Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.07.04) хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр 11 цаг 42 минутад эхэлж, Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийв.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ оны зургадугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д зааснаар хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төслийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгтэй холбогдуулан тус хэсэгт иргэний нисэхийн дүрмээр зохицуулах үйл ажиллагааны агуулгыг алдагдуулахгүйгээр өөрчлөн боловсруулж үйл ажиллагаа хэлбэрээр томьёолох, түүнчлэн 12.1.2-12.1.4 дэх заалтад тусгагдсан үйл ажиллагааг өөрчлөн найруулахтай холбогдсон зарчмын зөрүүтэй хоёр санал бэлтгэжээ. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заасны дагуу санал хураалгахаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Агаарын зайг нисэх нисэхэд ашиглах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тус бүр нэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Иргэний нисэхийн тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, 14.1 дэх хэсгийг хасах, төсөл дэх давхардсан зохицуулалтыг өөрчлөх саналыг бэлтгэсэн байна.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуух зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хуралдаанд танилцууллаа. Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг энэ сарын 04-ний өдөр хуралдаж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Эцсийн хэлэлцүүлэгт техникийн шинжтэй 2 саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн санал хурааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн тул саналын томьёоллыг бэлтгэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийн танилцуулсан дээрх танилцуулгатай холбогдуулан Х.Ганхуяг гишүүн төмөр замын транзит тээвэр, төмөр зам олон улсын стандартад нийцсэн техник, үйл ажиллагаатай болох зорилт бий эсэх талаар тодруулж ажлын хэсгээс хариулт авав. ОХУ-аас Монгол Улсаар дамжин БНХАУ руу тээвэрлэдэг ачааны хэмжээ их, харин БНХАУ-аас Монгол Улсаар дамжин ОХУ руу тээвэрлэдэг ачааны хэмжээ бага, 2017-2018 онд их зөрүүтэй байсан. Тухайн үедээ энэ зөрүүг арилгах үүднээс БНХАУ-аас Монгол Улсаар дамжин ОХУ руу тээвэрлэдэг ачаан дээр 15 хувийн хөнгөлөлт илүү үзүүлсэн байсан. Тухайн үед үүсээд байсан ачаа эргэлтийн зөрүү арилсан учраас БНХАУ-аас Монгол Улсаар дамжин ОХУ руу тээвэрлэдэг ачааны маршрутын дээрх хөнгөлөлтийг хүчингүй болгосон байна. Цаашдаа транзит тээврийн хөнгөлөлттэй тарифыг үе шаттайгаар бууруулах асуудлыг хөндөж, холбогдох талуудад саналаа хүргүүлээд байгаа гэв. Төмөр замыг цахилгаанжуулах ТЭЗҮ-г 2005 онд боловсруулсан бөгөөд 2.8-3 тэрбум ам.доллар шаардлагатай гэдэг төсөв гарсан гэв. Тухайн үедээ хоёр талын Засгийн газрын түвшинд ярилцаж, шийдвэрлэх боломжтой гэж ярилцсан бөгөөд цахилгаан, эрчим хүчний шинэ эх үүсвэр шаардлагатай болсон гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Дотоодын хэрэглэгчдэд олддоггүй хөнгөлөлт, ачаа тээвэрлэлтийн боломжуудыг хааж, транзит тээврийг хөнгөлөлттэй үнээр хийх нь зохисгүй гэдэг байр суурийг Х.Ганхуяг гишүүн илэрхийлэв. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 10 дугаар зүйлд төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх зохицуулалт тусгагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн боловсруулсан “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “20.Төмөр замын газар” гэж нэмэхээр төсөлд тусгажээ. Төмөр замын газрын орон тооны дээд хязгаарыг холбогдох хууль тогтоомжид батлахыг Засгийн газарт даалгаж, тогтоолыг Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тус тус заажээ.
Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Ц.Цэрэнпунцаг гишүүн гаргаж, санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Энэ өдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Үндсэн хуульд Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц, онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна гэж тусгасан байдаг. Төрөөс Үндсэн хуульд нийцүүлэн Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг батлахдаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих бодлогыг тодорхойлж, энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх асуудлыг тусгасан. Засгийн газраас бодлогын баримт бичгүүдэд тусгасан хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа.
Төсөл санаачлагчийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг тодорхойлохын тулд өнөөгийн тулгамдаж байгаа нөхцөл байдлыг судалсан байна. Монгол Улсад 1990-2023 оны I улирлын байдлаар нийт 41.1 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсний 73 хувь нь уул уурхайн олборлолт, 11 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт, үлдсэн 16 хувь нь бусад салбарт хийгдсэн гэдгийг тэмдэглэв. Гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй, нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч байгааг дээрх тоон үзүүлэлтээс харж болох аж. Оюутолгой төслийн уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалттай холбоотойгоор Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 оноос эрс нэмэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 42 хувийг “Оюутолгой” компани дангаараа бүрдүүлж байгааг төслийн танилцуулгад дурдав. Гэсэн хэдий ч нийт орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын урсгал хангалтгүй байгаа бөгөөд улсын хэмжээнд 2023 оны эхний улирлын байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд нийт 246.8 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас гадаадын хөрөнгө оруулалттай 9350 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 1990-2023 онд нийт 14836 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлснээс 5486 аж ахуйн нэгж татан буугдсан байна. Эдгээрийн 33 хувь нь 2010-2022 онд татан буугджээ.
Гадаадын хөрөнгө оруулалт нь уул уурхайн салбарт илүүтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг хязгаарлаж байгаа гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулаад, энэ хэрээр бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл боломж хязгаарлагдмал байгааг хэллээ.
Хуулийн төслийг нийт 65 хоногийн хугацаанд иргэд, олон нийт, хөрөнгө оруулагч нарын дунд нээлттэй хэлэлцүүлж санал авсан бөгөөд олон улсын байгууллага, гадаад улсын Элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, төрийн байгууллага, гадаад, дотоодын 120 байгууллагын 250 орчим төлөөллөөс 695 саналыг хүлээн авсан байна. Хууль санаачлагчийн зүгээс олон нийтээс ирүүлсэн санал, хуулийн хэрэгжилтийн үр нөлөө болон практик шаардлагад нийцүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг шинээр татах, эдийн засгийг төрөлжүүлэх, суурийг тэлэх, хөрөнгө оруулагчийн эрх, хууль, ёсны, ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдад үзүүлэх төрийн үйлчилгээг хялбаршуулах замаар хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг хадгалах зорилгод нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ.
Үргэлжлүүлэн төсөл санаачлагчийн илтгэлд хуулийн төсөлд туссан зарчмын гол асуудлуудыг дурдсан. Хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, шинээр орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тавигдах шаардлага болох 100 мянган ам.долларын шаардлагыг зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад байхгүй болгожээ. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлэх нөхцөл бүрдэх ба уул уурхайн салбараас бусад салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзсэн байна.
Хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой хөрөнгө оруулагчийг хохироосон аливаа гомдлыг шалган шийдвэрлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид өөрсдийн үйл ажиллагаанд үүссэн хүндрэл бэрхшээлийг цаг алдалгүй шийдүүлэх, улмаар гомдол нь даамжран шүүхийн болон арбитрын маргаан болж, төрд болон хөрөнгө оруулагчдад хүндрэл үүсгэдэг байдал арилна гэж тооцсон байна.
Хөрөнгө оруулалттай холбоотой гомдол, маргаан үүссэн тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагч олон улсын арбитрт хандах эрхийг нээж, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хууль бусаар дайчлан хураахгүй байх баталгааг төрөөс олгох зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ. Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хамгаалах баталгааны зохицуулалтыг хуульд тусгаснаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх итгэл сэргэнэ гэж үзсэн байна.
Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд төрөөс тухайн жилд төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог хуулиар тогтоон хязгаарлаж, хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ нь хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнесийн үйл ажиллагаанд учруулдаг шаардлагагүй дарамтыг бууруулах томоохон хөшүүрэг гэж тооцсон бйана.
Хөрөнгө оруулалтын чиглэлээр төрийн байгууллагуудын хүлээх үүргийг тодорхой тусгажээ. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөрөнгө оруулагчдад төрөөс нөхөн төлбөр олгохоор шийдэгдсэн тохиолдолд тухайн хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнаар төрд учирсан хохирлыг буцаан төлүүлэх, хариуцлага тооцох тухай зохицуулалтыг тусгажээ. Энэхүү зохицуулалт нь аливаа албан тушаалтан нь хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хувийн үзэмж, ашиг сонирхлын үүднээс ялгамжтай байдлаар шийдвэр гаргаж хохироодог байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж үзсэн байна.
Хөрөнгө оруулагч нарт үзүүлэх төрийн үйлчилгээг хялбаршуулж, нэг цонхны зарчмаар хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэхээр тусгасан байна. Хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэх төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах замаар хөрөнгө оруулагчид нэг сувгаар төрийн дэмжлэг, үйлчилгээг үзүүлэх давуу тал бий болох аж. Хөрөнгө оруулагч нарт эргэлзээ үүсгэж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг ойлгомжтой болгож, хуулийн давхардлыг арилгасан байна. Тухайлбал, татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой зохицуулалт нь татварын хуульд тусгагдаагүй бол хэрэгждэггүй байсан. Иймд хөрөнгө оруулагч нарт эргэлзээ үүсгэдэг байсан тус зохицуулалтыг хасаж, аливаа татварын дэмжлэгийг зөвхөн татварын хуулиар зохицуулж байх холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу үзүүлэх татварын хувь хэмжээг тогтворжуулах асуудлыг тодорхой болгосон байна. Тогтворжуулах гэрчилгээ олгох асуудлыг хялбаршуулж, шаардлага хангасан аж ахуйн нэгжийн хүсэлтэд үндэслэн цахимаар шийдвэрлэдэг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон ажлын хэсгээс хариулт авав.
Хөрөнгө оруулагчид төрөөс татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшуулал болон татварын бус урамшууллыг үзүүлж болно хэмээн заасан төсөл дэх зохицуулалтын талаар Ч.Ундрам гишүүн тодрууллаа. Түүнчлэн хөрөнгө оруулалтын татварын бус урамшуулалд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байгаа талаар асуухад хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус урамшуулал, ажлын байрны төлбөртэй холбоотой төсөл дэх зохицуулалт нь одоо мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалт гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн. Түүнчлэн олон гишүүний лавлаж байгаа төсөл дэх “газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” татварын бус урамшууллыг хөрөнгө оруулагчид үзүүлэх зохицуулалт нь одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн зохицуулалт гэв. Газрыг 60 жил эзэмшүүлэх, ашиглуулах, дээр нь 40 жилээр сунгах зохицуулалттай байгааг Ч.Хүрэлбаатар сайд хэлээд “Үндсэн хуульд гадаадын аж ахуйн нэгжүүдэд газрыг эзэмшүүлж болохгүй гээд заасан байгаа учраас энэ төсөлд “эзэмшүүлэх” гэдэг үгийг нь хассан. Одоо мөрдөгдөж буй, гэхдээ Үндсэн хуультай зөрчилдөж байгаа хэсгийг л бид өөрчилсөн” хэмээн тайлбарлав. Байнгын хорооны гишүүд гадаадын хөрөнгө оруулагчдын гомдолыг хэрхэн хүлээн авч, шийдвэрлэх талаар тодруулж байлаа. Засгийн газар энэ чиглэлд хоёр ажлыг хийж байгаа гэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ төрлийн гомдлыг хүлээн авч, хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар нягталж, шийдвэрлэх ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна. Үүний зэрэгцээ Ерөнхий прокурорын газарт тусгай ажлын хэсэг ажиллуулж байгаа юм байна. Хөрөнгө оруулагч нарын гомдлыг Засгийн газар хуралдаанаараа улиралд тутам хэлэлцэж байгаа аж. Эхний удаа 32 аж ахуйн нэгжийн гомдол ирсэн бол дараагийн хуралдаанд 44 гомдол ирсэн гэв. Төрийн албан хаагчдын гаргасан алдаа, ёс зүйгүй үйлдэл гээд бүх асуудлыг шийдвэрлээд явж байгаа гэх мэдээллийг Байнгын хорооны хуралдааны үеэр мэдээллээ. Төсөлд “Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл” байгуулахаар тусгасан бөгөөд аливаа асуудал Татварын маргаан таслах зөвлөл, шүүх, арбитрт шилжихийн өмнө эхлээд төр асуудлыг тал бүрээс нь судалж, аль болох маргаанд хүргэхгүйгээр шийдвэрлэх гарц гэв. Түүнчлэн арбитрыг сонгоод, хандах боломжийг нь нээж өгсөн гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд онцлон, тайлбарласан. Т.Аубакир гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, тогтворжуулах гэрчилгээтэй холбоотой төсөл дэх зохицуулалтыг онцолсон. Тэрбээр, шүүх шударга шийдвэр гаргадаг байх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой гэдгийг хэлсэн. Хөрөнгө оруулагчийн гаргасан гомдолыг шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүх дунджаар 6.2 жилийг зарцуулдаг гэх тооцоог Ч.Хүрэлбаатар сайд танилцуулаад, 16 жил шүүхээр явсан тохиолдол байгааг мөн дурдав. Энэ асуудлыг шийдвэрлэхээр “Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл”-ийг байгуулахаар төсөлд зохицуулалтыг тусгасан гэлээ. Дотоодын аж ахуйн нэгжүүдээ хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох талаар ямар зохицуулалт тусгасныг Ж.Бат-Эрдэнэ гишүүн тодруулж хариулт авсан бол Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж газрыг 15 жилээр ашиглаж, эзэмших зохицуулаттай атлаа гадаадын хөрөнгө оруулагчид төсөл дэх зохицуулалтаар санал болгож буй хувилбарын талаар харьцуулж Д.Батлут гишүүн асуулаа. Улсын Их Хурлаас 2013 онд баталсан, өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” зохицуулалтыг Үндсэн хуульд нийцүүлэн “эзэмшүүлэх” гэсэн үгийг хасаж, бусад агуулгыг хэвээр төсөлд тусгасан гэдэг тайлбарыг Ч.Хүрэлбаатар сайд хэллээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуусан Улсын Их Хурлын гишүүд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Т.Доржханд, Ц.Цэрэнпунцаг нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Монголбанк, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдууд, худалдааны атташе нарыг үүрэгжүүлэх саналыг хэлж байв. Түүнчлэн байгалийн баялагт тулгуурлаж хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж, тэргүүлэх салбар, чиглэлээ оновчтой эрэмбэлэн, бүх талаар дэмжих шаардлагыг талаар санал хэлсэн.
Ийнхүү гишүүд хууль санаачлагчаас хуулийн төслийн үзэл баримтлалын талаар асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 66.7 хувь нь дэмжив. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Үргэлжлүүлэн “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Ц.Цэрэнпунцаг гишүүн төслийн талаар танилцууллаа. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд олонхын саналаар дэмжин баталлаа. Ингэснээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахлан ажиллахаар болов.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрх, Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулав.
Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын талаар тэрбээр танилцуулсан.
Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 4 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдэж, “өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 33 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 26 байгууллагад дүгнэлт гаргаж, 7 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна. Аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 25 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс, 21 байгууллагад дүгнэлт гаргаж, 4 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэв. Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 33 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 32 байгууллагад дүгнэлт гаргаж, 1 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 33 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 31 байгууллагад дүгнэлт гаргаж, 2 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийн 2022 оны санхүүгийн тайлангийн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн бол Үндэсний статистикийн хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 23 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 18 байгууллагад дүгнэлт гаргаж, 5 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна.
Аудитын дүн, дүгнэлтээс Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулахгүй байгааг хэлэв. Түүнчлэн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин тодорхойгүйгээс улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломжгүй байгааг дүгнэлтэд дурдсан. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгж нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт хийхгүй байгаа нь зөрчил арилахгүй байх гол шалтгааны нэг болж байгааг аудитын дүгнэлтэд онцолсон байна. Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд төсвөөс санхүүжих нийгмийн шинж чанартай төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлж байгаа нь төсвийн нэгдсэн бодлогын зарчмыг алдагдуулж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулсан. Түүнчлэн төсөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь хөрөнгө оруулалтын үр өгөөж буурах, мөн төсөвт ачаалал үүсэж буй талаар жил бүр хийгдэж буй аудитын өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа нь Төсвийн тухай хуульд заасан төсөвлөлтийн шаардлагыг хангахгүй зөрчсөн хэвээр байгаа аж. Харьяа төсвийн захирагчдын үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулж, төрийн аудитын байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг аудитын дүгнэлтэд дурдсан.
Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.