“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай /Шинэчилсэн найруулга/, Аялал жуулчлалын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн зорилго нь төрийн албан хаагч ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлж, төрөө дээдлэх ард түмний итгэлийг бэхжүүлэхэд орших бол Аялал жуулчлалын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн зорилт нь байгаль, үндэсний онцлог бүхий түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагаанд төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад орших ажээ.
Мөн эмхэтгэлийн тус дугаарт Хуулийн төсөл буцаах тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлжээ. Тухайлбал, Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолуудоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан нараас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг болон Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн тул хууль санаачлагчид нь тус тус буцаасан байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт болон Төрийн албаны зөвлөлд тус тус даалгасан байна. Үүнд: “1/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 2/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан журам, бусад хуульд заасан эрх хэмжээний хүрээнд батлан мөрдүүлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг энэ хуульд нийцүүлэн баталж, мөрдүүлэх арга хэмжээг авах; 3/төрийн албан хаагчийн Ёс зүйн дэд хороог байгуулах ажлыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж, үйл ажиллагааг жигдрүүлэх” гэжээ. Харин Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолуудаар Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн бол 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
Мөн тус дугаарт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол нийтлэгдсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.