Цэс

Холбоо барих

ҮББХ: Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцлээ

 Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.07.05/ хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2022 онд 17.1 их наяд төгрөг,  нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 18.1 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.0 их наяд төгрөгийн алдагдалтай гарч төлөвлөгдсөн дүнгээс 1.8 их наяд төгрөгөөр буурсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар буурууллаа.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрчим хүчний сайд, Барилга, хот байгуулалтын сайдын багцын нийт 150 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 644.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 287.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 342.4 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх цэвэр зээлд 14.5 тэрбум  төгрөгийг зарцуулсан байна.

Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 35.3 хувь буюу 239.2 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд,  35.3 хувь буюу 227.4 тэрбум төгрөгийг Барилга, хот байгуулалтын сайд, 21.5 хувь 138.8 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайд, 6.1 хувь буюу 39.1 тэрбум төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зарлага эзэлж байна.

Улсын төсвөөс 629.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 54.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна хэмээн танилцуулав.

Тус байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.

Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний 33 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 26 байгууллагын 21-д “Өөрчлөлтгүй”, 4 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч, нийт 520.7 тэрбум төгрөгийн 97 зөрчил илрүүлэн, 0.1 тэрбум төгрөгийн 14 төлбөрийн акт тогтоожээ. 516.3 тэрбум төгрөгийн 38 албан шаардлага хүргүүлж, 2.6 тэрбум төгрөгийн 42 зөвлөмж өгч, 1.7 тэрбум төгрөгийн 3 зөрчлийг хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүй нийт 1.3 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 13 байгууллагын төсвийн захирагч нарт хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 31 байгууллагад дүгнэлт гаргаж,  2 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан 19 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 12 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.

Аудитаар нийт 143.0 тэрбум төгрөгийн 268 зөрчил илэрснээс, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 42 төлбөрийн акт тогтоон, 138.5 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 94 албан шаардлага хүргүүлжээ, 4.1 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 124 зөвлөмж өгч, эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцуулах 6 албан шаардлага хүргүүлж, 0.2 тэрбум төгрөгийн 2 асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үүнээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүй нийт 9.8 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 18 байгууллагын төсвийн захирагч нарт хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 60 байгууллагад дүгнэлт гаргаж, 4 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна.

48 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 10 байгууллагад “Хязгаарлалттай”, 2 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгчээ. 

Аудитаар нийт 495.8 тэрбум төгрөгийн 168 зөрчил илэрснээс, 0.2 тэрбум төгрөгийн 21 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 492.9 тэрбум төгрөгийн 72 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 2.7 тэрбум төгрөгийн 75 зөрчилд зөвлөмж өгсөн байна.

Үүнээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүй нийт 0.3 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 16 байгууллагын төсвийн захирагч нарт хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 21 байгууллагад дүгнэлт гаргаж, 4 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа 9 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 9 байгууллагад “Хязгаарлалттай”, 3 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгчээ. 

Аудитаар нийт 2,492.2 тэрбум төгрөгийн 173 зөрчил илэрснээс, 10.0 тэрбум төгрөгийн 22 төлбөрийн акт тогтоож, 516.2 тэрбум төгрөгийн 84 албан шаардлага хүргүүлж, 1,938.9 тэрбум төгрөгийн 62 зөвлөмж өгч, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан албан хаагчдад хариуцлага тооцуулах 1 албан шаардлага хүргүүлж, хууль хяналтын байгууллагад 2 байгууллагын 27.0 тэрбум төгрөгийн асуудлыг шилжүүлсэн байна.

Үүнээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүй нийт 1.2 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 17  байгууллагын төсвийн захирагч нарт хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлсэн байна.

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний 32 байгууллагад дүгнэлт гаргаж, 1 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан бөгөөд 25 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 7 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.

Аудитаар нийт 100.3 тэрбум төгрөгийн 156 зөрчил илэрснээс, 0.5 сая төгрөгийн 25 төлбөрийн акт тогтоож, 94.4 тэрбум төгрөгийн 67 албан шаардлага хүргүүлж, 5.4 тэрбум төгрөгийн 61 зөвлөмж өгч, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан 2 зөрчилд хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлж, хууль хяналтын байгууллагад 1 асуудлыг шилжүүлсэн байна.

Үүнээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүй нийт 7.7 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 8  байгууллагын төсвийн захирагч нарт хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн,  чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулахгүй байна хэмээлээ.  

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин тодорхойгүйгээс улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломжгүй байна. 

Төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгж нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт хийхгүй байгаа нь зөрчил арилахгүй байх гол шалтгааны нэг болж байна. 

Орхигдсон болон олон жил үргэлжилж байгаа төсөл, арга хэмжээг богино хугацаанд ашиглалтад оруулах шийдлийг гаргахгүй байгаа нь төсвөөс санхүүжигдсэн 287.6 тэрбум төгрөг нь үр дүнгүй зарцуулагдах үр дагавар үүсэхээр байна гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуусан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, улсын чанартай авто замын засвар арчлалтад өнгөрсөн жил хэдий хэмжээний хөрөнгө оруулалт тавьж, түүний гүйцэтгэл нь ямар байв хэмээн асуусан. Тэрбээр, Өмнөговь чиглэлийн зам олон жил эвдэрхий байснаас олон хүн амь насаа алдаж, иргэдийн эд хөрөнгө хохирлоо хэмээгээд замын эвдрэл нийслэл рүү шахмал түлш үйлдвэрлэх нүүрсний тээвэрлэлттэй, тэдгээр нь байнга даац хэтрүүлэн явдагтай холбоотой хэмээгээд нүүрсний тээвэрлэлтийг төмөр замаар хэдийд тээвэрлэдэг болох вэ, замын засвар хэдийд дуусах вэ гэж асуусан.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Өнгөрсөн жил улсын хэмжээний зам засварын ажилд 55 тэрбум төгрөг тусгасан. Дундговийн чиглэлийн замын засварын ажилд 3.2 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жил мөн ялгаагүй 55 тэрбум төгрөгийг зам засварын ажилд тусгасан. Зам засварын хөрөнгийг  зам хариуцагч байгууллагуудад хуваарилж засварын ажил эхэлсэн байгаа. Дундговь чиглэлийн замын ажилд 1.6 тэрбум, Өмнөговь чиглэлийн замын ажилд 978 сая төгрөг хуваарилсан. Зам засварын ажил 09 дүгээр сарын 10 гэхэд дуусах төлөвлөгөөтэй. Нүүрсний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлэх бүрэн боломжтой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яаманд шатахуун, утаагүй түлшний түүхий эдийг аль болох төмөр замаар тээвэрлээч гэсэн хүсэлтийг тавьж, тээвэрлэлт эхэлчихсэн явж байгаа гэлээ.

Ажлын хэсгийн гишүүд, шахмал түлшний түүхий эдийг төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрэн бүрдүүлсэн. Гэвч эдгээр түүхий эдийг тээвэрлэхийн тулд долоо хоногт 300-гаас багагүй вагон тавих шаардлагатай бөгөөд вагоны тоо шаардлагатай тоонд хүрэхгүй байгаагаас авто замаар тээвэрлэж байгаа. Өнөөдрийн байдлаар тээвэрлэлт хийж буй 200 вагоныг 300 болгочихвол авто замаар нүүрс тээвэрлэхгүй хэмээн нэмж хариулсан.

Тайлантай холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл