Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбаттай уулзлаа

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнөөдөр (2023.06.19) Дархан-Уул аймагт ажиллаж байна.Тэрбээр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Насанбаттай уулзаж, Улсын Их Хурлаас явуулж буй бодлого, үйл ажиллагаа, эрх зүйн шинэтгэлийн талаар танилцууллаа. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төв байгуулж, иргэд, олон нийттэй нээлттэй харилцаж ажиллах, D-Parliament цахим системд олон нийтийг идэвхтэй хамруулж, тэдний оролцоог хангах талаар зөвлөж ярилцав.

Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Насанбат аймгийнхаа ажил байдлын талаар товч танилцуулж, олон нийтэд хууль сурталчлах үйл ажиллагааг Иргэний танхимаар явуулж буйг дурдлаа. Аймгийн Иргэний танхим мэргэжлийн хуульчтай ажилладгийг тэрбээр өгүүлээд, Нутгийн удирдлагын ордонд иргэд, олон нийттэй харилцах үйл ажиллагаа явуулахад танхим, талбайн хүрэлцээ тааруу байдгийг ярив.

Хууль тогтоомж сурталчлах төвийг үндэсний хэмжээнд зохион байгуулах ажил Улсын Их Хурлын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажлуудын нэг юм. Парламент болон иргэдийн харилцааг хангах, Улсын Их Хурлын гишүүд, иргэдийн төлөөлөгчдийг сонгогчидтой холбоход энэ ажил ихээхэн ач холбогдолтой юм.

Дархан-Уул аймаг бол Монгол Улсын умард бүсийн аймаг, нутгуудын зангилаа тул Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн иргэд ч төрийн үйлчилгээг авах боломжтойг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцлоод, Хууль тогтоомж сурталчлах төвийг хаана байгуулахаа шийдэж, үйл ажиллагааг эхлүүлэхэд Улсын Их Хурлын Тамгын газар арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно гэлээ.

Уулзалтад, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ч.Энхбат, “Нутгийн өөрөөр удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар нар оролцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл