Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.13/ хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны нэгдүгээр улиралд 7.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц энэ оны эхний таван сарын байдлаар 3.8 тэрбум ам долларт хүрч сайжирлаа. Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага бий болоод байна. Дээр дурдсан эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгалаа гэлээ.


Тухайлбал хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгохын зэрэгцээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд нөхөж олгох, тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурьд итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилж, суурь цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж авто замын сүлжээг өргөтгөх зэргээр нийслэлийн түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг төсөв хооронд зохицуулалт хийж шийдвэрлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.7 их наяд төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.6 их наяд төгрөг буюу анх батлагдсан 2.6 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн байна.

Төрийн аудитын байгууллага Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж дүгнэсэн хэмээн Монгол Улсын ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, цэрэг офицеруудын цалин хэд байгаа вэ, цэргүүд бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа юу, энхийг сахиулагчид хэрхэн цалинжиж байна вэ хэмээн тодруулсан.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,  2016 онд батлан хамгаалах салбарт эрх зүйн шинэчлэл хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний тайван цагийн үүрэг нэлээн тэлсэн. Монгол Улсын Зэвсэгт хүчин стратегийн бүтээн байгуулалтын болоод улс орныг хөгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлнэ гэдэг заалт Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр орсон. Үүнтэй холбогдуулан шинээр байгуулсан барилга, инженерийн цэрэг 2020 оноос албан ёсоор байлдааны тугаа хүлээн авч ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш зууны хэмжээнд яригдахаар томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Зүүнбаян-Таван толгойн төмөр замын суурийн ажлыг 100 хувь, дэд бүтцийн ажлын 30 хувийг, өртөө, зөрлөг, дэд бүтцийн ажлуудыг нь бүрэн хэмжээнд хийсэн. Чанарын өндөр түвшинд ашиглалтад хүлээлгэн өгсөн. Зүүнбаян-Ханги чиглэлийн 216 км төмөр замын ажлын 48 орчим хувийг нь зэвсэгт хүчин дангаараа хийсэн. Одоо ч стратегийн бүтээн байгуулалтын ажилд оролцож байна. Богд хаан төмөр замын ажлыг эхлүүлсэн, Гашуун сухайтад ухаалаг терминалын дэд бүтцийг хийж байна. Газрын тосны үйлдвэрийн ажилчдын орон сууцын ажлыг гүйцэтгэж байна.

Цалин хөлсний тухайд энэ удаад шинэчлэл хийж байна гэж манай салбарынхан ойлгож байгаа. Энэ удаагийн төсвийн тодотголоор цалингийн асуудлыг нэг мөр шийдэж байгаад батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн талархаж байгаа. Одоо офицеруудын, ахлагч, мэргэжлийн цэргийн албан хаагчдын цалин нэг түвшинд очно гэсэн ойлголттой байгаа хэмээн хариулсан.


УИХ-ын гишүүдээс хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.  

Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайдын мэдээллийг хаалттай горимоор хэлэлцсэний дараа “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улс нь Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцод 1971 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэгдэн орсон.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 2010 оны Нисэхийн аюулгүй байдлын Дипломат бага хурлаас иргэний нисэхийн эсрэг шинэ төрлийн хууль бус үйлдлүүд дэлхий даяар нэмэгдэж байгаатай холбогдуулан Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг баталж, орхигдуулсан, зарим шаардлагатай зохицуулалтуудыг нэмж тусгасан.

Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 35 улс гарын үсэг зурж, 21 улс соёрхон баталж, 21 улс нэгдэн орж, нэг улс хүлээн зөвшөөрч, нэг улс баталсан байна.

Энэхүү протоколд ашиглалтад байгаа aгаарын хөлгийг хууль бусаар булаан авах, хяналтаа тогтоох үйлдэл, оролдлого, оролцооны хэлбэр, хүлээлгэх хариуцлага, гэмт үйлдлийн хамрах хүрээ, харьяалал, ялын байдал, төрийн байгууллагаас авах арга хэмжээ, улс орнуудын хамтын ажиллагааны зохион байгуулалт зэргийг илүү нарийвчлан тодорхойлсон.

Монгол Улс нь Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын оролцогч улсын хувьд агаарын тээврийн салбарын хурдацтай өсөлттэй уялдуулан иргэний нисэхийн аюулгүй байдлын түвшин, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор энэхүү протоколыг соёрхон батлах шаардлага үүсээд байна.

Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон баталснаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардахгүй, харин хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27 дугаар бүлэгт өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай Конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76.9 хувь нь дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ.

Дараа нь “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 2010 оны Нисэхийн аюулгүй байдлын Дипломат бага хурлаас иргэний нисэхийн эсрэг шинэ төрлийн аюул занал, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх илүү үр дүнтэй арга хэмжээ авахад чиглэсэн эрх зүйн хэм хэмжээг бэхжүүлэх зорилгоор Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг баталсан. Тус конвенц нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд одоогоор 34 улс гарын үсэг зурж, 23 улс соёрхон баталж, 19 улс нэгдэн оржээ.

Энэхүү конвенцод олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд дурдаагүй орхигдуулсан зохицуулалтууд, түүнчлэн гэмт хэрэгт тооцох үйлдэл, ялын байдал, гэмт хэргийн оролцогчид, хэргийн харьяалал, гэмт этгээдийг шилжүүлэх, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг нарийвчлан тусгасан бөгөөд Монгол Улсын 1972 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэгдэн орсон “Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай” Монреалийн конвенц, түүний нэмэлт Протоколоос давуу хүчин чадалтай юм.

Агаарын тээврийг либералчилж, нислэгийн тоо, чиглэлийг эрчимтэй нэмэгдүүлж байгаа энэ үед манай улс нь иргэний нисэхийн аюулгүй байдлын стандарт түвшинг олон улсын шинэчлэн сайжруулсаар байгаа стандарт шаардлагад нийцүүлэх, энэ төрлийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариуцлага хүлээлгэх тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Монгол Улс нь Олон Улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг соёрхон баталснаар иргэний нисэхийн аюулгүй байдлын түвшин, эрх зүйн тогтолцоог сайжруулахад дэмжлэг болох бөгөөд улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76.9 хувь нь Олон Улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг соёрхон батлахыг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл