Өнөөдрийн /2023.07.04/ УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийснээр эхэллээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан төслийн талаарх танилцуулгыг хийв. Тэрбээр, тус байнгын хороонд харьяалагдах БШУ-ны сайд, Соёлын сайд, Биеийн тамир, спортын улсын хорооны нийт 2281 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан. Үүнээс гүйцэтгэл үр дүнгээр санхүүжих 2059 байгууллагыг нэгтгэсэн байна. Төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага, цэвэр зээлийн дүн 3 их наяд 985 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 3 их наяд 580 тэрбум төгрөг , хөрөнгийн зардалд 388 тэрбум, эргэж төлөгдөх цэвэр зээлд 16,8 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх мэтээр танилцуулсан.
Түүний дараа Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг аудитын дүгнэлтийг танилцууллаа. Тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрх, Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 1761 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 1090 байгууллагад дүгнэлт гаргаж, 669 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан, шинээр байгуулагдаж, үйл ажиллагаа явуулаагүй 2 байгууллагад дүгнэлт өгөөгүй. Санхүүгийн тайлангийн түвшинд нийт 284.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 1.5 тэрбум төгрөгийн 643 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 248.5 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 901 албан шаардлага хүргүүлж, 32.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 1885 зөвлөмж өгч, 1.9 тэрбум төгрөгийн 58 зөрчилд хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлж, 3 асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүллээ. Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 460 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 180 байгууллагад дүгнэлт гаргаж, 280 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” өгсөн бөгөөд харьяа 156 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 24 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө. Санхүүгийн тайлангийн түвшинд нийт 6.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 0.2 тэрбум төгрөгийн 151 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 3.9 тэрбум төгрөгийн 235 зөрчлийг арилгах албан шаардлага, 2.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 338 зөвлөмж өгч, 10 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлсэн.
Нийцлийн асуудлаар нийт 11.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 8.9 сая төгрөгийн зөрчилд 13 төлбөрийн акт тогтоож, 8.0 тэрбум төгрөгийн 109 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 3.1 тэрбум төгрөгийн зөрчилд 124 зөвлөмж өгсөн. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой нийт 5.5 тэрбум төгрөгийн алдаа илэрснийг аудитын явцад залруулсан.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 481.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 74.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 87 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Үүнээс шилжин хэрэгжих 379.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 49.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 62, шинээр хэрэгжих 32.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 7.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 25 төсөл, арга хэмжээ байна.
Нийт төсөл, арга хэмжээний ажлын бодит гүйцэтгэл 76.9 хувьтай, бүрэн хэрэгжиж дууссан 23, хэрэгжилт дутуу болон хэрэгжээгүй 64 төсөл, арга хэмжээ байна. Төсөл, арга хэмжээний 2022 оны санхүүжилтийн гүйцэтгэл 86.6 хувьтай байна гээд аудитын дүн, дүгнэлтээм нэн тэргүүнд анхаарах асуудлыг танилцуулав. Тухайлбал, орхигдсон болон олон жил үргэлжилж байгаа төсөл, арга хэмжээг богино хугацаанд ашиглалтад оруулах шийдлийг гаргахгүй байгаа нь төсвийн хөрөнгө үр дүнгүй зарцуулагдах үр дагавар үүсэхээр байна. Гадаад, дотоод зээлийн эх үүсвэр болон Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөөс иргэн, хуулийн этгээдэд олгосон зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд байршуулаагүйгээс хэд хэдэн эх үүсвэрээс давхардуулан зээл аван зээлийн баталгаа чанаргүй болж, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй, зээлийн эх үүсвэр бүрдэхгүй байх эрсдэл нэмэгдэж байна. Төсөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь хөрөнгө оруулалтын үр өгөөж буурах, мөн төсөвт ачаалал үүсэж буй талаар жил бүр хийгдэж буй аудитын өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа нь Төсвийн тухай хуульд заасан төсөвлөлтийн шаардлагыг хангахгүй зөрчсөн хэвээр байна гэв.
Түүний дараа байнгын хорооны гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” сургуулийн өргөтгөл ашиглалтад орохгүй удаж байна. Хэзээ ашиглалтад орох тухай лавлав. Ажлын хэсгээс, тус сургуулийн барилгын ажил одоогийн байдлаар 83 хувийн гүйцэтгэлтэй байна. Засгийн газрын тогтоолоор ачаалал өндөртэй буюу 3 ээлжтэй сургуулиудын барилгын ажлыг эрчимжүүлж, 2023 онд ашиглалтад оруулах боломжтой гэв.
БШУ-ын сайд Л.Энх-амгалан, 2023 онд боловсролын салбарт 329 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Нийт 1,8 их наядын төсөвт өртөгтэй бүтээн байгуулалт хийнэ. Хөрөнгө оруулалтын төлөвлөлт зэрэгт тогтолцооны шинэчлэлийн асуудлыг ярилцах хэрэгтэй. Үүнийг цэгцлэхгүй бол олон жил дамнан баригдаж буй сургууль, цэцэрлэг олон боллоо. Цаашид нэг обьектыг 3 жил дотроо л барьж дуусгахын тулд асуудлыг цогцоор нь төлөвлөдөг байхаар ажиллана гэв.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар сургуулийн өргөтгөл, Сүхбаатар сумын 4 дүгээр сургуулийн барилгууд тус тус хэзээ ашиглалтад орох талаар болон Шинжлэх ухаан технологийн санг хэрхэн сайжруулах вэ хэмээн асуув.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Засгийн газрын тусгай сангуудын ажил хаалттай явж ирсэн. Харин Засгийн газраас “Таван Ш” ажиллагааны хүрээнд тусгай сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгосон. Шинжлэх ухаан технологийн санд өнгөрсөн 15 жилийн хугацаанд 170 гаруй тэрбумын санхүүжилт хийжээ. Энэ хөрөнгөөр 4 мянга гаруй судалгааг санхүүжүүлсэн байна. Үр дүнтэй судалгаанууд байгаа ч тайлагнал байхгүй явж ирсэн. Эдүгээ Шинжлэх ухааны технологийн сангийн санхүүжилтийн журам өөрчлөгдсөн. Цаашид хөрөнгө оруулалтын үр дүнд анхаарч байна гэв. Харин Сэлэнгэ аймгийн дээрх сургуулиудын барилгын төсвийг нэмж батлуулах шаардлагатай учраас 2024 оны төсөвт нэмэлт санхүүжилт тусгагдана гэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, нийслэлийн тэр дундаа Сонгинохайрхан дүүрэгт шилжин суурьшигч олон учраас сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгааг хэрхэн багасгах талаар ямар ажил хийж байгааг асуув.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, өнгөрсөн жилд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргасан. Хоёрдахь асуудал бол гурван ээлжийн сургуулийн асуудалд онцгойлсон бодлогын арга хэмжээ авна.
Сүүлийн 6 жилд жил бүр 14-16 мянган хүүхдийн хүчин чадалтай сургууль ашиглалтад орж буй ч жил бүр сургуульд 35-38 мянган хүүхэд шинээр элсэн орж байна. Тэгэхээр жилд 100 сургууль ашиглалтад ороход цаана нь 60 сургууль шаардлагатай байх тооцоо гардаг. Энэ намрын хичээлийн жилд нийслэлд гурван ээлжээр хичээллэх 47 сургуульд онцгойлон анхаарал хандуулна. Зөвхөн хөрөнгө оруулалтад найдаж болохгүй учраас зориулалтыг нь өөрчлөн түрээслэх, анги танхимын зохицуулалт хийнэ. Нэг ангид 45 хүүхдээс илүү бүлэг бүрдүүлэхийг хориглохоор шийдэж байна. Ингэснээр боловсролыг чанартай хүргэх асуудалд ахиц гаргана гэв. Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч дуусан тул Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Төсвийн зарлагын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.
Түүний дараа Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа. Тэрбээр, Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж 35 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураасан. Харин төрийн өмчийн их, дээд сургуулиудын аж ахуйн удирдлагыг эрдмийн удирдлагаас салгах зохион байгуулалт хийх заалт хуулийн төслийн 23.3-т орсныг сургууль тус бүрт байхаар ойлгогдож буй тул боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага дээрээ төвлөрч, хөрөнгийн удирдлагын нэгж байгуулах зарчмын зөрүүтэй нэг санал гарсан. Үүнийг дэмжиж өгөхийг хүсье гэв.
Энэхүү Ажлын хэсгийн саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай асуудлыг хэлэлцэж дууслаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Байнгын хорооны хуралдаан үргэлжлүүлэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай хэлэлцэв.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрүүтэй 9 заалтаар санал хураалт явагдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх саналуудыг дэмжив.
Байнгын хорооны хуралдаанаар хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн. Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням горимын санал гаргав. Тэрбээр, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно гэсэн заалтын дагуу хоёр хэлэлцүүлгийг нэгтгэх санал гаргасан. Түүний горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Түүний дараа Хууль дагаж мөрдөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням өмнөх хуулийн төслийг хэлэлцэх үеэр гаргасан горимын санал гаргаж, мөн олонх дэмжив.
Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр байнгын хорооны хуралдаан үргэлжилэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт, санал гарсангүй. Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 39.2-т заасны дагуу хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно гэсэн заалтын дагуу анхны бөгөөд эцсийн хэлэлцүүлгийг нэгтгэх санал гаргав. Түүний горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувиар дэмжигдлээ.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.