“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны гурав дахь хэлэлцүүлэг “Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал” сэдвийн хүрээнд боллоо.
Тус сэдвийн чиглүүлэгч Азийн хөгжлийн банкны Төв Азийн газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ри Хираока илтгэгч болон панелистуудыг танилцуулав.
Үндсэн илтгэлийг Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн Эмэгтэйчүүдийн судалгааны тэнхимийн профессор, Солонгосын эмэгтэйчүүдийн сангийн тэргүүн Пилва Чанг танилцуулсан. Тэрбээр, илтгэлээрээ боловсролын үндсэн гол асуудлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ жендерийн тэгш байдлыг хангахын тулд төгс ардчиллыг бэхжүүлэх тал дээр яагаад ач холбогдол өгөх ёстойг онцлон танилцуулсан юм.
Панелист, Стэнфордын их сургуулийн Боловсролын дэд профессор, “Боловсролын олон улсын харьцуулсан судлал”, “Олон улсын боловсролын бодлогын шинжилгээ” магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка илтгэлдээ дэлхийн болон үндэсний түвшинд жендэр болон дээд боловсролын талаарх хэвшмэл үзэл, ойлголтын талаар танилцуулсан. Тэрбээр, дээд боловсролын салбарт жендэрийн тэгш байдлыг хэрхэн хэмжиж, авч үзэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Панелист, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төвийн зочин эрдэмтэн судлаач Б.Анхбаяр илтгэлдээ дээд боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдлын индекс буюу их, дээд сургуулиудад тулгамдаж буй жендерийн асуудал хийгээд цаашид дээд боловсролын бодлогын түвшинд жендэрийн тэгш байдалтай холбогдуулан ямар асуудлыг сайжруулах шаардлагатайг тодорхойлох талаар танилцуулав.
Панелист, Тайландын Хаант Улсын Таммасат их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор Чалидапорн Сангамфан илтгэлдээ жендэрийн тэгш байдалд анхаарал хандуулах нь чухал. Гэхдээ тэгш бус байдалд ч залуучуудын анхаарлыг хандуулах нь бас чухал гэдгийг тэмдэглэсэн. Тэрбээр жендэрийн тэгш байдлыг хангахын тулд нийгэмд оролцоог хангасан арга барилаар хандаж ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
Панелист, Бүгд Найрамдах Киргиз Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Гульмира Кудайбердиева илтгэлдээ Киргиз Улсын жендэрийн тэгш байдлын талаар хуримтлуулсан туршлага, ололт амжилт, сурсан сургамж, боломж, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан. Тэрбээр, жендэрийн тэгш эрхийг боловсролын салбарт хэрхэн нэвтрүүлж ажилласан туршлагаа онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.