Цэс

Холбоо барих

ИЦББХ: Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Өнөөдрийн /2023.07.05/ УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийснээр эхэллээ.Төслийн танилцуулгыг Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулав. Тэрбээр, нэгдсэн төсвийн гүйцэтгэлгээр тус байнгын хороонд харьяалагдах Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 28,7 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 23 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 5,7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвөөс 22,3 тэрбум төгрөгийг өгсөн бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 9,4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна гээд  Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэж өгөхийг хүсэв.  


Түүний дараа Ерөнхий аудиторын орлогчын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч  Ц.Наранчимэг  аудитын дүгнэлтийг танилцууллаа. Тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрх, Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийлээ. 

 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 9 тайлан нэгтгэж, аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 6 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 3 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө.  

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 14,2 тэрбум төгрөгийн 58 зөрчил илэрснээс, 0,3 тэрбум төгрөгийн 7 төлбөрийн акт тогтоож, 12,7 тэрбумтөгрөгийн 26 албан шаардлага хүргүүлж, 1,4 тэрбум төгрөгийн 23 зөвлөмж өгч, 2 хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлсэн. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүй нийт 0,2 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 5 байгууллагын төсвийн захирагч нарт хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлсэн.  Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 4,6 тэрбум төгрөгийн 11 алдаа илэрснээс аудитын явцад  9 алдааг залруулж, 2 алдааг  давтан гаргахгүй байх  зөвлөмж өглөө. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 38,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 6,4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 11 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Үүнээс шилжин хэрэгжих 27,9  тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 5, шинээр хэрэгжих 10,3 тэрбум  төгрөгийн төсөвт өртөгтэй 6 төсөл, арга хэмжээ байна.


Нийт төсөл, арга хэмжээний ажлын бодит гүйцэтгэл 81.6 хувьтай, санхүүжилтийн гүйцэтгэл 86.3 хувьтай байна хэмээн танилцуулаад аудитын дүн, дүгнэлтээс нэн тэргүүнд анхаарах асуудлыг тоймлон танилцуулсан. Тэрхүү танилцуулагад, төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн,   чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулахгүй байна.   Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин тодорхойгүйгээс төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломжгүй байна. Орхигдсон болон олон жил үргэлжилж буй төсөл, арга хэмжээг богино хугацаанд ашиглалтад оруулахгүй байгаа нь төсвийн хөрөнгө үр дүнгүй зарцуулагдахаар байна. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгж нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт хийхгүй байгаа нь зөрчил арилахгүй байх гол шалтгааны нэг болж байна.  Төсөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь хөрөнгө оруулалтын үр өгөөж буурах, мөн төсөвт ачаалал үүсэж буй талаар жил бүр хийгдэж буй аудитын өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа нь Төсвийн тухай хуульд заасан төсөвлөлтийн шаардлагыг хангахгүй зөрчсөн хэвээр байна гэв.

Хэлэлцэж буй асуудал болон  аудитын дүгнэлттэй холбоотой асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй тул Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагыг дэд хороонд танилцуулахаар шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл