Цэс

Холбоо барих

ТБХ: Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.07.04/ хуралдаан 11 цаг 08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг,  Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах горимын санал гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Хуралдаан Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр эхэлсэн юм. 


Энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Сангийн сайд болон Монгол Улсын Ерөнхий аудиторын багцын нийт 242 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан болно. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 2.9 их наяд төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 1.7 их наяд төгрөг, хөрөнгийн зардалд 1.2 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 99.2 хувь буюу 2 их наяд 942.8 тэрбум төгрөгийг Сангийн сайд, 0.8 хувь буюу 24.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн багцын зарлага эзэлж байна. Улсын төсвөөс 1 их наяд 598.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол, гадаадын төслийн зээлийн 1 их наяд 280.1 тэрбум төгрөг, тусламжийн 295.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг авч ашигласан гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Дараа нь тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 239 тайлан нэгтгэснээс 115 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, нэг байгууллага аудитад хамрагдаагүй, 123 байгууллагыг түүвэрт хамруулж, аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 104 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 10 байгууллагад “Хязгаарлалттай”, нэг  байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгснийг онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулж байгаа төсвийн ерөнхийлөн захирагчдын албан тушаалаа урвуулан ашигласан, санхүүгийн хариуцлага, сахилга баттай холбоотой асуудал хэр гарсан талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал гадаадын зээл, тусламжийн үндсэн зээлийн хүү, үйлчилгээний төлбөрөөс гадна Сангийн яам, төрийн аудитын байгууллагын зүгээс зээлийн ханшийн зөрүүний асуудалд үнэлэлт, дүгнэлт хийсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь өнгөрсөн хугацаанд төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлттэй холбогдуулан тодорхой албан тушаалтанд хариуцлага тооцсон эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд төсвийн хөрөнгө оруулалтаар дутуу баригдаад орхигдсон төсөвт арга хэмжээнүүдэд аудитын дүгнэлт хийсэн эсэхийг тус тус тодруулж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагчдын зөрчилтэй дүгнэлт гаргасан албан тушаалтны нэрсийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал өнгөрсөн жилүүдэд дутуу хийсэн, гүйцээлгүй орхисон төсөвт арга хэмжээнүүдийг бүрэн дуусгахад Сангийн яам анхаарч Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд тусгах, мөн үндэсний хуримтлалын асуудлаа шийдэж томоохон төсөл, бүтээн байгуулалтад ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэсэн саналтай байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн аливаа төсвийн тодотгол, гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцэхэд тухайн жилд холбогдох зохицуулалтыг хийсэн бол түүнийг нь тайланд нь тодорхой тусгах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь заалтыг холбогдох албан тушаалтнууд анхаарах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн “Төрийн аудитын байгууллагын цалин шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсний дараа “Төрийн аудитын байгууллагын цалин шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдаан Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээс гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 2023 оны 7 дугаар сарын 1-ний” гэснийг 2023 оны 8 дугаар сарын 1-ний” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.3 хувь нь дэмжсэн.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн  Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор хэлэлцэж буй уг хуулийн төсөл нь  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуультай агуулга нэг тул Байнгын хорооны өмнөх хуралдаанаар эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эрх зүйн дүгнэлт гарах хүртэл хойшлуулах  нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв. 

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Эдгээр хуулийн төслүүдийг тус тусад нь өргөн мэдүүлсэн тул хэлэлцүүлгүүдийг нь тусад нь хийж ирсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболороос Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар эрх зүйн дүгнэлт гаргуулах санал гаргасан. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцэх үед хууль санаачлагчдын зүгээс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь эрх зүйн зөрчилгүй учраас эцсийн хэлэлцүүлгийг явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн” хэмээн тайлбарлалаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрчим хүч үйлдвэрлэх эх үүсвэрийн доод хүчин чадлын үзүүлэлтийн талаар хөндсөн болохоос хаана байгуулах, ямар түлш хэрэглэх тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Монгол Улсын 330 сум, хөдөө орон нутгийн хөгжилд 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай дулааны үйлдвэрлэлийн төвүүд ажиллаж байж, нийгэм соёлын байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа чанарын хувьд ахих боломж байгаа тул хуулийн төслийг дэмжиж байна. Улаанбаатар хотын тухайд холбогдох хуулиараа тодорхой хязгаарлалт, зохицуулалт хийх нь зүйтэй байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн.  

Ингээд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсдүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл