Цэс

Холбоо барих

ТБХ:Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.07.03/ хуралдаан 09 цаг 39 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Ш.Раднаасэд, Ж.Батжаргал нар үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах санал гаргав.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Холбогдох Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад хууль, тогтоолын төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бол тухайн Байнгын хорооны дарга эрх зүйн дүгнэлт хийлгэх төсөл, төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт, гишүүний гаргасан саналын томьёоллын талаар албан бичгээр Тамгын газарт хүргүүлнэ” гэж, 38.2-т “Хуулийн асуудал хариуцсан газар дараах асуудлаар эрх зүйн дүгнэлт гаргана, 38.2.1-т тухайн төсөл Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцэж байгаа эсэх. Хэрэв тухайн төсөл Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцээгүй гэж эрх зүйн дүгнэлт гаргасан бол ямар хуулийн аль заалтад нийцэхгүй байгааг, түүнчлэн тэдгээрийн үндэслэлийг тайлбарлах” гэж заасныг уншиж, танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболороос гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн.

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатараас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг миний бие ахалж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир нар орж ажилласан гэдгийг дурдаад Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийг ажлын хэсэг  хоёр удаа, ажлын дэд хэсэг  дөрвөн удаа хуралдсан гэв.

Мөн Ажлын хэсэг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 21, найруулгын нэг багц саналын томьёолол бэлтгэсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

-Төсөлд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хувь хүн болон хуулийн этгээд эрхэлж болохоор байсныг хувь хүн зөвлөх үйлчилгээг бие даан гүйцэтгэх нь үйлчилгээний чанар, хариуцлагад сөргөөр нөлөөлөх, хувь хүний үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлоход хүндрэл бэрхшээл үүсэхээр байгааг харгалзан зөвхөн хуулийн этгээд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэхээр өөрчилж, харин зөвлөх үйлчилгээ эрхлэхдээ бусад татварын мэргэшсэн зөвлөхтэй гэрээгээр хамтарч ажиллах нь нээлттэй байхаар;

-Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн татвар хариуцсан ажилтан татварын мэргэшсэн зөвлөх байх;

-Зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд нь даатгалын байгууллагаа өөрөө сонгож, мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах;

-Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдийг үүсгэн байгуулахад гурав, салбар нээхэд орон тооны хоёр мэргэшсэн зөвлөхтэй байх одоо үйлчилж байгаа тооны шаардлагыг бууруулж, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээс өөр ажил давхар эрхэлдэггүй хоёроос доошгүй орон тооны татварын мэргэшсэн зөвлөхтэй байх, салбарын хувьд орон тооны нэг мэргэшсэн зөвлөхтэй байх;

-Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгахаар тодорхой зааж, харин татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгохдоо ижил төстэй байгууллагын жишиг, олон улсын сайн туршлагыг харгалзан, гурван түвшний зэрэглэлтэйгээр буюу I.II түвшний эрхийг тав, таван жилийн хугацаагаар, III түвшний зэрэглэлийг хугацаагүй олгохоор;

-Татварын мэргэшсэн зөвлөхийн хүрээг нэмэгдүүлэх зорилгоор татвар, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр таваас доошгүй жил их, дээд сургуульд багшилсан багш, дөрвөөс доошгүй жил татварын асуудал эрхэлсэн төрийн байгууллагад ажилласан албан хаагчийг хамруулахаар;

-Татварын улсын байцаагчийн ажил, албан тушаалд 10-аас дээш жил ажилласан бол татварын эрх олгох шалгалтын татварын хууль, эрх зүйн болон татварын онол, ёс зүйн гэх хоёр төрлийн шалгалтаас чөлөөлөгдөхөөр;    

-Мэргэшсэн зөвлөхүүдийн хариуцлага, ёс зүйн асуудлыг чангатгах, хуульчлах нь зүйтэй гэж үзэж, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаал, хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, залилах, хөрөнгө завших болон эдийн засгийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсэн, хувь хүний орлогын албан татварын тайланг хуульд заасан хугацаанд тайлагнаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

-Зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдийн орон тооны татварын мэргэшсэн зөвлөх ёс зүйн зөрчил гаргасан талаарх Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн тодорхойлолт болон бусад этгээдээс мэдээлэл ирсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэхээр;

-Татварын мэргэшсэн зөвлөхийн чиг үүрэгт татварын хууль тогтоомж, түүний өөрчлөлт, татвар төлөгчийг татварын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар татвар төлөгчид мэдээлэл, зөвлөгөө өгөхийг үүрэг болгох зэрэг агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналууд бэлтгэснийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Батжаргал, С.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсны дараа Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураасан бөгөөд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн  хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан. Төсвийн тухай хуулийн 43 дугаар зүйлд төсвийн жил дамжин хэрэгжих арга хэмжээний зохицуулалт хэсэгт тухайн төсвийн жилд ашиглагдаагүй үлдэгдлийг дараагийн жилд үргэлжлүүлэн зарцуулж болохоор тусгасан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ” гэж заасан байдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.7 дахь хэсэгт төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төсвийн захирагчид хамаарахгүй” гэж заасан. Гэвч энэхүү заалтад эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэж буй сум, тосгоны эрүүл мэндийн төвийн асуудлыг орхигдуулсан байна. Үүнээс болж жил бүрийн санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд “Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт "Энэ хуулийн 7.7 дахь хэсэг төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төсвийн захирагчид хамаарахгүй" гэж заасан нь сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хамааралгүй” гэх үндэслэлээр дансны үлдэгдлийг улсын төсөвт төвлөрүүлэх зөвлөмж, албан шаардлагыг байнга өгч байна. Иймд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ хуулийн 7.7 дахь хэсэгт “төрийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төсвийн захирагч” гэсний дараа “сум, тосгоны” гэж өөрчлөлт оруулахаар уг төслийг боловсруулсан гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, төсвийн үлдэгдэл хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар эрүүл мэндийн яам, салбарын түвшиндээ эрх зүйн зөв зохицуулалт хийх талаар баримталж буй бодлогын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, улсын хэмжээнд сум, тосгон орон нутгийн эмнэлгийн төсвийн үлдэгдлийн нийт хэмжээ болон үүнтэй холбогдуулан Төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар тодруулж, хариулт авлаа.

Ингээд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав

Хуралдааны төгсгөлд нь Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүнээс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Тухайлбал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу 11.2 дахь хэсгийг “Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 122.1-д заасны дагуу боловсруулсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.” гэж, мөн хэсгийн дугаарыг “111 дүгээр зүйл” болгон өөрчлөх саналыг хуралдаанд гишүүдийн олонх дэмжлээ. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу 12.3 дахь хэсгийг “Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулна.” гэж, мөн хэсгийн дугаарыг “122 дугаар зүйл” болгон өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.


Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “Төсвийн байнгын хороо нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29, 30, 31 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123-127 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах.” гэсэн агуулгатай  заалт нэмэн, үүнтэй уялдуулан 161.4.5, 161.4.6, 161.4.7, 161.4.8 дахь заалт, 161.5, 161.6 дахь хэсгийг тус тус хасах, мөн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу 161..8 дахь хэсгийн “Төсвийн байнгын хорооны шийдвэрээр” гэснийг “Улсын Их Хурал” гэж, 161..9 дэх хэсгийн “үзүүлэлтийн тооцоолол” гэснийг “үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг” гэж тус тус  өөрчлөн, уг хэсэгт “бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.” гэсэн  агуулгатай 1616.7 дахь нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх тус тус дэмжлээ.

Ингээд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл