Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр (2023.06.19) Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2023 оны 04 дүгээр сарын 14-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хэлэлцэж, 2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдэж, ажлын хэсэг байгуулж шилжүүлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр улс төрийн намуудынхаа хэмжээнд уулзаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, та бүхний саналыг сонссон. Улмаар ажлын хэсгийн дэд хэсэг, ажлын хэсгүүд хуралдан, асуудлаа боловсруулаад явж байгаа талаар товч танилцууллаа.
Тэрбээр, өнөөдрийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт болон саяхан батлагдсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн зохицуулалтуудтай уялдуулан санал бодлоо илэрхийлбэл ажлын хэсэг болон байнгын хороогоор хэлэлцэхэд үр дүнтэй байх болно гээд Монгол Улсын Үндсэн хуульд нийтдээ найман заалтад 14 удаа “нам” гэдэг үг дурдагдсан байдаг. Үндсэн хуульд дурдагдсан энэхүү “нам” гэсэн үг нь өөрөө төрийн байгуулалт, төрийн үйл ажиллагаанд нам ямар эрх, үүрэгтэй оролцохыг заасан зүйл заалт юм. Олон улсын парламентын холбооноос “нам гэдэг бол хувь хүмүүсийн чөлөөт эвлэл” гээд түүний нэг зорилго нь олон нийтийн хэргийг зохицуулах, менежмент хийх, удирдахад оролцох, үүн дотроо чөлөөт ардчилсан сонгуульд өөрийнхөө төлөөлөгчөө нэр дэвшүүлэх явдал гэж заасан байдаг. Ер нь намууд бол хувь хүмүүсийн үндсэн эрхээ илэрхийлэх, эдлэх, хамгаалах, үг хэлэх, байр сууриа илэрхийлэх хамтын индэр, платформ юм. Мөн нийгмийн амьдрал, улс төрд оролцох, түүнтэй холбогдсон эрхээ эдлэхэд хамгийн өргөн хэрэглэгддэг зохион байгуулалтын хэлбэр хэмээн тодорхойлсон байдаг. Намууд олон ургалч үзэлтэй, иргэдийн сонгуульд мэдээлэлтэй оролцоход маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Улс төрийн нам нь төрийн бус байгууллага гэх мэт үзэл санаагаараа нэгдсэн бусад байгууллагуудаас ялгардаг зүйл нь ихэнх улс орнуудад Үндсэн хууль эсвэл холбогдох намын тухай хуулиар арай тодорхой, давуу талууд олгогдсон байдаг. Үүнтэй уялдан бас зарим эрх олгогддог. Үүгээрээ улс төрийн намууд иргэд эв санаагаараа нэгдэж байгуулдаг бусад төрийн бус гэж хэлж болох байгууллагуудаас ялгаатай. Тийм ч учраас Үндсэн хуульд нам бол улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллана гэдгийг хуульчилж заасан. Иймд энэхүү үзэл баримтлалын хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлэг өрнөнө гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Улмаар “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн явц”- ын талаар МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор (PhD) О.Мөнхсайхан танилцууллаа. Доктор О.Мөнхсайхан, улс төрийн нам гэдэг ойлголт нь харьцангуй богино хугацааны түүхтэй институц, хуульд тусаж институцжлэгдсэн нь бол 1940-өөд оны үеэс гэж тооцдог. Ардчилал, ялангуяа төлөөллийн ардчиллыг бий болгох хүрээнд улс төрийн нам бий болсон. Анх улс төрийн намын үйл ажиллагааг хуулиар төдийлөн зохицуулдаггүй, иргэдийн эвлэлдэн нэгдсэн бусад чөлөөт холбоодтой адилтгаж үздэг байжээ. Үүний улмаас дотоод, гадаад зохион байгуулалтын асуудлыг нам өөрөө шийдвэрлэх байдлаар орхиж ирсэн түүхэн үе байдаг. Үүнийг чөлөөт зах зээлийн загвар гэж нэрлэдэг. Гэвч сүүлийн 30, 40-н жилийн чиг хандлага бол улс төрийн намын өөрийнх нь онцлог, бусад төрийн бус байгууллага, холбоодод байдаггүй тэр тусгайлсан чиг үүрэгтэй холбоотойгоор мөн чанарыг нь тодорхойлж байна. Үүн дээр үндэслэн улс төрийн намыг эргэж харж үзэх шинэ загвар бий болжээ. Үүнийг тэгш- ардчилсан загвар гэж нэрлэж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам нь иргэдийн улс төрийн оролцоог хангахад гол дэмжигч гүүр болж байдаг. Улс төрийн сонгууль, бүх шатны сонгуульд сонгох, сонгогдох эрхээ иргэд эдлэхэд гол зохион байгуулалтын үүргийг гүйцэтгэдаг. Мөн төрийн эрх мэдлийг сонгуульд амжилттай оролцсон тохиолдолд авч хэрэгжүүлэх, үүнийхээ үр дүнд улс орны амьдралтай холбоотой шийдвэр гаргахад оролцож байдаг. Жишээлбэл, тодорхой албан тушаалуудыг хуваарилах гэх мэт. Ийм ажлуудыг орчин үеийн улс төрийн нам хийж байгаа гэдэг нь тодорхой болсон. Тэгэхээр ардчилсан нийгмийн чухал институцийн хувьд улс төрийн нам нь өөрөө дээр дурдсан чухал үүрэг гүйцэтгэдгийнхээ хувьд тодорхой зохицуулалтад захирагдаж байх ёстой гэсэн чиг хандлага руу сүүлийн үед явж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам ардчилсан сонгуулийг явуулахад оролцох болон бусад чиг үүрэг гүйцэтгэдгийнхээ хувьд өөрөө дотооддоо ардчилалтай байх, шийдвэр гаргах үйл ажиллагаа нь ил тод байж, гишүүдийнхээ оролцоог хангах гэх зэрэг зохицуулалтуудыг Үндсэн хууль болон бусад хуулиуддаа тусгаж эхэлсэн. Тийм ч учраас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн Арван есдүгээр зүйлд улс төрийн нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэх, хөрөнгө, орлогын эх үүсвэр зарцуулалт нь нийтэд ил тод байх, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бол бусад зүйлийг нь хуулиар зохицуулах зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орсон. Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичгүүдэд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж төслийг өргөн мэдүүлэх заалтууд орсон талаар танилцууллаа.
Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийн үзэл баримтлал, танилцуулгад уг хуулийн төслийг боловсруулсан хууль зүйн болон практик үндэслэл шаардлагуудаас хоёр асуудлыг онцлон танилцуулав. Үүнд, нэгдүгээрт, улс төрийн намын дотоод ардчиллын талаарх гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангасан нарийвчилсан зохицуулалт одоогийн хууль тогтоомжид байхгүй. Нөгөө талаас улс төрийн санхүүжилтийн зохицуулалт өнөөгийн хууль тогтоомжид тун дутмаг. Сонгуулийн үеийн улс төрийн санхүүжилтийг зохицуулчихсан боловч сонгуулийн бус үеийн зохицуулалт маш товч зохицуулагдсан. Улс төрийн санхүүжилтийн зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага бараг байхгүй байсан тохиолдолд үр нөлөө муутай. Сонгуулийн зардал сонгууль бүрд хоёр дахин өсөж байна. Тухайлбал, 2016, 2020 оны сонгуулийн зардал хоёр дахин өссөн. Улс төрийн үйл ажиллагаа мөнгөтэй цөөн хэсгийн явцуу ашиг сонирхлоос хэт хамаарах байдал үүссэн нь судалгааны дүнгээс харагддаг. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдаж, Ажлын хэсэг хуулийн төслөө боловсруулаад 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх намуудад хүргүүлж, саналыг тусгаж, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргын захирамжаар Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс хойш ажлын хэсэг, дэд хэсэг Улсын Их Хуралд суудалтай болон бусад нам, байгууллага, хувь хүнээс ирүүлсэн саналыг судлан хуулийн төсөлд тусгаж байгаа аж.
Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл нь 7 бүлэг, 46 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй олон зохицуулалтууд тусгагджээ. Тухайлбал, Нэгдүгээр бүлэг, Нийтлэг үндэслэлд улс төрийн намыг байгуулахтай холбоотой иргэний эрхүүд, тодруулбал, нам үүсгэн байгуулах, дэмжих, эс дэмжих эрхүүд, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, эдгээр эрхэд тавьж болох хязгаарлалтын нарийн зохицуулалтыг тусгаж өгсөн. Хоёрдугаарт, улс төрийн намын эрх, үүргүүдийг нарийвчилж зааснаараа энэ төслийн гол онцлог, ач холбогдол оршиж байгаа аж. Гуравдугаарт, намын удирдах дээд байгууллагыг бүрдүүлэхэд Улсын Их Хурал болон бусад байгууллагад улс төрийн намаас нэр дэвшигчийг тодруулахад ардчилсан зарчмыг хангах нарийвчилсан зохицуулалтуудыг оруулсан. Тухайлбал, нэр дэвшигчийг нууц санал хураалтаар тодруулах, гишүүдийн оролцоог хангах, хүйсийн төлөөллийг 30 хувиас доошгүй байх гэх мэтчилэн ардчилсан зарчмыг хангах зохицуулалтууд орохын зэрэгцээ жендэрийн болон сонирхлын бусад бүлгүүдийн оролцоог хангахад чиглэсэн зохицуулалт оржээ. Түүнчлэн намууд намын дүрэм, хөтөлбөрөө цахим хуудастаа байршуулах, нам үйл ажиллагаагаа цахимаар явуулах гэх мэтчилэн зохицуулалт тусгагджээ. Мөн намын үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг тус төслийн 10 дугаар зүйлд тодорхой зааж, зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэхийг энэ хуулийн төсөл дагаж гарах бусад хуулиудад тусгаж өгснөөрөө хуулийн төслийн гол ач холбогдол оршино.
Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт, улс төрийн намыг үүсгэн байгуулах журмыг энгийн тодорхой болгож, улс төрийн намыг байгуулах өргөдөлд юу тусгах вэ гэдгийг нарийвчилж заасан. Хэлбэрийн шаардлагуудыг хангаж бүрдүүлсэн эсэхийг Сонгуулийн ерөнхий хороо нягтлан шалгаж, зарим шаардлага хангагдаагүй тохиолдолд тухайн иргэнд уг шаардлагыг хангах боломжит 30 хүртэл хоногийн хугацааг өгөх уян хатан зохицуулалт орсон. Энэ нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхтэй холбоотой чухал шийдвэр учраас өнгөрсөн 30 гаран жилийн уламжлал, Улсын дээд шүүхийн өөрийнх нь онцлог, хараат бус бие даасан байдлыг харгалзан улс төрийн намыг бүртгэхээс татгалзах зөвхөн тодорхой 4 үндэслэлийн аль нэг нь байх юм бол Улсын дээд шүүх татгалзахаар зохицуулсан. Ингэснээрээ энэ төрлийн зохицуулалтыг урвуулан ашиглахаас сэргийлсэн, олон улсын жишигт нийцүүлсэн зохицуулалт болсон. Улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хуулийн төслийн гуравдугаар бүлэгт тусгасан. Улс төрийн намын удирдах дээд байгууллага, төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага, хяналтын байгууллагуудын бүрэн эрхийн хугацааны дээд хязгаарыг нь зааж өгсөн. Тухайлбал, 4-н жилээс илүүгүй бүрэн эрхийн хугацаанд ажиллана, тодорхой хугацаануудад хурлаа хийнэ гэдгийг зааж өгсөн нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд заасан намын дотоод зохион байгуулалт, ардчилсан зарчимд нийцэх зарчмыг тодорхой болгож зохицуулж өгч байгаа хэрэг юм. Мөн бодлогын судалгааны байгууллагыг нам бүр заавал байгуулах, ингэснээрээ Үндсэн хуульд заасанчлан улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах суурь нөхцөлийг нь бүрдэх бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан.
Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт, намыг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, татан буулгах талаар зааж өгсөн. Тодруулбал, хоёр удаа Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлж огт оролцоогүй, хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа гаргаж өгөөгүй эсхүл удирдах дээд төлөөллийн төв байгууллагаа таван жилийн хугацаанд хуралдуулаагүй гэсэн нөхцөлүүдийн аль нэг нь үүсвэл улс төрийн намыг идэвхгүйд тооцож, төрийн санхүүжилтийг нь зогсоох мөн намын нэрээр сонгуульд орох эрхийг нь хязгаарлахаар тусгасан. Үүний шалтгаан нь нам дотоод ардчилалтай байх зарчмыг хангах үүднээс удирдах дээд төлөөллийн төв байгууллагаа өөрийнхөө дүрэмд заасан хугацаанд тогтмол хуралдуулж байхыг намуудад үүрэг болгож байгаа хэрэг. Мөн намын санхүүгийн тайлан нь ил тод байхаар Үндсэн хуульд заасан. Тийм учраас огт тайлангаа гаргахгүй удна гэдэг бол туйлын хариуцлагагүй явдал. Тийм учраас энэ талын зохицуулалтыг төсөлд тусгаж өгсөн. Түүнчлэн намыг тараах үндэслэлийг төслийн 25 дугаар зүйлд тусгаж, тодорхой үндэслэлүүдийн аль нэг нь үүссэн тохиолдолд сонгуулийн төв байгууллага дөрөвний гурвынхаа саналаар дүгнэлт гаргаж Улсын дээд шүүхэд хүргүүлэх, улмаар Улсын дээд шүүх уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр зохицуулж өгсөн. Хуулийн төслийн тавдугаар бүлэгт намын санхүүжилтийн асуудлыг тусгасан. Улс төрийн намын орлогын эх үүсвэр аль болох олон эх үүсвэртэй байх, тухайлбал, иргэдээс бага хэмжээний хандивыг аль болох олноор авах, гишүүдээсээ татвар авах, сонгуульд оролцсон амжилттайгаа уялдуулж Улсын Их Хуралд авсан суудал, сонгуульд авсан саналтайгаа хувь тэнцүүлж төрийн санхүүжилт авах гэх зэрэг зохицуулалт тусгаж өгсөн. Ингэснээр тодорхой нэг санхүүжүүлэгчээс хэт хамааралтай байх явдлыг хязгаарлах зорилгыг хуулийн төсөлд тусгасан. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь мөнгөн дэмжлэг буюу төрийн санхүүжилт, төрөөс үзүүлэх санхүүгийн шууд бус дэмжлэг гэсэн хоёр төрөлтэй. Төрийн санхүүжилт буюу мөнгөн дэмжлэгийг өмнө нь зөвхөн Улсын Их Хуралд суудалтай намуудад өгч байсан бол энэ удаа Улсын Их Хурлын сонгуульд нийт сонгогчдын 2 хувиас доошгүй санал авсан бүх намуудад авсан саналтай нь дүйцүүлж хувилж өгөх, мөн дээр нь суудалтай намуудад бас суудлаар нь өгөх байдлаар зохицуулснаараа шинэлэг. Төрийн санхүүжилтийн талаарх хүсэлт гаргах, хэмжээг нь тогтоох нарийвчилсан процедур орсон. Төрийн санхүүжилтийн 20 хувиас доошгүйг нийгмийн өөр өөр бүлгүүдийн оролцоог хангах, сургаж бэлтгэх, 15 хувиас доошгүйг улс төрийн боловсрол олгох, 15 хувиас доошгүй хувийг судалгаа, дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлд зарцуулах зорилтот санхүүжилтийг олон улсын сайн жишигт тулгуурлаж хуулийн төсөлд тусгасан. Төрөөс үзүүлэх санхүүгийн шууд бус дэмжлэгт төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын анги танхимыг ашиглах, Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгт жилд 30 минут хүртэл хугацаатай үнэ төлбөргүй оролцох гэх мэт байдлаар зохицуулсан.
Энэ нь зөвхөн Улсын Их Хуралд суудалтай нам төдийгүй Улсын Их Хурлын сонгуульд нэг хувиас доошгүй санал авсан бүх намуудад дээр дурдсан эрх олгогдохоор зохицуулсан. Үндсэн хуульд зааснаар улс төрийн намын орлого, зарлага, хөрөнгө нийтэд ил тод байх ёстой. Энэ заалтыг бодитой, тодорхой болгох үүднээс нам тайлан гаргаж өгдөг, үүнийгээ ил тод байршуулдаг нарийвчилсан зохицуулалт орсон. Нам ерөнхийдөө хоёр төрлийн тайлан гаргана. Намын зохион байгуулалт нь дотоод ардчилсан зарчимд нийцэж байгаа эсэхийг нь харах, ил тод болгох зорилготой үйл ажиллагааны товч тайлан гаргана. Үүнд, намын гишүүдийн тоо, удирдах дээд төлөөллийн байгууллагаа хуралдуулсан эсэх, зорилтот санхүүжилт тухайн үйл ажиллагаандаа чиглүүлсэн эсэх гэх мэтчилэн. Хоёрдугаарт, санхүүгийн тайлан. Үүнд, санхүүгийн тайлангаа гаргах хугацаа, журам зэргийг тодорхой зохицуулж өгсөн. Тайланг гаргаад зогсохгүй хяналтын механизмуудыг бий болгосон. Тухайлбал, улс төрийн намын өөрийнх нь дотоод хяналт байна. Мөн санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар өгч баталгаажуулна. Үүнтэй холбоотой зардлыг улсын төсвөөс гаргахаар хуулийн төсөлд тусгасан. Үүний дараа Сонгуулийн Ерөнхий хороо намын санхүүгийн тайланг, аудитын байгууллагын дүгнэлтийн хамт хүлээж авч нягтлан шалгана. Мөн төрийн аудитын байгууллага төрийн санхүүжилт болон бусад зүйлтэй холбоотой аудит хийх зохицуулалт орсон. Эцэст нь намын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан ил тод байх хүрээнд жил бүр Улсын Их Хуралд тайлангаа гаргаж хүргүүлэх, цахим хуудастаа байршуулах, Сонгуулийн Ерөнхий хороо намуудын тайлангуудыг хүлээж авч, товч харьцуулалт хийж, нийтэд мэдээлэх цахим хуудастаа байршуулах гэсэн үүргүүдийг хүлээх юм хэмээн “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн явц”- ын талаар МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор (PhD) О.Мөнхсайхан танилцууллаа.
Дараа нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор өмнө нь гарсан саналуудыг хэрхэн авч үзсэн талаарх мэдээллийг судлаач, доктор /Ph.D/ Э.Гэрэлт-Од танилцууллаа. Тэрбээр, 2011 оноос хойш Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх оролдлогууд хийгдэж байсан. Гэхдээ харамсалтай нь өнөөдрийг хүртэлх 12 жилийн хугацаанд тодорхой ахиц дэвшил гараагүй. Улс төрийн намын тухай хуулийн (шинэчилсэн найруулга) төслийн хүрээнд олон ажил хийгдэж олон улсын байгууллагуудаас санал авсан. Ялангуяа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дэргэдэх Венецийн комисс хэмээх байгууллагаас санал авсан. Уг саналд “Энэ төсөл нь шашин шүтлэг, угсаатны улс төрийн намыг хориглох заалтыг арилгах, нэг цаг хугацаанд зөвхөн нэг намын гишүүн байх шаардлагыг татгалзах, болон төрийн санхүүжилтийн хуваарилалтын жендэрийн болон олон бүлгийн төлөөллийг тусгах шалгуур, түүнчлэн эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжихэд чиглэсэн бусад заалтууд орсон олон дэвшилтэт зохицуулалтыг тусгажээ. Энэхүү хуулийн төсөл нь улс төрийн намуудын үүрэг, байр суурь, ач холбогдлыг дээшлүүлэх, ардчилсан засаглалын чухал хэрэгсэл болохын хувьд ардчилсан улс төрийн намуудын төлөвшлийг эрчимжүүлэх зорилготой байгаа нь сайшаалтай болжээ. Төрөөс намын дотоод ажил ажиллагаанд оролцохыг хязгаарлах, улс төрийн намыг идэвхгүй тооцох үндэслэлийг харгалзах, шууд татан буулгахгүй, өөр арга хэрэглэх, намын мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллага хянахыг болих, Төрийн санхүүжилт авахад тавьсан 3 хувийг босгыг бууруулах, намыг сануулах, алдаа зөрчлөө засах боломж олгох, хууль тогтоомжийг биелүүлэхэд бодитой, үр дүнтэй зөрчилд тохирсон арга хэлбэрийг хэрэглэх, Улсын Дээд шүүх намыг тараах эрхээ өөртөө хадгалах” гэсэн байна.
2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуулийн талаар хэлэлцэхэд улс төрийн намуудын төлөөллүүд Улс төрийн намын тухай хуультай холбогдуулан ямар саналууд ирүүлсэн талаар дурдлаа. Тухайлбал, Ардчилсан намын төлөөлөл, намын тодорхойлолтод иргэдийн гэдгийн ард талд нь ашгийн төлөө бус байгууллага мөн гэж тодорхой болгох, Ард түмний олонхийн засаглал нам, намын төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна гэж оржээ. Ийм олон идэвхгүй хүнийг дүр эсгэж жендэр ярьж оруулах уу? Эмэгтэйчүүдийн нам гэж байгаа шүү дээ. Төрийн санхүүжилтийг намуудад авсан саналынх нь тоогоор олговол шударга ёсонд нийцнэ, Монголын хүний төлөө нам, улс төрийн тогтолцоог шинэчлэх хамгийн гол асуудал бол мөнгөний нөлөөллөөс гарах ёстой, ХҮН нам, нам байгуулахыг илүү хялбар болгох, 801 гишүүний шаардлага тавихгүйгээр харин сонгуульд оролцох үед нь тодорхой шаардлага шалгуур тавьдаг байх, МСДН болон МҮАН, намууд гишүүнчлэлийн асуудлаа өөрсдөө дүрмээрээ шийдээд явж ирсэн. Энэ хэвээрээ байвал зүгээр гэх зэрэг санал хэлж байсныг эргэн сануулав.
Тэрбээр, бүх улс төрийн намууд энэ хуулийг өөрчлөх ёстой гэдэг дээр ижил байр суурьтай байгаа. Шинэчлэн найруулах ёстой гэдэг дээр өөр өөр байр суурьтай байх шиг байна. Монгол Улс олон намын тогтолцоотой болсноос хойш улс төрийн тогтолцооны хувьд реформ хийгдээгүй цорын ганц асуудал байгаа нь улс төрийн нам. Нам төлөвшиж чадахгүй байгаа нэг шалтгаан нь өнөөдрийн энэ Улс төрийн намын тухай хуулийн зохицуулалт сул, хариуцлагынх нь асуудал бүхэлдээ хоцрогдчихсон явдал юм. Нийгэмд улс төрийн намуудыг илүү хариуцлагатай, ил тод, шуурхай, итгэл даахуйц байх ёстой гэдэг байр суурийг хаа сайгүй хэлж байна. Тэгэхээр энэ чиглэлд хамтдаа энэ хуулийн төсөлд саналаа хэлж, үзэл баримтлалын хүрээнд сайжруулах боломж бий гэж харж байгаагаа илэрхийллээ.
Дараа нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан улс төрийн намуудын төлөөлөл үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, улс төрийн намууд Сонгуулийн ерөнхий хорооноос маш их хамааралтай байхаар хуулийн төсөлд тусгасныг эргэж харах, намыг цомхон болгоё гэсэн мөртөө намын байгууллагын харьяа гээд олон байгууллага байгуулахаар тусгасан нь өрөөсгөл байна, хуулийн төслийн 8 дугаар бүлгийн 5 дугаар зүйлд “Нам бодлого, үйл ажиллагаандаа эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн төлөөлөл, оролцоог хангаж ажиллана” гэж заасан атлаа “эрэгтэй” гэж заагаагүй нь байна, ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг, сонгуулийн саналын хуудаст улс төрийн намуудыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бичдэг тогтолцоог халах, сонгуулийн зорилгоор эвсэл байгуулж ороод тарах тохиолдлыг хуулиар зохицуулж өгөх, улс төрийн намуудын төлөвшил, хяналт, хариуцлагыг сайжруулаад ил тод байдлыг бий болгоё гэж байгаа бол намын дэргэд байгуулдаг янз бүрийн холбоод түүгээрээ дамжуулж санхүүжилт авдаг, тэр нь ил тод биш байдаг байдлыг хаах ёстой, улс төрийн намуудыг гарааны тэгш байдал үүсгэх, мөнгөний нөлөөллийг багасгах заалт зохицуулалтууд орсон хэдий ч шууд бус дэмжлэг гэдэгт Үндэсний олон нийтийн радио, телевизээр жилд гучхан минутийн үнэ төлбөргүй нэвтрүүлэгт орно гэдэг нь бага байна, Монголын социал демократ намыг төлөөлж А.Ганбаатар, Монголын Уламжлалын Нэгдсэн Намын дарга Б.Батболд нар, Улс төрийн намын тухай хуулийн зорилго бол иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг л баталгаажуулж, хатуу гишүүнчлэлийг халах ёстой, Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл, нам бол иргэдийн эрх дээр байгуулагддаг, эвлэлдэн нэгдэх эрхийн субъект, энэхүү эрхийн субъектийг төрийн албаны чиг үүрэгтэй болгох гээд байгааг хасах, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэдэд заавал хуулиар шийтгэл ногдуулах шаардлагагүй, намыг идэвхгүйд тооцох гэдэг 21 дүгээр зүйлийг тэр чигээр нь хасах, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намын дарга Б.Жагар, бусад намдаа улс төрийн боломж олгож нэг гараанаас эхлэх зохицуулалт тусгах, ШИНЭ намыг төлөөлөл болон Бүгд Найрамдах намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо нар хуулийн төсөлд улс төрийн намын үйл ажиллагааг хэтэрхий нарийвчилсан байгаа нь зохисгүй бөгөөд үүнийг намын дүрмээр зохицуулж болох зүйл, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, хуулийн төсөлд намыг хэтэрхий загварт оруулах гэсэн зүйл тусгагдсаныг зохицуулж, нам үүсгэн байгуулах нөхцөл нь хялбар байх талаар тусгаж өгөх гэх мэт тодорхой саналууд дэвшүүллээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улс нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсын хувьд мөн дэлхий дахин дахь ардчиллын үйл явцыг дэмжиж байдаг улсын хувьд бусад улс орны практикийг судалж төслийг боловсруулсан. Тухайлбал, дэлхийн 120 гаруй улс орны улс төрийн намын болон санхүүжилтийн хуулийг судалж, сүүлийн 30 жилийнхээ алдааг засахуйц, олон улсын стандартад нийцсэн хуулийн төслийг боловсруулахаар хичээж байгаагаа илэрхийллээ.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх өнөөдрийн хэлэлцүүлэгт улс төрийн 30 нам оролцож, 21 нам хуулийн төсөлд санал өгсөн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.