Цэс

Холбоо барих

ИЦББХ: Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцлээ


УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.13/ хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, ЭМД-ын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

 

Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийн танилцуулгыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учрал танилцууллаа.  Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаадын валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны 1 дүгээр улиралд 7,9 хувиар  өсөж, гадаад валютын албан нөөц энэ оны эхний 5 дугаар сарын байдлаар 3,8 тэрбум ам.долларт  хүрч сайжраад байна. 


Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлэн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Дээр дурдсан эдийн засаг нийгмийн нөхцөл байдалтай уялдуулж, Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах эрх зүйн орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд  тусгалаа.

Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгохын зэрэгцээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд нөхөж олгох, тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх,  нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулж нэмэх, гуравт, төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилж суурь цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, дөрөвт, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын сүлжээг өргөтгөх зэрэг нийслэлийн түгжрэлийг бууруулах арга хэмжээг төсөв хооронд зохицуулалт хийж шийдвэрлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгаад байна. Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1,7 их наяд төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлага 1,8 их наяд төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1,6 их наяд төгрөг буюу анх батлагдсан ДНБ-ий 2,6 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөгдлөө хэмээн танилцуулав.

Түүний дараа Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц. Наранчимэг Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын  төслийн талаарх аудитын дүгнэлтийг  танилцууллаа.

 Ингээд Монгол Улсын 2023 онд төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, ЭМД-ын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг  хийж,   Инновац цахим бодлогын байнгын хорооноос гаргах санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл