Цэс

Холбоо барих

НББХ: Төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, олон улсын гэрээ, зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг сонсон, хяналтын сонсголыг товлолоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2023.06.14)-ийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн талаарх танилцуулгадаа, Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарсан боловч инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгааг дурдаад, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын төсөлд иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан талаар дурдав. Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1,7 их наяд төгрөгөөр, нийт зарлага 1,8 их наяд төгрөгөөр нэмэгдэж, төсвийн нийт алдагдал 1,6 их наяд төгрөг буюу анх батлагдсан ДНБ-ий 2,6 хувиас хэтрэхгүй байхаар төсөвлөсөн байна.

Хуулийн төслүүдийн талаар аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцууллаа. Дүгнэлтэд, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд нийт зарлагын дийлэнхийг төлөвлөж байгаа нь иргэдийн амьжиргааг дэмжих эерэг талтай гэжээ. Мөн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Улсын Их хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж Үндэсний Аудитын газар үзсэн байна.

Төсвийн тодотголын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Б.Бейсен нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу зардал, санхүүжилт нь хасагдсан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийг хэрхэх, Зоонозын төв зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй хамааралгүй байгууллагуудын ажилчдын цалин хөлс хэрхэн нэмэгдэх, төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлээд дутуу орхисон барилга байгууламжийг хэрхэн үргэлжлүүлэх, хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тухай, асрамжийн газарт хүмүүжиж байгаа хүүхэд, ахмад настнуудыг халамж анхаарлаас орхигдуулахгүй байх, өндөр насны тэтгэврийн зөрүүг арилгаж байгаа аргачлал, нийтийн тээврийн хэрэгслийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоноглолын тухай, энэ удаагийн цалингийн нэмэгдлийг дагаад хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа цалинг хэрхэн шийдвэрлэхийг судалсан эсэх, бизнесийн салбарынхны бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф нэмэгдэх эсэх, төсвийн тодотголын төсөлд Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны саналыг авч тусгасан эсэх, бүтцийн өөрчлөлт оруулж буй Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын асуудлыг дагаад аймаг, нийслэлийн холбогдох бүтцэд ямар өөрчлөлт орох, 2020, 2021 онд Нийгмийн даатгалын тэтгэвэр тогтоолтод хийсэн улсын үзлэг, шалгалтын дүн, буруу тогтоосноос тэтгэвэр авагч нар болон Нийгмийн даатгалын санд учирсан хор хохирлыг хэрхэн шийдвэрлэж байгаа, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуурх айл иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлэх асуудлыг 2024 оны төсөвт тусгаж шийдвэрлэх эсэх, эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалингийн сүлжээг хоёр дахин нэмэгдүүлэх, магадлан итгэмжлэгдээгүй зарим анхан шатны эмнэлгийн санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг асуудлыг хөндөж, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албаны хүмүүсээс хариулт авлаа. Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүл мэндийн даатгалын сангйин 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.

Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын олон талт олон улсын гэрээ, гэрээний хорооны зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг сонслоо. Монгол Улс хүний эрхийн 48, хүрээлэн буй орчны 24, гэмт хэрэгтэй тэмцэх 30 зэрэг нийт 294 олон талт олон улсын гэрээнд нэгдэж орсныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил тайлан мэдээлэлдээ дурдаад, үүнээс НҮБ болон холбогдох олон улсын байгууллагуудад тайлан хүргүүлдэг 30 конвенц байгааг тэмдэглэсэн юм. Олон талт олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагуудын уялдаа холбоо, зохицуулалт, харилцан мэдээлэл байхгүй, хүний нөөцийн тогтворгүй байдлаас шалтгаалан залгамж чанар алдагддаг байдлыг залруулах үүднээс энэ талаарх дата бааз бий болгох, Монгол Улсын шүүх олон улсын гэрээний заалтыг хэрэгжүүлэх дадлага, туршлага байхгүй, шүүхийн байгууллагын албан хаагчийн олон улсын гэрээний талаарх мэдлэг дутмаг байгааг харгалзах сургалт явуулах, олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, олон улсын гэрээнд нэгдэн орохдоо үүсэж болох хууль эрх зүй, нийгэм, эдийн засаг, санхүүгийн үр нөлөө, хүлээх үүрэг хариуцлага, тэдгээрийг хэрэгжүүлэх боломжтой, эсэхийг нарийвчлан үнэлж, холбогдох хууль, эрх зүйн нөхцөлийг бүрдүүлж байж нэгдэн орох, нэгдэн орсон гэрээ, конвенцын хэрэгжилтийн тайлан, хэлэлцүүлсэн дүн, өгсөн зөвлөмжийг Улсын Их Хурал, Засгийн газарт танилцуулах, биелэлтэд хяналт тавих нэгдсэн механизм бий болгох, хэрэгжилтийг хангахад төрийн бус байгууллагуудыг оролцуулах, орчуулгыг жигдлэх зэрэг олон тулгамдсан асуудал байгааг тэрбээр мэдээлэлдээ онцлов.

Түүнчлэн тэрбээр, 1966 онд батлагдаж манай улс 1974 онд нэгдэн орсон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын факт, нэмэлт протоколыг жишээ татаж, дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хэрэглэх, шүүгч, прокурор, өмгөөлөгч, иргэний нийгмийн байгууллага, оюутан, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр НҮБ-аас тайлан хүргүүлэх бүрд зөвлөмж өгч буйг дурдаад, тайлан бүрдээ нэгэн хэвийн нөхцөл, байдлыг дурддаг, хэрэгжилт хангалтгүй байдаг нь манайхан гэрээ, конвенцод нэгдэн орсноо л мэддэг болохоос биш тэдгээрт юу гээд заачихсан байгааг мэддэггүйтэй холбоотой гэсэн юм. Үүний хүрээнд ХЭҮК-ын үйл ажиллагаа сул, эрх мэдэлгүй байгааг НҮБ-аас олон удаагийн зөвлөмжөөр сануулсныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил анхааруулав. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс шалтгаалж албадан нүүлгэх эрсдэлтэй тулгарч буй оршин суугчдын гомдлыг шийдвэрлэх, хамгаалах, зохих хууль зүйн хамгаалалт бий болгох өртсөн хүмүүсийг орон байртай болгох, бусад боломжийг баталгаажуулах, газрыг зохих ёсоор үнэлэх, хувийн өмч хөрөнгийг хамгаалах, ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг баталгаажуулах асуудлуудыг ДЭМБ-аас зөвлөж байгааг тэрбээр танилцууллаа. Хүүхдийн эрхийн тухай конвенцыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг тэрбээр мөн онцлоод, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэв.

Мөн, 2006 онд батлагдсан Монгол Улс 2012 онд нэгдэн орсон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенц дахь оюуны болон сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хэрэгжүүлэх институц, эрх зүйн орчин хангалтгүй байгааг Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулгадаа тэмдэглэв. Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай болон Албадан хөдөлмөрийн конвенцуудын хэрэгжилт ч хангалтгүй байгааг тэрбээр цохон дурдаад, үүний хүрээнд хөдөөгийн эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх, цэргийн болон ялтны хөдөлмөр эрхлэлтийг конвенцод нийцүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа, Д.Батлут, С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Байнгын хорооны дарга П.Анужин, өөрийнхөө санаачилгаар ахлан ажиллаж чухал асуудлаар тайлан, дүгнэлт бэлтгэн хэлэлцүүлж буйд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилд талархал илэрхийлээд, Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд олон талт олон улсын гэрээ, конвенцуудын хэрэгжилтийг харьяалах мэргэжлийн Байнгын хороогоор хэлэлцдэг байх тухай өөрчлөлт оруулах саналтай байгаагаа хэлэв. Мөн Байнгын хорооны ажлын хэсгүүдийг холбогдох асуудлуудаар байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Г.Амартүвшин, Т.Аубакир, Д.Батлут, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Т.Энхтүвшин нарын хүсэлтийн дагуу зохион байгуулах Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулах тов тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Хяналтын сонсголын гол агуулга нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1-д заасан хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрх, 7.3-д заасан хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал хувийн орон зайгаа хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах тухай байх юм.

Дээрх асуудлыг хэлэлцээд, Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 60.0 хувийн саналаар хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа. Тогтоолоор, хяналтын сонсгол явуулах хугацааг 2023 оны 07 сарын 03-ны өдрөөр товлож, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмааг сонгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл