Цэс

Холбоо барих

ХЗБХ: Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.07.04) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар даргалж, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.


Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2022 онд 17.1 их наяд төгрөг, нийт зарлагын ба цэвэр зээлийн дүн 18.1 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.0 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөсөн дүнгээс 1.8 их наяд төгрөгөөр буурчээ. Ийнхүү сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар хуулийн хүрээнд бууруулсан байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Монгол Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, Шүүхийн сахилгын хорооны даргын багцын нийт 282 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан нэгтгэгдсэн гэв. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлд тус Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын зарлага болон цэвэр зээлийн дүн 876.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардал 801.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 74.6 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 78 хувь буюу 683.9 тэрбум төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, 8.4 хувь буюу 73.6 тэрбум төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, 6.4 хувь буюу 55.8 тэрбум төгрөгийг Монгол Улсын Ерөнхий прокурор, 7.2 хувь буюу 63.1 тэрбум төгрөгийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын багцын зарлага эзэлж байгаа гэлээ. Улсын төсвөөс 851.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 28.6 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр 1.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлжээ.


Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа. Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрх, Төсвийн тухай хуулийн дагуу тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг  хийжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 230 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 171 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 59 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Монгол Улсын Ерөнхий прокурорын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 44 санхүүгийн тайлан нэгтгэснээс 40 байгууллагад дүгнэлт гаргаж, 4 байгууллага түүвэрт хамрагдсан байна. Аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 44 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 40 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 4 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын төсвийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн төсвийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар  “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн гэв. Шүүхийн сахилгын хорооны даргын төсвийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын төсвийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын төсвийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна.


Аудитын дүн, дүгнэлтэд төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулахгүй байгааг анхааруулсан. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгж нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт хийхгүй байгаа нь зөрчил арилахгүй байх гол шалтгааны нэг болжээ. Орхигдсон болон олон жил үргэлжилж байгаа төсөл, арга хэмжээг богино хугацаанд ашиглалтад оруулах шийдлийг гаргахгүй байгаа нь төсвийн санхүүжилт үр дүнгүй зарцуулагдах үр дагавар үүсэхээр байгааг дурдсан. Төсөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь хөрөнгө оруулалтын үр өгөөж буурах, мөн төсөвт ачаалал үүсэж буй талаар жил бүр хийгдэж буй аудитын өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа нь Төсвийн тухай хуульд заасан төсөвлөлтийн шаардлагыг хангахгүй зөрчсөн хэвээр байгааг аудитын дүгнэлтэд дурдсан юм.


Сангийн сайд болон Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатын танилцуулгатай холбогдуулан холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Гишүүний тодруулсны дагуу аудитын дүгнэлтийн мөрөөр хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн асуудлын талаар мэдээллийг Үндэсний аудитын газраас танилцуулсан бол гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэл өгсөн. Гэмт хэргийн гаралт, нөхцөл буурч, илрүүлэлт өссөн байна. Гэхдээ залилан, мэхлэх гэмт хэрэг цахим орчинд үйлдэгдэх болж, хохирлын хэмжээ болон хохирогчийн тоо өссөн байна. Энэ чиглэлд харьяа байгууллагаас тодорхой арга хэмжээнүүдийг авч, төсөв, санхүү хуваарилж, алба хаагчдыг ажиллах нөхцөл бололцоогоор хангасан. Үүний үр дүнд хууль хяналтын байгууллагын хүний нөөц тогтворжиж байгаа гэлээ. Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн.



Ийнхүү Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл