Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газар, Европын холбоо, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран өнөөдөр (2023.06.26 ) “Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлага ба төлөвлөлт-төсөвлөлт” уулзалт хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт үр дүнд суурилсан бодлого, төсвийн уялдааг хангах чиглэлээр ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүд, асуудал хариуцсан хэлтсийн албан хаагчид оролцов.
Уулзалт хэлэлцүүлгийг нээж, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн үг хэллээ.
Тэрбээр ярианыхаа эхэнд “Монгол Улсын Төсвийн тухай хуульд “төсөв гэдэг нь хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд хүрэх үр дүнг хэлнэ” гэж хуульчилсан. Гэвч өнөөдрийг хүртэл үр дүнд суурилсан төсвийг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Олон улсад төсвийн төлөвлөлт хийдэг хэд хэдэн үндсэн арга байдаг бөгөөд үүнээс хэрэглэхэд хамгийн хялбар зүйл заалтын төсөвлөлт буюу бидний одоо хэрэглэж ирсэн уламжлалт арга болох эдийн засгийн зардлын ангилалаар төсвийг төлөвлөж ирлээ. Одоогоос 4 жилийн өмнөөс эхлэн үе шаттайгаар төсвийн төлөвлөлтийг Гүйцэтгэлийн болон Үр дүнд суурилсан төсөвлөлт рүү аажмаар шилжүүлж байна. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжээс үл маргах журмаар татварыг хураан авч, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг, харин энэхүү төвлөрсөн орлогыг хэрхэн үр дүнтэй, өгөөжтэй захиран зарцуулах вэ гэдэгт “үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт-төсөвлөлт” онцгой ач холбогдолтой юм” гэж тодотголоо.
Үргэлжлүүлэн, “Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр төсвийг боловсруулахдаа хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэхээр хуульчилсан. Үндсэн хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэхийн тулд урт, дунд, богино хугацааны стратегийн бодлого зайлшгүй хэрэгцээтэй бөгөөд Улсын Их Хурал “Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолуудыг 2020 онд баталсан. Мөн Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль 2020 онд батлагдсаны дагуу жил бүрийн Монгол Улсыг хөгжүүлэх жилийн хөгжлийн төлөвлөгөө батлагдан, хэрэгжиж эхлээд байна. Төрөөс баталсан бодлогын баримт бичгүүдэд үндэслэн хүрч болох эцсийн үр дүнгийн талаар нийгэмд үзүүлэх ач холбогдлыг тооцох замаар төсвийн хөрөнгийг төрийн зорилго, зорилт, чиг үүргээр нь хуваарилах боломжийг “Үр дүнд чиглэсэн төсвийн төлөвлөлт” олгоно хэмээн дурдсан. Түүнчлэн төрийн байгууллагууд гүйцэтгэх чиг үүрэгтээ нийцүүлж дунд хугацааны стратегийг тодорхойлж хүрэхээр зорьж буй үр дүнг хангах стратегийн зорилгыг томьёолох, стратегийн зорилгыг хэрэгжүүлэн нийгмийн хувьд төлөвлөсөн үр дүнд хүрэхэд чиглэсэн гүйцэтгэлийн зорилтуудыг тодорхойлох, гүйцэтгэлийн зорилтуудыг шийдвэрлэхэд шаардагдах, тодорхой чанар, тоо хэмжээ бүхий үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн салбарын дотоод хөтөлбөрүүдийг боловсруулах зэрэг зорилго, зорилтууд, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулах төсвийг тооцох нь тулгамдсан арга хэмжээ бий болж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Уулзалт хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн төслийн менежер Б.Нинжин “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс үр дүнд суурилсан төслийн танилцуулга” Сангийн яамны Төсвийн бодлого,төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Гүйцэтгэлд суурилсан төсөвлөлт” НҮБХХ-ийн төслийн зөвлөх Х.Намхайдагва “Үр дүнд суурилсан удирдлага ба төлөвлөлт:Монгол Улсад нэвтрүүлэх нь” НҮБХХ”ийн төслийн ахлах зөвлөх С.Сүхдэлгэр “Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт ба тайлагналын уялдаа” НҮБХХ-ийн Төсөв, санхүүгийн удирдлагын менежер Марин Дестрез “Үр дүнд суурилсан төсвийн хяналтад УИХ-ын оролцоо” зэрэг сэдвүүдээр тус тус танилцуулга мэдээлэл хийлээ.
Дараа нь оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авч хэлэлцүүлэг өрнүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.