Цэс

Холбоо барих

Дэд хороо Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд  хороо өнөөдөр /2023.06.21/ хуралдаж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны төлөвлөгөө болон сайжруулсан шахмал түлшний чанар эрсдэлийн талаар цаг үеийн мэдээлэл сонсов.


Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар тогтоолоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ. Үндэсний хороо нь 21 хүний бүрэлдэхүүнтэй, зургаан сайд, дөрвөн дэд сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, дөрвөн ахлах зөвлөх, зургаан газар нэгжийн даргаас бүрдсэн бөгөөд хорооны даргаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, орлогч даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ажиллаж байна хэмээн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Х.Энхбат танилцуулсан.

Тэрбээр, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь 2022 онд 43.66 тэрбум төгрөгийн 49 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласнаас 26.1 тэрбум төгрөгийн санхүүгийн гүйцэтгэл гаргаж, 58.8 хувийн биелэлттэй ажилласан. Өмнөх 2019-2022 онуудад эхэлсэн боловч дуусаагүй 24 төсөл, арга хэмжээ байгаа бөгөөд он дамжин хэрэгжих төсөл арга хэмжээний гүйцэтгэлийг үнэлж, хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулах ажлын хэсгийг байгуулан, ажлын хэсгээс гаргасан саналыг Үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэлээ.


Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн анхдугаар хурлаар “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний зарим арга хэмжээг” баталжээ.

Улаанбаатар хотын гэр хорооллын 110.000 айл өрхийг 2.5 кВт, 20.000 айл өрхийг 4 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх зорилгын хүрээнд “5012 айл өрхийг 4кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх” ажлыг 15 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр баталсан байна.

Мөн 459.7 сая төгрөгийн төсөвт өртөгтэй түүхий нүүрсийг хориглох шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Агаарын чанарыг сайжруулах бүсэд хяналт шалгалт хийх ажилд дэмжлэг үзүүлэх ажил, 272.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг баяжуулах туршилт хийх, Шахмал түлш болон хагас коксын үйлдвэрүүдтэй танилцаж бүтээгдэхүүн болон түүхий эдийн туршилтын судалгааны ажил, 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгоход дэмжлэг үзүүлж, зээлийн хүүгийн зардлыг хөнгөлөх татаас олгох ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Дээрх төсөл арга хэмжээнүүдээс гадна чиг үүргийн хүрээнд зургаан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна хэмээн танилцуулсан.

Мөн нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн асуудлаар Япон Улсын Байгаль орчны яамтай хамтарч ажиллаж байна. ДЭМБ, АНУ-ын ЭСЯ-тай хамтран агаарын бохирдол бууруулах чиглэлээр АНУ-ын Вашингтоны их сургууль болон бусад байгууллагуудаас экспертүүдийг урьж ажиллуулах ажлыг зохион байгуулахаас гадна “НАСА”-тай холбогдож агаарын чанарыг хиймэл дагуулаас хянах ажлыг гүйцэтгэж байна гэлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дархан-Уул аймагт шахмал түлшний үйлдвэр, орон нутагт хог боловсруулах үйлдвэр байгуулах асуудал ямар шатанд явааг тодруулсан.

Үндэсний хорооны ажлын албаны дарга Х.Энхбат, Дархан-Уул аймагт шахмал түлшний үйлдвэр байгуулах ажлын эхний тендерийг зарласан хугацаанд гүйцэтгэгч компани орж ирээгүй хугацаа алдсанаас төсвийг буцаан татаад байгаа гэлээ.

Тэрбээр, Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах хүрээнд хогийг дахин боловсруулан, эрчим хүч үйлдвэрлэх технологийн дэвшилтэт төслүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гээд, энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх компаниудыг сонгон шалгаруулвал дээрх төсөл Дархан-Уул аймагт хэрэгжих боломжтой гэсэн хариултыг өгсөн.


УИХ-ын гишүүн, тус дэд хорооны дарга Г.Ганболд агаарын бохирдлыг бууруулна гэж өнгөрсөн жил 43 тэрбум төгрөг төсөвлөсөн ч үр дүн эсрэгээрээ байсан хэмээн шүүмжилсэн. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авахаар төлөвлөснийг тодруулаад, агаарын бохирдол буураагүй нь шахмал түлшний чанартай холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Шахмал түлшний барьцалдуулагчийг өндөр үнээр гаднаас авч, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихгүй байгаад тэрбээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа.


Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Нийслэлийн агаарыг бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Тухайлбал, цахилгаан түгээх сүлжээний хүчин чадлыг өргөтгөж, хэрэглэгчид цахилгаанаар халаалтаа шийдэх техникийн боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр халаалтын асуудлаа шийдэх эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа. Түүнчлэн зуухыг сайжруулах, хэрэглэгчийн худалдан авах чадварт нийцсэн газ буюу хийн түлш нийлүүлэх тал дээр бас ажиллаж байна. Үндэсний хорооны шийдвэр гарч 5000 айлын халаалтыг  цахилгаанаар шийдэх техникийн боломжийг бүрдүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа. Ингэснээр утаа гаргадаг яндангийн тоо тэр хэмжээгээр буурна хэмээн хариуллаа.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд  хорооны гишүүд Орчны бохирдлыг бууруулах үндэсний  хороо ажлаа хангалттай тайлагнасан гэж үзээгүй бөгөөд Үндэсний хорооны гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь байлцуулан энэ асуудлаар дахин өргөтгөсөн хуралдаан хийх нь зүйтэй гэж үзсэнээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл