НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛООР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСГИЙН 2014 ОНЫ 10 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус Байнгын хороо бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатараар ахлуулан ажиллуулж байгаа бөгөөд Ажлын дэд хэсэг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15.00 цагаас 334 тоот өрөөнд хуралдлаа.
Ажлын дэд хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх Р.Бат-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн М.Баасанжав, А.Цолмон, Боловсролын их сургуулийн боловсролын судлалын сургуулийн багш С.Батхуяг, Дээд боловсролын төслийн зөвлөх Ж.Нарантуяа болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Тус хуралдаанаар Ажлын дэд хэсгийн ахлагч Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр төслийг Байнгын болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тогтоолын төсөлд хэрхэн тусгах талаар ажлын дэд хэсгаас бэлтгэсэн саналаа танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар төсөлд боловсролын бүтэц, багш нарын нийгмийн асуудал, хувийн хэвшлийн бүх шатны сургуулиудыг дэмжих асуудлыг тодорхой тусгах, багш нарын ёс зүйн асуудал, сурах бичгийн хангамж, нэг ээлжээр хичээллэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлэх талаар тодорхой болгох, мөн төслийн үг сонголтууд, нэршил, нэр томьёог анхаарч засварлах чиглэл ажлын дэд хэсгийн гишүүдэд өглөө.
Мөн Улсын Их Хурал дахь Ардчилсан нам болон Монгол Ардын намын бүлгүүд төсөлд тусгагдсан маргаантай байгаа зарчмын асуудлуудаар шийдэл гаргахаар уулзалт зохион байгуулахаар боллоо.
Ажлын дэд хэсгийн хуралдаан 17.00 цагт өндөрлөлөө.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын алба