Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төсөлтэй холбоотой зарим саналыг дахин хэлэлцэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.06.15/ хуралдав.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Н.Энхболд, Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Эцсийн хэлэлцүүлгийн дараа УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, иргэд, байгууллага, нийгмийн зүгээс тодорхой саналууд ирсэнтэй холбогдуулаад Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр дэмжигдсэн хүйсийн квоттой холбоотой саналыг дахин ярилцах шаардлага гарч ирлээ хэмээсэн.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, саналаа нэгдсэн хуралдаанд оруулна. Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосон тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар батална хэмээн заасан бөгөөд тэрхүү хуралдааны дэгийг зөвхөн тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд мөрдөнө хэмээн заасныг хуралдаан даргалагч танилцуулаад, төслийн талаарх 10 дахь зарчмын зөрөөтэй саналын томьёолол болон төслийн 1 дүгээр зүйлийн 30 дахь заалт буюу 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсгээр Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлж томьёолох шаардлагатай болсныг тайлбарласан.


Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмын дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар дэгийг хэлэлцүүлж батлуулья гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Байнгын хороо түр завсарласны эцэст чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан дэгээр дээрх асуудлыг дахин хэлэлцэж, Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрөөтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл