Цэс

Холбоо барих

Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.07.03) хуралдаан 14 цаг 22 минутад эхэлж, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хэлэлцэв. Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.


Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд төсөвт байгууллага, төсөл, Төрийн сангийн тайлангууд болон Засгийн газрын тусгай сангийн 22, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн 140, орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжийн 428 байгууллагын тайланг хамруулжээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын Төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлого зэрэг нь 2022 онд инфляц, төлбөрийн тэнцлээр дамжин манай улсын эдийн засагт томоохон сорилт болсон гэв. Тухайлбал инфляц 2009 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч 16.9 хувь болсон бол гадаад валютын албан нөөц 2.6 тэрбум ам.долларт хүрч 2016 оноос хойших хамгийн бага түвшинд хүрчээ. Улмаар эдийн засаг тайлант оны эхний улиралд 3.9 хувиар агшсан байсныг танилцуулгад дурдсан.

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны эцэст эдийн засаг 4.8 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрсэн бол инфляц 13.2 хувьтай тогтворжжээ.

Нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн 34 мянга орчим нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байсныг шийдвэрлэж, цэцэрлэгийн олон хэлбэрийг бий болгон хувьсах болон хоолны зардлыг нэмснээр 28793 хүүхдийг нэмж цэцэрлэгт хамруулжээ. Хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 469.2 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлж, тэтгэврийн доод хэмжээ 350 мянга байсныг 500 мянган төгрөг болгосон. Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоог улс орон даяар 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж 852.8 мянган иргэнийг хамруулсан байна.


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд дэд бүтэц, бүтээн байгуулалт, нийгмийн чиглэлийн 1062 төслийг хэрэгжүүлж, нийтдээ 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийснээр эдийн засгийг дэмжиж, хувийн хэвшлийн 1580 гаруй аж ахуйн нэгжийн 37 мянга гаруй ажлын байрыг хадгалсан болохыг Б.Жавхлан сайд танилцуулсан юм. Үүний үндсэн дээр нийгмийн салбарт 17 сургууль, 32 цэцэрлэг, 9 дотуур байр, 4 сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 музей, 11 соёлын төв, 7 спорт заал, 4 спорт цогцолбор барьж байгуулсан байна. Хөдөлмөр нийгэм хамгааллын 20 төсөл хэрэгжүүлжээ. Эдийн засгийн салбарт 34 авто зам, 6 гүүр байгууламж, инженерийн шугам сүлжээ 58, цахилгаан хангамжийн 16 төсөл, дулаан хангамжийн 7 төсөл гэх зэрэг улсын хэмжээнд нийтдээ 428 төсөл ашиглалтад орсон байна. Түүнчлэн нийт 1.8 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаадын зээл тусламжийн 26 төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Улсын II төв эмнэлгийн өргөтгөл шинэчлэл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл, Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төсөл, цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын 2 төсөл, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”, “Ухаалаг засаг 1”  төсөл зэргийг хэрэгжүүлсэн байна.

Мөн онд БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 10 аймгийн төвийн дулааны станц барих, БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, ЕСБХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 эгнээ зам барих төсөл зэрэг томоохон төслүүдийг амжилттай санхүүжүүлжээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2022 онд 17.1 их наяд төгрөг, нийт зарлагын ба цэвэр зээлийн дүн 18.1 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.0 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөсөн дүнгээс 1.8 их наяд төгрөгөөр буурчээ. Ийнхүү сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар хуулийн хүрээнд бууруулсан болохыг Сангийн сайд тэмдэглэв.

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 10.2 их наяд төгрөг, зарлага 11.3 их наяд төгрөг, нийт тэнцэл 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөгдсөн алдагдлаас 1.2 их наяд төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2 их наяд төгрөгөөр тус тус сайжирсан үзүүлэлт юм байна.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа.


Засгийн газар тайлант онд нэгдсэн төсвийн бодлогоо 9 багц арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэхээр зорилт дэвшүүлэн ажиллажээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1-д заасан тусгай шаардлагуудыг хангасан байна. Аудитаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого ба тусламжийн дүнг 17 их наяд 126.9 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 18 их наяд 159.6 тэрбум төгрөгөөр баталгаажуулжээ.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 2 их наяд 891.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1 их наяд 32.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 2.0 хувийг эзэлж байгаа юм байна.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулиар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад хамаарах 6 их наяд 152.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 1 их наяд 393.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1369 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд аудит хийж гүйцэтгэлийг хянасан байна.  

Улсын Их Хурлаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр эрх зүйн орчин бүрдүүлснээр төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулж, төсвийн алдагдал буурах, төрийн өмчит байгууллагуудын ашигт ажиллагаа нэмэгдэх боломжийг бий болгосон гэдгийг дурдав. Гэвч уг хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагууд хэрэгжилтийг хэрхэн хангасан талаар ил тод тайлагнах, үр дүнг мэдээлэх зохицуулалтгүй, зарим зүйл заалтыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэн өөрчлөх шаардлагатай гэв.

Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 6618 санхүүгийн тайлан нэгтгэгдсэн бөгөөд төсвийн 57 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар “өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлтийг 40, “хязгаарлалттай” дүгнэлт 17-г өгсөн байна. Үргэлжлүүлэн тэрбээр “хязгаарлалттай” дүгнэлтийн талаар тайлбар, үндэслэлийг танилцуулаад аудитын дүн, дүгнэлтээс нэн тэргүүнд анхаарах асуудлыг дурдав.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулахгүй байгааг хэллээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин тодорхойгүйгээс улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломжгүй байгаа аж. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгж нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт хийхгүй байгаа нь зөрчил арилахгүй байх гол шалтгааны нэг болж байгаа аж. Орхигдсон болон олон жил үргэлжилж байгаа төсөл, арга хэмжээг богино хугацаанд ашиглалтад оруулах шийдлийг гаргахгүй байгаа нь төсвөөс санхүүжүүлсэн 287.6 тэрбум төгрөг нь үр дүнгүй зарцуулагдах үр дагавар үүсэхээр байгааг мөн аудитын дүгнэлтэд дурдлаа.


Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг эрсдэлгүй байлгах зорилгоор Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулсан боловч сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг ашиглаагүй гэв. Гадаад, дотоод зээлийн эх үүсвэр болон Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөөс иргэн, хуулийн этгээдэд олгосон зээлийн мэдээллийг Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д байршуулаагүйгээс хэд хэдэн эх үүсвэрээс давхардуулан зээл авч, зээлийн баталгаа чанаргүй болж, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй, зээлийн эх үүсвэр бүрдэхгүй байх эрсдэл дагуулж байгааг Д.Занданбат дарга танилцууллаа.

Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд төсвөөс санхүүжих нийгмийн шинж чанартай төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлж байгаа нь төсвийн нэгдсэн бодлогын зарчмыг алдагдуулж байгааг мөн дурдсан. Төсөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь хөрөнгө оруулалтын үр өгөөж буурах, мөн төсөвт ачаалал үүсэж буй талаар жил бүр хийгдэж буй аудитын өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа нь Төсвийн тухай хуульд заасан төсөвлөлтийн шаардлагыг хангахгүй, зөрчсөн хэвээр байгаа аж.

Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Улсын Их Хуралд 5 асуудлыг танилцуулав. Төрийн аудитын байгууллагаас өмнөх жилүүдэд толилуулсан Монголбанкны санхүүгийн тайланг Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нэгтгүүлэн төрийн нийтийн хөрөнгийн дүн мэдээг бүрэн илэрхийлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгааг Улсын Их Хуралд танилцууллаа. Мөн Улсын Их Хурлаас тухайн жилийн Төсвийн тухай хуулиар батлаагүй хөрөнгө оруулалтын болон нийгмийн шинж чанартай төсөл арга хэмжээг төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа асуудлыг анхаарч хуулиар тодорхой зохицуулах; гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнд Засгийн газраас хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний тайланг Байнгын хороод хэлэлцэж байх шаардлагатай хэмээн аудитын дүгнэлтэд дурджээ.

Дотоод хяналт хангалтгүйгээс жил бүрийн аудитаар илэрч буй алдаа, зөрчил буурахгүй, өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул дотоод аудитын эрх зүйн орчинг хуульчилж, үйл ажиллагааг төлөвшүүлэх боломжийг бүрдүүлэх; аудитын зөвлөмжийн мөрөөр төсвийн ерөнхийлөн захирагчдын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг харьяалах Байнгын хороод хэлэлцэн үнэлж, дүгнэх эрх зүйн зохицуулалтыг буй болгох шаардлагатай гэлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Ерөнхий сайдад 16, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад 5, Сангийн сайдад 14, Монгол Улсын Сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргад 2, Барилга, хот байгуулалтын сайдад 1, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт 5, Аймгийн ИТХ, Засаг дарга нарт 3 зөвлөмж өгсөн байна.

Төсвийн гүйцэтгэлийн талаарх Сангийн сайдын илтгэл, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Д.Ганбат, Д.Өнөрболор, Г.Дамдинням, С.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Баттөмөр, А.Адъяасүрэн, Т.Энхтүвшин, М.Оюунчимэг, Ж.Батжаргал, Ч.Ундрам, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон Монгол Улсын Ерөнхий аудитор, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв.


Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд шилжсэнтэй холбоотойгоор сумдын эрүүл мэндийн төв гүйцэтгэл, олсон орлогоо хуваарилах байдлаар ажилтнуудынхаа цалинг нэмэгдүүлэхэд акт тавьж байгааг Ж.Чинбүрэн гишүүн хөндөж, холбогдох тодруулгыг хийв. Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоотой холбогдуулан зарим сумын эмнэлгийн дарга нарын цалинтай холбоотойгоор нэг аймагт акт тавьсан болохыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг тайлбарлалаа.

2022 он бол санхүү, төсвийн хувьд маш амжилттай жил болсныг Д.Өнөрболор гишүүний асуултад хариулах үедээ Сангийн сайд  онцолж байв. Төсвийн орлого 1.4 их наяд төгрөгөөр давсан ч зарлагаа нэмэлгүй, энэ хэмжээгээр үндсэн тэнцлээ сайжруулж, алдагдлаа бууруулсан гэв. Төсвийн бодлогоор зардлаа хэмнэсэн бол мөнгөний бодлого хатуу байсан. Төсөв, мөнгөний бодлого маш нийцтэй хэрэгжсний үр дүнд төсвийн алдагдал буурсан, Төв банкны валютын нөөц нэмэгдсэн, төлбөрийн тэнцэлийн алдагдал буурсан гэх зэрэг зорилтот макро үзүүлэлтүүдээ “сайн барьж” чадсан гэв. Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан дахь гадаад өр, төлбөрийн талаарх тоон мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батжаргал нар тодруулга хийсэн бол төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтүүд дэх давхардсан зөрчлүүдийн талаар Т.Энхтүвшин гишүүн асууж, хариулт авсан. Тайлант онд ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар М.Оюунчимэг гишүүн тодруулахад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тайланд хийсэн аудитаар 7 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 73.9 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд байнгын 6124 ажлын байр, цагийн ажлын байр 6599, түр ажлын байр 21286, нийтдээ 34009 ажлын байр бий болгосон гэдэг дүгнэлтийг гаргажээ. Шинжлэх ухаан, технологийн сан, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн тайланд хийсэн аудитын дүгнэлттэй холбогдуулан Ч.Ундрам гишүүн асуулт асууж, хариулт авсан бол Б.Пүрэвдорж гишүүн тайлант онын үнийн өсөлт болон инфляцын нөхцөл байдлын талаар үг хэлж, цалингийн зардлын талаар тодруулж Сангийн сайдаас хариулт авав.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараа төсвийн гүйцэтгэлийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлэв.


Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал өнгөрсөн сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо 2023 оны долдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан  8 санал, төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул мөн зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 3 саналаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн байна.


Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй аж. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлэв. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Төслийн 19 дүгээр зүйлд “Нам Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгох ажлыг зохион байгуулах хороотой байж болно. Хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, түүнийг байгуулах, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах болон үйл ажиллагааны журмыг энэ хуулийн 8 дугаар зүйл, намын дүрэмд нийцүүлнэ”, “Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгохдоо энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.3-т заасныг баримталж, тухайн албан тушаалыг хаших ёс зүйн болон хууль тогтоомж, холбогдох журмаар тогтоосон бусад шаардлагад үндэслэнэ” гэсэн хэсэг нэмэх саналыг гишүүдийн олонх дэмжсэн.


Мөн мөнгөн бус хандив авч байгаа тохиолдолд хандивлагчтай хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах; хуулийн этгээд намд хандив өгсөн бол хандивын хэмжээ, зориулалтыг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайландаа тусгана; нам санхүүгийн тайланд аудит хийхээр гэрээ байгуулсан аудитын хуулийн этгээд хандивын талаар баримт мэдээллийг хандивлагчаар гаргуулан авна гэсэн агуулгатай хэсгийг төслийн 34 дүгээр зүйлд нэмэх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 62.5 хувь нь дэмжлээ. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт тавих хяналт, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагатай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсны дараа хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулан анхны хэлэлцүүлгийг 2023 оны долдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хийжээ.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийн танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн горимын саналуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 45 гишүүний 53.3 хувь нь дэмжив. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулахыг гишүүдийн 59.1 хувь нь дэмжсэн тул төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.


Дараа нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн танилцуулав.

Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал зургадугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулаптын байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо энэ сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулсан гэлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Сүхбаатар нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 2, Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 1 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Ийнхүү Байнгын хорооны гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрийг хэлэлцсэн болохыг санал, дүгнэлтэд дурдав.


Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав.

Аймаг, сумын баяр наадмын барилдаанд бусад аймаг, сумын бөхийг оруулахгүй байгаа талаар, тухайн аймаг, сумандаа бүртгэлтэй ч тухайн хаягтаа оршин суудаггүй хүнийг барилдааны жагсаалтад бүртгэж, даваа авдаг гэх асуудлыг Б.Пүрэвдорж гишүүн хэлж, энэ асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг төсөлд тусгасан эсэхийг лавлав. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д “Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийг үндэс угсаа, төрсөн газар, оршин суугаа засаг захиргааны нэгж, цол, чимгээр нь ялгаварлан барилдах эрхийг хязгаарлахыг хориглоно” гэж заасан байдгийг ажлын хэсгээс хариулав. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүртгэлийг цахимжуулахаар ажиллаж байгаа юм байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндэсний бөх нь наадамчин олноо баясгаж, үнэн хүчийг үзүүлж барилдах ёстойг хэлж бөхийн барилдааны үеэрх шударга бус үйлдлүүдийг таслан зогсоох чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллахыг тодрууллаа. Үндэсний их баяр наадам бол жилд нэг удаа зохион байгуулагддаг төрт ёсны их баяр наадам учраас хуулиар зохицуулдаг гэдгийг ажлын хэсэг хэлээд аль болох талуудын эрх ашигт нийцүүлэн, шударга, маргаан будлиангүйгээр баяр наадмыг зохион байгуулахаар ажиллаж байгаа гэв. Допингийн асуудлыг багасгахын тулд шинжилгээг авах давтамж, шинжилгээнд хамрагдах бөхчүүдийн тоог нэмэгдүүлэх юм байна. Үндэсний их баяр наадмын тухай хууль, Засгийн газраас баталсан холбогдох дүрэмд тусгагдсан бөхийн ёс зүйтэй холбоотой заалтуудыг хэрэгжүүлэхийн чухлыг ажлын хэсэг хэллээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.


Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан. Төсвийн тухай хуулийн 43 дугаар зүйлд төсвийн жил дамжин хэрэгжих арга хэмжээний зохицуулалт хэсэгт тухайн төсвийн жилд ашиглагдаагүй үлдэгдлийг дараагийн жилд үргэлжлүүлэн зарцуулж болохоор тусгасан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ” гэж заасан байдаг. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.7 дахь хэсэгт төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төсвийн захирагчид хамаарахгүй” гэж заасан. Гэвч энэхүү заалтад эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэж буй сум, тосгоны эрүүл мэндийн төвийн асуудлыг орхигдуулсан байна. Үүнээс болж жил бүрийн санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд “Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.7 дахь хэсэг төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төсвийн захирагчид хамаарахгүй” гэж заасан нь сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хамааралгүй гэх үндэслэлээр дансны үлдэгдлийг улсын төсөвт төвлөрүүлэх зөвлөмж, албан шаардлагыг байнга өгч байгаа аж. Иймд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ хуулийн 7.7 дахь хэсэгт “төрийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төсвийн захирагч” гэсний дараа “сум, тосгоны” гэж өөрчлөхөөр төслийг боловсруулжээ.


Төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Төсвийн байнгын хороо энэ сарын 03-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, Д.Батлут нар асуулт асууж, Эрүүл мэндийн сайдаас хариулт авав. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 37 гишүүний 56.8 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл