Цэс

Холбоо барих

“Монголын анд нөхөд” нийгэмлэгийн гишүүдэд шагнал гардуулав

ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн гишүүдэд шагнал гардууллаа.

Монголын анд нөхдийн нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан тус нийгэмлэгийн гишүүд, ОХУ-ын иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын төрийн одон, медалиар шагнахаар 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зарлиг буулгасан байна.


Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Бабушкин Владимир Алексеевичид, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Халанов Валерий Иннокентьевич нар Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Селезнев Игорь Амариевич, Сердюков Михиал Леонидович, Алтайн хязгаарын Монгол дахь анхны төлөөлөгч Оличенко Александр Петрович, Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн профессор, Монгол судлаач Филин Сергей Александрович нарт Найрамдал медалийг гардуулан өгөв.


Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол, Оросын ард түмний найрамдлыг бэхжүүлж, хоёр улсын хүмүүнлэг, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллах, Монгол, Оросын түүх, соёлын өвийг залуу үеийнхэнд уламжлан үлдээхийн чухлыг онцлон тэмдэглэлээ.


Мөн энэ өдөр УИХ-ын дарга Москва дахь Монголын ЭСЯ-ны хоёдугаар байранд зочилж, Номын сангийн нээлтийн ажиллагаанд оролцож, хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичлээ.

ЭСЯ-ны номын сан нь Москва хотноо сурч, ажиллаж буй монгол залуус болон монголын түүх, соёлыг сонирхдог орос иргэд, олон нийтэд нээлттэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм байна. Номын сан нь ЭСЯ-ны 101 жилийн түүхийг илтгэсэн музейн булан, номын фонд, уншлагын болон  сургалт, мэдээллийн танхимаас бүрдсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл