“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын салбар хэлэлцүүлгийн гуравдугаар хэсэг Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд” /2023.06.13/ үргэлжилж, залуу манлайлагчид иргэний нийгмийн асуудлаар илтгэл тавилаа.
Салбар хэлэлцүүлгийн гуравдугаар хэсэгт Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төвийн Хөтөлбөр, бодлого хариуцсан дэд захирал Шерилл Алипио чиглүүлэгчээр ажилласан бөгөөд тэрбээр энэ үеэр "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг зохион байгуулж буй бүх талуудад онцгойлон талархал илэрхийлж байв.
Хэлэлцүүлгийн эхэнд Эва их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын тэнхимийн докторант Ми Хюн Ким “Цахим орчин дахь таашаал ба аюул заналхийлэл” сэдвээр /бүрэн эхээр нь эндээс/ илтгэл тавьсан.
Түүний илтгэл нь жендэрийн судалгаа шинжилгээн дэх уламжлалт сэдвүүдийн нэг гэдгийг дурдаад жендэрт суурилсан хүчирхийлэл болон янз бүрийн аюул заналхийллийг таашаал дагуулдаг. Гэвч таашаал нь бас аюул дагуулдаг гэсэн асуудлыг хөндсөн гэж байв. Тухайлбал, нийгмийн ёс зүй, хэм хэмжээний эсрэг үйлдэгдсэн хэргүүд гарсаар байхад цахим орчинд секс аккаунтуудыг ажиллуулж буй шалтгаан болон охид, бүсгүйчүүд аюулыг мэддэг хэрнээ бэлгийн мөлжлөгт хэрхэн яаж, өртөж буй нөхцөлийг илтгэлдээ дурдаж, твиттерт суурилж энэ талын судалгаагаа хийсэн гэж байлаа. Мөн нийгмийн зүгээс цахим орчинд энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг буруутгах, чичлэх нь илүүтэй байдаг тул судалгаагаа үүнд хандуулсан гэж байлаа.
Дараа нь Ева их сургуулийн Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын тэтгэлэгт хөтөлбөрийн докторант Жаятри Дананжа Гунаратне Локу Тамбугалаг “Шри-Ланк улсын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль” сэдвээр /бүрэн эхээр нь эндээс/ илтгэл тавив.
Тэрбээр, хөдөлмөрийн насны иргэд, ялангуяа эмэгтэйчүүдийг гадаадад ажиллах хүч болгон ихээр илгээдэг Шри-Ланка улсыг судалж, энэхүү илтгэлээ бэлтгэсэн гэж байлаа. Тус улс нь булангийн орнуудад ажиллах хүч болгон иргэдээ илүүтэй гаргадгийг онцлоод Засгийн газраас хөдөлмөрийн насны иргэдээ гадаадад ажиллах хүч болгон илгээхдээ баримталж буй бодлогод зайлшгүй анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Хэлэлцүүлэг Стэнфордын их сургуулийн Хуулийн сургуулийн докторант Мари Вако-гийн "Шүүхийн танхимд эмэгтэй хүн байх нь ямар нөлөөтэй вэ" сэдвийн /бүрэн эхээр нь эндээс/ илтгэлээр үргэлжилсэн. Тэрбээр илтгэлдээ, Японы шүүхийг судалж, шүүгчдийн бүрэлдэхүүнд эмэгтэй шүүгч байснаар ямар нэгэн нөлөө байдаг уу, үгүй юү гэдгийг тодорхойлохыг зорьсон гэж байлаа. Учир нь эмэгтэй, эрэгтэй шүүгчдийн асуудлыг харах өнцөг өөр байх эсэхээс хамаараад тэдний нөлөөний асуудал яригддаг талаар дэлгэрэнгүй танилцуулж байлаа.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Шри-Ланка улсын Засгийн газрын ажиллах хүчний бодлого дээр тулгуурлаж хийсэн судалгааны дүгнэлтийг илүүтэй сонирхохын зэрэгцээ БНСУ бэлгийн мөлжлөг болон жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжоо хэрхэн чангаруулсан талаар панелистуудаас тодруулж, хариулт авсан.
Тухайлбал, Ева их сургуулийн Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын тэтгэлэгт хөтөлбөрийн докторант Жаятри Дананжа Гунаратне Локу Тамбугалаг хариултдаа, “Шри-Ланка улсын Засгийн газраас гадаадад ажиллах хүч илгээх бодлогодоо эмэгтэйчүүдийг хамгаалах асуудлыг илүүтэй тавьсан гэдэг. Гэсэн хэдий ч бодит байдалд энэ нь эсрэгээр байгаа. Ер нь үүнийг эдийн засгаа дэмжих бодлого гэж хэлэхэд хэцүү. Гадаадаас тэдгээр эмэгтэйчүүдийн эх орон руугаа шилжүүлдэг валют нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй их ч, тэдний амьжиргаа, эрх ашгийг хамгаалах бус харин ч эрсдэлд оруулж байна гэж дүгнэж болохоор байна” гэсэн хариултыг өгч байлаа.
Үүгээр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын салбар хэлэлцүүлэг өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.