Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

 

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2023.07.04/ 14 цаг 39 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж,  зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 92 тайлан нэгтгэснээс 77 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гарган 15 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 70 байгууллагын санхүүгийн тайланд “Өөрчлөлтгүй”, зургаан байгууллагын санхүүгийн тайланд “Хязгаарлалттай”, нэг байгууллагын санхүүгийн тайланд “Сөрөг” дүгнэлт өгсөн гэв.


Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 64 тайлан нэгтгэснээс 60 байгууллагад дүгнэлт гаргаж, дөрвөн байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 48 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 10 байгууллагад “Хязгаарлалттай”, хоёр байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн гэж байлаа.

Түүнчлэн тэрбээр аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах асуудлыг танилцуулав. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулахгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин тодорхойгүйгээс улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломжгүй байна. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгж нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт хийхгүй байгаа нь зөрчил арилахгүй байх гол шалтгааны нэг болж байгааг танилцуулгад дурдсан.

Гадаад, дотоод зээлийн эх үүсвэр болон Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөөс иргэн, хуулийн этгээдэд олгосон зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд байршуулаагүйгээс хэд хэдэн эх үүсвэрээс давхардуулан зээл аван зээлийн баталгаа чанаргүй болж, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй, зээлийн эх үүсвэр бүрдэхгүй байх эрсдэл нэмэгдэж байна. Төсөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь хөрөнгө оруулалтын үр өгөөж буурах, мөн төсөвт ачаалал үүсэж буй талаар жил бүр хийгдэж буй аудитын өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа нь Төсвийн тухай хуульд заасан төсөвлөлтийн шаардлагыг хангахгүй зөрчсөн хэвээр байна  гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг онцлон тэмдэглэлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтлоо.

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн

хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын таван гишүүнээс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагч гишүүн Н.Ганибал танилцуулгадаа, Манай орны хөдөө аж ахуйн газрын хэмжээ сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд ойролцоогоор 15.0 орчим сая.га-аар буурсныг онцлоод хөдөө аж ахуйн зориулалтай 119,254.221 га талбай байгаагаас бэлчээрийн талбай 116.627,574, хадлангийн талбай 634.505, тариалангийн талбай 1.171,512, атаршсан газар 238.832, хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн дэвсгэр газар 106.339, ашиглалт муутай газар 475.456 га байна. Газрын нэгдмэл сангийн 2021 оны улсын нэгдсэн тайланд дурдсанаар улсын хэмжээнд 80.033 га талбай бүхий өвөлжөө, хаваржааны газрыг 137.914 иргэн эзэмшиж байна гэв.

Мөн бэлчээрийн мониторингийн 2016 оны мэдээллээр, мониторингийн бүх цэгийн 42 хувь нь төлөв байдлын хувьд “соргог” буюу “талхлагдаагүй”, 13.5 хувь нь сул, 21.1 хувь нь дунд зэрэг, 12.8 хувь нь хүчтэй талхлагдсан, харин 1.3 хувь нь сэргэлтгүй талхлагдсан бөгөөд тайлангийн суурь он буюу 2014 оныхтой харьцуулбал, бэлчээрийн талхлагдлын түвшин сүүлийн хоёр жил өссөн дүнтэй, талхлагдаагүй болон сул талхлагдсан гэж ангилагдсан цэгийн тоо 10 хувь буурч, хүчтэй болон сэргэлтгүй талхлагдсан цэг 4.3-5.9 хувиар тус тус нэмэгдсэн гэж тогтоогджээ хэмээлээ.

2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0.07 га-гаас илүүгүй, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0.1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, “Багийн иргэдийн нийтийн хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж тус тус заасан байдаг. Дээрх хуулийн заалтаас үзэхэд иргэнд төмс, хүнсний ногоо, таримал ургамлын зориулалтаар олгогдох газрын хэмжээ 0.1 га-гаас илүүгүй байх бөгөөд зөвхөн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэн 0.1 га-гаас илүү хэмжээгээр үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, иргэн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаагүй бол 0.1 гаг-аас илүү хэмжээгээр газар үнэ төлбөргүй эзэмших эрхгүй юм. Мөн Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон тул сум, орон нутгийн иргэдэд төмс, хүнсний ногоо, таримал ургамал тарих зориулалтаар эзэмшүүлэх эрх зүйн зохицуулалт нь учир дутагдалтай байна. Хөдөө аж ахуйн газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, бэлчээрийн доройтол, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын түвшинг сайжруулахын тулд уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн төсөл санаачлагч танилцуулгадаа онцолсон.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хуулийн төсөлд газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэгчдэд олгож буй боломж, нааштай эрх зүйн зохицуулалт бий эсэх, атаршсан газруудад хянан баталгаажуулалт хийж, тэдгээр газрын тодорхой хэсэгт ногоон тэжээл тарих нөхцөлийг бүрдүүлэх, газар тариалангийн бүсээ дагуулж эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн уялдуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат өвөлжөө, хаваржаандаа гэр бүлийн хэрэгцээнд зориулж хүнсний ногоо тарих газрын хашаажуулалт, үүний улмаас үүсэх бэлчээрийн маргааныг төсөл санаачлагчид хэрхэн тооцсон, эсэхийг тодруулж байлаа.

Төсөл санаачлагч гишүүн Н.Ганибал хариултдаа, энэхүү хуулийн төсөл нь  малчид, тариаланчид, ногоочдын боломжийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн гэдгийг дурдахын зэрэгцээ атаршсан талбайг иргэн, аж ахуйн нэгжүүдийн мэдэлд очсон ч ногоон тэжээлүүдээ тарихгүй байна. Гэтэл үүний цаана малчдын хэрэгцээт ногоон тэжээлийн асуудал шийдэгдэхгүй байгаа юм. Энэхүү хуулийн төслөөр бэлчээрийн мал аж ахуйг, эрчимжсэн мал аж ахуйтай хэрхэн хослуулах эхлэлийг бага хэмжээгээр нэмэгдүүлнэ гэв.

Харин төсөл санаачлагч гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Хуулийн төсөлд иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ хувийн гэр, орон сууцны зориулалтаар 0,07 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1,5 га-аас тус тус илүүгүй байна гэсэн заалтыг тусгасан. Өөрөөр хэлбэл, шинээр өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгож буй газар нь 1,5 га-аас илүүгүй байна гэсэн өөрчлөлт оруулсан. Түүнчлэн төсөлд энэ хуулийн 52.7-д заасан өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж буй иргэн эзэмшлийн газартаа гэр бүлийн хэрэгцээнд зориулж төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тариалж болно гэсэн заалт оруулсан” хэмээн нэмэлт тайлбарыг өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашдаа атаршсан талбайг эргэлтэд оруулахад анхаарах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир бэлчээр хашаажуулах асуудлыг хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг дахин нухацтай ярилцах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.


Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтэрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн.

Тогтоолын төсөлд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Ц.Идэрбат, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байлаа.

Үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 22 гишүүнээс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 5 гишүүнээс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсүүд, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 5 гишүүнээс 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Уг тогтоолын төсөлд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Идэрбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байсан.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож, Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Дараа нь  Аймаг дундын отрын бүс нутгийн нөхцөл байдлыг судалж, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонссон.

Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч Ц.Идэрбат танилцуулав.

Тэрбээр санал, дүгнэлтдээ, Байнгын хорооны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Аймаг дундын отрын бүс нутгийн нөхцөл байдлыг судалж Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй ажилласныг дурдаад Ажлын хэсэг 2023 оны 06 дугаар сарын 12, 19, 21, 28, 7 дугаар сарын 03-ны өдрүүдэд хуралдаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн удирдлагууд болон отрын бүс нутгийн холбогдох байгууллагын хүмүүстэй уулзаж, аймаг дундын отрын бүс нутгийн нөхцөл байдалтай танилцаж, тодорхой үүрэг, чиглэл өгч ажилласныг онцлон тэмдэглэв.

Одоогийн байдлаар мал сүргийг байгалийн давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор 783.3 мянган га газрыг Засгийн газрын тогтоолоор аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан. Улсын тусгай хэрэгцээний нутаг буюу аймаг дундын отрын есөн бүсийн 783.3 мянган га талбайд 294 өвөлжөө хаваржаа, өвс, тэжээлийн долоон агуулах, малын 29 хороо, 80 инженерийн хийцтэй худгийг ашиглан үйл ажиллагаа явуулж байна гэж байлаа.

Ажлын хэсгээс аймаг, дундын отрын бүсүүдэд ажиллан дараах дүгнэлтийг гаргасан байна. Отрын есөн бүсийн бэлчээрийн даац, төлөв байдлын үнэлгээнээс харахад Аргалант, Чилэн, Малах, Хөхдэл нутгууд цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй,  Хэрлэнбаян-Улаан дунд, Чойбалсан, Багахайрхан, Баяннурууны отрын бүс цөлжилтийн сул зэрэглэлд байна. Аймаг дундын отрын бүс нутгийн ашиглалтын захиргаа удирдлага, хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчин, санхүүжилт, ажлын нөхцөл, хангамж нь үйл ажиллагаагаа бүрэн хэмжээнд явуулах чадамжгүй болсон байна. Отроор ирэгсэд нь мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдаагүй, эрүүл мэндийн гэрчилгээгүй, гарал үүслийн бичиггүй, тогтоосон маршрутаар нүүдэллэдэггүй, хугацаандаа гардаггүй, сэг зэмээ устгадаггүй зэргээс малын гоц халдварт өвчин дамжих, бусад малчдыг эдийн засгийн хохиролд оруулах явдал байсаар байна. Отрын бүс нутаг дахь түүхийн дурсгалт газар, соёлын өвийг сүйтгэх, нэн ховордсон ан амьтдыг устгах, зүй бусаар ашиглах явдал гарч байна. Отроор ирэх өрхийн нэрс ил тод бус, орон тооны бус зөвлөлийн шийдвэрээс илүү тоогоор ордог, хэн давуу эрх эдэлж байгаа нь тодорхой бус, хариуцлага хүлээдэггүй, татвар хураамж төлдөггүй зэрэг эмх замбараагүй байдлыг бий болгож байна. Орон нутаг отрын нүүдлийн талаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх, холбогдох дүрэм журмаа батлах, отрын бүсийн хил заагийг тодорхой болгох, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газруудын талбайн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.

Мөн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд холбогдох эрх бүхий байгууллагуудын мэдээлэл, танилцуулга болон тухайн отрын бүсийн аймаг, орон нутгийн иргэд, малчдын санал, хүсэлтийг сонсож нөхцөл байдалтай танилцаад дараах саналыг гаргасан гэв. Тухайлбал, аймаг, дундын отрын бүсийн захиргааг Улаанбаатарт байршуулах, бүсүүдэд ажиллах мэргэжилтнүүдийг автомашин, бензин шатахуунаар хангах, байцаагчийн эрх олгох, цалингийн нэмэгдэл олгох ажлыг зохион байгуулах, цаг хүндэрсэн үед ашиглах орон нутгийн тусгай хэрэгцээний газрын отрын бүс нутгийн бэлчээрийн хэмжээг нэмэгдүүлж, зүй зохистой ашиглах, тохижилт үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрийн босоо чиглэлд отор нүүдэл зохион байгуулах, мал эмнэлгийн хяналтын явуулын постыг отрын малын дамжин өнгөрөх бэлчээрт байгуулах, аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын бүртгэл, хяналтын нэгдсэн систем нэвтрүүлэх, цахимжуулах зэрэг олон ажлуудыг хийх зайлшгүй шаардлагатай байна гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ж.Батжаргал нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Байнгын хорооны тогтоолын төсөлд аймаг дундын отрын бүс нутгийн талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг гаргуулах асуудлыг тусгах шаардлагатай гэсэн санал хэлсэн.

Ингээд Аймаг дундын отрын бүс нутаг, бэлчээр ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь  дэмжлээ.

Уг тогтоолын төсөлд отрын бүс нутгийн талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг гаргаж, холбогдох арга хэмжээ авах, аймаг, дундын отрын бүс нутагт хамаарах соёлын өв, түүх дурсгалт газрыг улсын тусгай хамгаалалтад авах, аймаг, дундын отрын бүсийн ажиллах дүрэм, журмыг шинэчлэх, бүс дамнахгүй, босоо чиглэлд отор нүүдэл хийх, татвар, хураамж бий болгох, хугацаандаа гараагүй малчдад хариуцлага тооцох, түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг цогцоор нь шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байв.

Хуралдааны төгсгөлд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн удирдамжийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэнээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл