Цэс

Холбоо барих

ТБХ:Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.15/ хуралдаан 18 цаг 23 минутад дахин үргэлжилж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.

Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан хуулийн төслийн талаар асуулт асуух гишүүн байсангүй. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын урсгал зардлын зохицуулалттай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо татан авч байгаагаа мэдэгдсэн.

Мөн Төсвийн байнгын хорооноос  Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан "Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсныг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцууллаа.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд гишүүдээс гаргасан саналыг төсөлд нэмж тусган батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн.

Уг тогтоолын төсөлд үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцыг зорилтод түвшинд тогтворжуулах, бууруулах, төлбөрийн тэнцлийг сайжруулах, инфляцыг бууруулахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын тохиргоог авч хэрэгжүүлэх, валютын цэвэр дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр экспортыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, импортын орц их шаарддаг томоохон төсөл, арга хэмжээг төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөөллийг харгалзан хэрэгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн хангалтыг харгалзан татварын уян хатан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, төрөөс хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд олгодог хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгийг оновчтой хуваарилах, төрийн албан хаагчийн цалин хөлс, албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг зохицуулж байгаа холбогдох хууль тогтоомжийг Төрийн албаны тухай хуулийн 4.7 дахь хэсэгтэй нийцүүлэн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өөрчлөх санал боловсруулж, шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанканд даалгахаар тусгажээ. 

Хууль, тогтоолын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл