүрсний ордыг иж бүрэн ашиглаж, эдийн засгийн үр өгөөж, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх зэрэг зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх асуудлуудыг тусгасан байна.

Хил дамнасан төмөр зам баригдсанаар Тавантолгойн бүлэг ордын үнэ цэн өсөх, тээврийн өртөг зардал буурах, уул уурхайн бүтээгдэхүүнийг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай аргаар тээвэрлэх, төсвийн орлого, валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл