Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.13/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Иргэний нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг тогтоолын төсөлд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Ганибал, М.Оюунчимэг, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ. Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Дараа нь Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан.
Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас экспортыг эрчимжүүлж гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны нэгдүгээр улиралд 7.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц энэ оны эхний таван сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрч сайжирсныг Сангийн сайд танилцуулгадаа дурдаад эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн ч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул амьжиргааг дэмжих, зайлшгүй шаардлага бий болж байна гэв.
Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгалаа. Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгохын зэрэгцээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд нөхөж олгох, тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилж суурь цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж авто замын сүлжээг өргөтгөх зэргээр нийслэлийн түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг төсөв хооронд зохицуулалт хийж шийдвэрлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасан гэв.
Мөн тэрбээр, Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.7 их наяд, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.6 их наяд төгрөг буюу анх батлагдсан дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ий) 2.6 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн гэж байлаа.
Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, “Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн тодотголд тус Байнгын хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт дараах өөрчлөлтийг оруулсан байна. Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2023 оны тодотголын төсөл 12.3, Үндэсний статистикийн хорооны дарга 20.9, Барилга, хот байгуулалтын сайд 387.4, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 41.7, Зам, тээврийн хөгжлийн сайд 482.1, Эрчим хүчний сайд 256, нийт дүнгээрээ 1 их наяд 200.4 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлын нийт төсөв 15.8 тэрбум төгрөгөөр өсөхөд төрийн албан хаагчийн цалин хөлсний системийг шинэчлэн цалинг нэмэгдүүлэн тогтоосон ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зардал өсөж байгаа нь голлон нөлөөлсөн байна. Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж байна” гэдгийг онцлон тэмдэглэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Ч.Ундрам нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс Засгийн газар сайн ажилласан ч гадаад нөхцөл байдлаас шалтгаалаад инфляц 10 хувиас дээш болоод байгаагийн шалтгаан болон төсвийн зардал өссөнөөр инцфляцид нөлөөлөх эсэхийг илүүтэй тодруулж байлаа.
Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, манай инфляцыг тооцдог 300 гаруй бүтээгдэхүүнээс бүрддэг сагсны 51 хувь нь шууд гадаадаас импортоор авдаг, 25 хувь нь орц байдаг. Нийлээд бараг 75 хувийг нь бид гаднаас худалдаж авч байна гэсэн үг. Үүнийг л гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан гэж хэлж байгаа юм. Энэ нь Үндэсний статистикийн хорооноос өгч байгаа мэдээлэл шүү" гэдгийг онцлов.
Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, “Төсвийн нийт зардал 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байхад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхгүй гэж худлаа ярьж болохгүй. Тэгэхээр бидэнд мөнгөний бодлогоо эргэн харж, авч үзэх шаардлага бий болж магадгүй. Мөн бараа, бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөөнийг сайжруулах, нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Тухайлбал, махыг малчны хотноос дэлгүүрийн лангуун дээр очих хугацаан дахь төрийн зүгээс учруулдаг бүх төрлийн саад бэрхшээлүүдийг арилгавал нийлүүлэлт нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлэх учиртай. Үүнтэй холбоотой асуудлуудыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар ярихаар төлөвлөж байна” хэмээн хариулж байлаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас төслийн 1 дүгээр хавсралтын 9.1.112 Ард Аюушийн өргөн чөлөөний гэрэлтүүлэг, Улаанбаатар хот, Баянгол гэсэн төсөл арга хэмжээний төсөвт өртөг болон 2023 онд санхүүжих дүнд өөрчлөлт оруулахгүйгээр төслийн нэрийг төв замуудын гэрлэн чимэглэл, Улаанбаатар, Баянгол гэж өөрчлөх” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг төсөл санаачлагчид нь буцаахыг дэмжлээ
Хуралдааны төгсгөлд Засгийн газзраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай”(Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндэсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт) Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг, тус тогтоолын 2 дугаар хавсралтаар “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг баталсан.
Дэлхий даяар тархаад буй Коронавируст халдварт цар тахлын улмаас сүүлийн хоёр жил эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор тус хөтөлбөрт тусгасан зарим төсөл, арга хэмжээний хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэлүүд үүссэн тул шинэчлэн боловсруулж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 19.1.2 дахь заалтыг үндэслэн Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өргөн барьсан боловч хэлэлцэгдээгүй нэг жилийн хугацаа өнгөрсөн. Тогтоолын төслийг өргөн барих үед үүссэн цар тахлын нөхцөл байдал өөрчлөгдөж, Өрийн удирдлагын тухай хууль болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулиудад заасан шинээр зээллэг үүсгэхтэй холбоотой зохицуулалтууд өөрчлөгдсөн зэргээс хамааран уг тогтоолын төслийг шинэчлэх болсон анхны зорилго ач холбогдолгүй болоод байгаа тул төслийг буцааж өгөхийг хүсье” гэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг төсөл санаачлагчид нь буцаахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53 хувь нь дэмжлээ.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.