Цэс

Холбоо барих

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.06.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 32 минутад эхэлж, Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.


Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хрооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д “Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна.” гэж , 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана” гэсэн зорилт тусгасан.

Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан, төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилго бүхий “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хэлэлцсэн байна. Дүгнэлтээр тус хөтөлбөрт төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилт дунджаар 75 хувьтай гарсныг Х.Нямбаатар сайд танилцуулав. Хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан авлигатай тэмцэх ажилд ахиц гарч тодорхой үр дүнгээ өгсөн. Үүний зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулж, хэрэгжилтийг сайжруулах, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэхэд иргэд, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, төсөв, санхүүгийн ил тод байдал, хариуцлагыг өндөржүүлэх зэрэг энэхүү үндэсний хөтөлбөрөөр хараахан хүрээгүй, үргэлжлүүлэн сайжруулах шаардлагатай зарим үйл ажиллагаа, арга хэмжээ хүлээгдэж байгаа гэв.

Түүнчлэн Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексээр 180 орноос Монгол Улс 2017 онд 103, 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд 110, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Энэхүү авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй олон улсын байгууллагын үнэлгээ бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр энэхүү үнэлгээнд ахиц гарах ач холбогдолтой гэж үзсэн байна.


Улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох нь даамжирч, иргэдийн боломжийг хязгаарлан, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт тэгш бус байдлыг үүсгээд байна. Энэ нь улс орны эрсдэлийг нэмэгдүүлэн олон улсын байгууллагуудын үнэлгээнд муугаар нөлөөлж, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулахад хүргэсэн гэжээ. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах эдгээр зохисгүй нөхцөл байдлыг таслан зогсоох, авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт ба дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан.

Иймд дээрх бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, авлигын төсөөллийн индексэд ахиц гаргах, түүнчлэн Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2023 дуусаж байгаатай холбогдуулан авлигатай тэмцэх ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлж, дараагийн хөтөлбөрийг батлах хэрэгцээ, шаардлагыг үзэл баримтлалд тодорхойлж, түүнд нийцүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон хөтөлбөрийн төслийг боловсруулжээ.


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хөгжлийн зорилтот хөтөлбөрт хамаарч байгаа юм бйана. Хөтөлбөрийн төслийг Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд хөтөлбөрийн төслийг авлигатай тэмцэх талаарх төрийн бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааг цогцоор авч үзэн, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зарчмыг баримтлахын зэрэгцээ Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас 2023 онд зарласан авлигатай тэмцэх “5Ш ажиллагаа” зэрэг арга хэмжээтэй уялдуулан тодорхойлсон байна.

Хөтөлбөрийн төсөлд нийт 10 зорилго, 46 зорилт, түүнийг хэрэгжүүлэх 203 үйл ажиллагааг тусгажээ. Хөтөлбөрийн хүрээнд тодорхойлсон нийт үйл ажиллагааг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлэх юм байна. Үр дүнд нь нийтийн албаны авлигын түвшний олон улсын үнэлгээгээр оноо жил бүр өсөж, улсын төсөв тэлэх, иргэдийн төрийн байгууллага, төрд итгэх итгэлийн түвшин нэмэгдсэн, иргэдийн орлого өссөн, авлигыг үл тэвчих соёл, шүгэл үлээх тогтолцоо бэхжинэ хэмээн төсөл санаачлагч үзжээ.


Хууль зүйн байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг Б.Энх-Амгалан гишүүн танилцуулав. Хууль зүйн байнгын хорооны Мягмар гарагийн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Авлигалын суурь шалтгаан болдог бизнес дэх төрийн оролцоог багасгах, зохистой болгох талаар ямар зохицуулалт хөтөлбөрийн төсөлд туссаныг Ц.Мөнх-Оргил гишүүн лавлалаа. Монгол Улсын төсвийн зарлагын 37.6 хувь нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд зарцуулагдаж байгаа бол олон улсад энэ үзүүлэлт 16 хувь байдгийг хэлээд хөтөлбөрт дээрх үзүүлэлтийг үе шаттайгаар бууруулах зорилтыг тусгах санал хэлэв. Олон улсад авлигатай тэмцэх үйл ажиллагааг хөрөнгө, санхүүгийн зах зээл дээрх үйл ажиллагааны эрсдэл, өрсөлдөх чадварын эрсдэлийн үнэлгээ, ардчиллын олон талт байдлын үнэлгээ, тухайн улсын өрсөлдөх чадварын үнэлгээ, шилжилтийн индекс, эдийн засгийн либералчлал, хувийн секторын өрсөлдөх чадварыг тэгш, жигд хангаж буй, шударга ёсны үнэлгээ гэх зэрэг 13 шалгуур үзүүлэлтээр авч үздэг гэдгийг Х.Нямбаатар сайд хэлээд иргэд, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, төсөв, санхүүгийн байгууллагуудын ил тод байдал хариуцлагуудыг өндөржүүлэх зэрэг тодорхой асуудлуудыг хөтөлбөрийн төсөлд бүлэг болгон тусгасан гэлээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэхдээ ихээхэн идэвх санаачилга, зориг гаргах ёстой гэдэг байр суурийг Ж.Батжаргал гишүүн хэлээд, эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах, бууруулах чиглэлээр тодорхой зорилт, арга хэмжээг тусгах, байгалийн баялгийн өгөөжийг сайжруулах, ил тод байдлыг хангаж, олон нийтийн хяналттай болгох санал хэлсэн. Байгалийн баялаг, түүнийг өгөөжийн менежментийг сайжруулах тодорхой зорилтууд хөтөлбөрийн төсөлд тусгагдсан гэдгийг ажлын хэсэг хариуллаа. Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилготой соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төсөлд хэрхэн тусгасныг Л.Мөнхбаатар гишүүн тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Энхбаяр, Н.Энхболд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлыг судлаачид, холбогдох байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, АТГ-ын ажлын хэсэг сүүлийн 2-3 жил гүйцэтгэсэн бөгөөд төрийн бүх байгууллага оролцсон гэдгийг Б.Энхбаяр гишүүн хэлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын энэ чуулган нь авлигатай тэмцэх чуулган болно гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлж байсныг сануулаад, энэ чиглэлийн бодлогын баримт бичгүүдийг зөвхөн Засгийн газар, АТГ биш, Улсын Их Хурлын дарга төслийг боловсруулахаас нь эхлээд анхаарал хандуулж, хамт оролцож, манлайлж ажиллаж байгааг онцолж байв. Хөтөлбөр дэх зорилт, арга хэмжээнүүд Үндсэн хуулийн заалтуудтай зөрчилдөж буй эсэхийг нягтлах саналыг Н.Энхболд гишүүн хэллээ.


Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн тул “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Авлигатай тэмцэх ажил бол зөвхөн АТГ-ын асуудал биш гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглээд, төрийн өмчийн бүх компаниудыг цахим болгохоос эхлээд Засгийн газар, яамд, гүйцэтгэх засаглалын бүх түвшинд манлайлж ажиллах шаардлагатайг анхаарууллаа. Түүнчлэн тус хөтөлбөрийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусган, эцэслэн боловсруулж ирэх долоо хоногт чанартай батлах тооцоотойгоор ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд чиглэл болгов. (бүрэн эхээр эндээс)

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин танилцуулав.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлын даргын 2023 оны 27 дугаар захирамжаар хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужингаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Б.Жаргалмаа, Ц.Идэрбат, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Ц.Туваан, С.Чинзориг нар ажилласан байна.


Нийгмийн бодлогын байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн болохыг санал, дүгнэлтэд дурдав.

Байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийж, ажил гүйцэтгэх болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан зөвхөн тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд хамрагдахаар, үндсэн ажлын хажуугаар зэрэгцээ хөдөлмөрийн гэрээгээр болон ажил гүйцэтгэх болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан зөвхөн тэтгэврийн даатгалд хамрагдах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна. Түүнчлэн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлэх эрх бүхий байгууллага нь нээлттэй сонгон шалгаруулах журмаар нэр дэвшигчийг сонгон Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд ирүүлэхээр, Байнгын хороо нэр дэвшигчийн нээлттэй сонсгол хийж тухайн албан тушаалд нэр дэвшигчийг туршлага, ур чадварын хувьд тэнцэх эсэх талаар санал, дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулахыг дэмжсэн байна. Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарч байгаа даатгуулагчийн нөхцөлийг хэвээр үлдээхээр, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөл болон газрын дор ажиллаж байгаа даатгуулагчийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхгүй байх; 2018 оноос дараалсан зургаа болон долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан нэг удаа шинэчлэн тогтоохоор тусгажээ.


Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 21 санал, найруулгын шинжтэй 2 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 10 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн, С.Ганбаатар, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Ж.Батсуурь, С.Бямбацогт, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл нар асуулт асууж, Байнгын хорооны дарга болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ажлын хэсгээс хариулт авав. Төслийг батлахтай холбоотой зардлын тооцооллын талаарх гишүүний асуултад ажлын хэсэг хариулахдаа “Хуулийн төслийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөж боловсруулж байхад 1.2 их наяд төгрөгийн нэмэлт зардал шаардлагатай хэмээн тооцож байсан. Ирэх сарын 01-ний өдрөөс тэтгэврийн зөрүүг ойртуулах, тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг эхлүүлэхтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад, ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх тохиолдолд 560 тэрбум төгрөгийн нэмэлт зардал шаардлагатай” гэдэг тооцоог танилцуулав. Өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлэн олгох зохицуулалттай холбоотойгоор 7 тэрбум төгрөгийн нэмэлт зардал шаардагдах юм байна.


Түүнчлэн Нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх, хамрагдалтыг нэмэгдүүлэх нь төслийн гол зорилгуудын нэг бөгөөд хэд хэдэн заалтыг тусгасан хэмээн ажлын хэсэг хариуллаа. Үүний зэрэгцээ олон нийтэд бол нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах асуудлыг тусгайлан зохицуулахаар төсөлд тусгасан байна. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлээгүй эх, эсхүл эцэг энэ хуулийн албан журмаар даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс сар бүр төлдөг байх зохицуулалтыг нэмж оруулсан гэв.

Тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос үе шаттайгаар хуримтлалын тогтолцоо руу шилжихээр төсөлд тусгасан бөгөөд 2025 он гэхэд хагас хуримтлалын тогтолцоо, 2044 онд бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжсэн байхаар төлөвлөсөн болохыг П.Анужин гишүүн тайлбарлалаа. Дээрх 560 тэрбум төгрөгийн нэмэлт зардлын 379 тэрбум төгрөг нь даатгуулагчийн нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн нөөц санд хуваарилагдах аж. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанаасаа сонгосон, дараалсан 7 жил төлсөн шимтгэлээс тооцдог зохицуулалтыг өөрчилж 5 жил болгож буйтай холбоотой зардал мөн нэмэгдэнэ гэдгийг хэлэлцүүлгийн явцад гишүүд сануулж байв. Энэ дагуу нөхөн олгох тохиолдолд 91 тэрбум төгрөгийн нэмэлт зардал шаардагдах тооцооллыг холбогдох яамнаас хийсэн, гэхдээ төсөлд үүнтэй холбоотой зохицуулалт тусаагүй гэдгийг хэлсэн.

Тэтгэвэр тооцох хувь, хэмжээний талаарх зохицуулалтыг шударга болгох, даатгуулагчдын нийтлэг эрх ашгийг хангах зорилгоор шимтгэлийн хувь, хэмжээг хязгаарласан байна. Тодруулбал, Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу даатгуулагч хамгийн ихдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эс бол хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлдөг зохицуулалттай байдаг. Үүнийг төсөлд албан журмын даатгуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээр төлөх бол сайн дурын даатгуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ 7 дахин нэмэгдүүлснээр төлөх боломжтойгоор хуульчлах нь оновчтой хэмээн үзэж, төсөлд тусгасан байна. 

Ийнхүү гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 21 саналын томьёоллын 12 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл