Цэс

Холбоо барих

ЁЗСХБХ: Хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2023.06.13) хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны цаглавар баталлаа.

 Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрийн гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилт болж байна. Гэсэн хэдий ч Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд 2022 оны Нэгдүгээр улиралд 3,9 хувиар агшаад байсан эдийн засаг 2023 оны Нэгдүгээр улиралд 7,9 хувиар өсөж, 2,4 тэрбум ам долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны эхний 5-н сарын байдлаар 3,8 тэрбум ам долларт хүрч сайжирлаа. Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан Монгол Улсын инфляц хоёр оронтой тоонд байж  иргэдийн бодит орлогод нөлөөлж буй тул ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Дээр дурдсан эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг чиглэлээр дараах багц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгалаа. Үүнд, нэгдүгээрт, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд олгохын зэрэгцээ энэ оны нэгдүгээр сараас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд хүсэлт гаргасан тохиолдолд нөхөж олгоно. Нийгмийн даатгалын тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар нэг мөр шийдвэрлэнэ. Үнийн өсөлттэй уялдуулж тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцлоо. Тэтгэврийн зөрүүг арилгах, цалингийн итгэлцүүрийг шинэчилснээр 164,6 мянган хүний тэтгэвэр нэмэгдэх бол тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлснээр нийт тэтгэвэр авагч буюу 496,3 мянган хүн хамрагдаж, нийтдээ 394,6 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг мөн үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэхээр тооцлоо. Нийгмийн даатгалын тэтгэвэр авах эрх үүсээгүй хүнд олгох халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж тус бүр 288 мянган төгрөг байгааг 325 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх. Түүнчлэн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж 84,5 мянган төгрөг байгааг 275 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асарч байгаа эцэг эхэд олгох тэтгэмжийг 275 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлнэ. Энэхүү арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 144,3 мянган хүн хамрагдах бөгөөд 89,8 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар байна. Хоёрдугаарт, төрийн албаны цалингийн шинэчлэлийн хүрээнд хэт олон сүлжээ шатлал бүхий харилцан адилгүй, тэгш бус үнэлэмжтэй төрийн албаны цалингийн тогтолцоог нэгтгэх замаар адил үнэлэмж бүхий ажил хөдөлмөр эрхэлж байгаа албан хаагчийн цалинг ижил байх зарчимд нийцүүллээ. Төрийн албан хаагчдын цалинг 7 дугаар сарын 1-нээс нэмэхэд нийт 994,6 тэрбум төгрөгийг зарцуулахаар байна. Гуравдугаарт, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөх, зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн үнэт цаас гаргах замаар санхүүжүүлж, төсөв хооронд зохицуулалт хийж шийдвэрлэнэ. Төсвийн тодотголоор шийдвэрлэх дээрх багц арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг төсвийн тэнцвэржүүлсэн орлогын давалт, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон төсвийн алдагдлын орон зайнаас санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1 их наяд 732,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 20,8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 1 их наяд 896,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 22,4 их наяд төгрөг, нийт нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээ 1,6 их наяд төгрөг буюу анх батлагдсан ДНБ-ий 2,6 хувьд барьж байхаар төлөвлөсөн талаар танилцууллаа.

 

2023 оны төсвийн тодотголын төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу төрийн аудитын байгууллагаас дараах дүгнэлтийг гаргажээ. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 20 их наяд 781,9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34,5 хувь, нийт зарлагын хэмжээг 22 их наяд 371,4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37,2 хувь,  төсвийн алдагдлыг 1 их наяд 589,5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2,6 хувь байхаар төлөвлөжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн тодотголд тус байнгын хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт дараах өөрчлөлтийг оруулсан байна. Төрийн албаны зөвлөлийн дарга 2023 оны тодотголын төсөвт 3,9 тэрбум төгрөгөөр,  Авлигатай тэмцэх газар 33,2 тэрбум төгрөгөөр төсөвлөжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлын төсөв 0,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төрийн албан хаагчийн цалин хөлсний системийг шинэчлэн, цалинг нэмэгдүүлэн тогтоосонтой холбоотой байна. Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэснийг танилцууллаа.


Хууль санаачлагч болон байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нараас Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран хүүхэд бүрт олгож болох эсэх, орон нутагт ажиллаж байхад хүүхдийн мөнгөө авч чадахгүй, чирэгдэл ихтэй байна гэж гомдол санал илэрхийлж байсан бөгөөд энэ нь аймгууд дахь Халамж үйлчилгээний газартай холбоотой эсэх, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, төсвийн тодотголтой хамт Төрийн хэмнэлтийн хуульд ямар өөрчлөлт орж байгаа вэ, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, энэ удаагийн төсвийн тодотголоор цалин, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгөтэй холбоотой зүйлүүд дээр л өөрчлөлт оруулах зарчим барьсан, үүнийгээ хэр баримталсан бэ, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, цалин, тэтгэвэр нэмэгдүүлснээр инфляц болон бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг хязгаарлах талаар ямар зохицуулалт хийсэн талаар асуулт асууж, хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа, энэ удаагийн төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох боломж өгч байгаа гээд хүүхдийн мөнгөө Хүүхдийн төлөө фондод гэр бүлийнхээ болон хүүхдүүдийнхээ өмнөөс хандивлах боломжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгож байгаа хэмээн хариулав. Мөн түүнчлэн энэ удаа бүтэн жилийн төсөв биш 2023 оны төсөвт тодотгол хийж байгаа, иймд энэ удаагийн тодотголоор бүх зүйлийг хамарч чадахгүй. Зөвхөн иргэдийнхээ бодит орлого, өрхийн орлогыг дэмжсэн төсвийн тодотгол хийж байгаа. Цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, зорилтот халамжийн тэтгэмж, нийслэлийн түгжрэл гэсэн таван асуудалд төвлөрч нийтдээ 1 их наяд 896,4 тэрбум төгрөгийн тодотгол хийж байгааг тодотголоо.


Сангийн яамны газрын дарга М.Санжаадорж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэд хэдэн заалтад өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, багийн дарга нарын автомашинтай холбоотой асуудал бий. Багийн дарга нар ихэвчлэн мотоцикл албан хэрэгцээндээ хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор эрхийг нь нээж өгөхгүй бол шатахууны зардал нь давхар сум дээрээ хасагдчихдаг учраас өөрийн хувийн машинтай ч бай, мотоциклтой ч бай түүнийгээ албан хэрэгцээндээ хэрэглэж чадахгүйд хүрдэг асуудлыг тусгасан. Мөн мэргэжлийн зарим байгууллагууд дээр үндсэн үйл ажиллагаатай нь холбоотой зардлууд Төрийн хэмнэлтийн хуулиар нэлээд хатуу зохицуулалттай. Жишээ нь, номын сангийн хувьд ном худалдан авах зардал, хөдөлмөр аюулгүй байдлын хувцасны зардал зэрэг нь Төрийн хэмнэлтийн хуульд хамаарч байсан. Төрийн хэмнэлтийн хууль дахь эдгээр асуудлуудыг хөндөж оруулж ирсэн гэв. Мөн энэ удаагийн төсвийн тодотголд эд хогшил, тавилга, урсгал засвар гэх мэт бусад бүх эдийн засгийн ангилал дээр нэг төгрөг ч нэмээгүйг онцоллоо.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооноос гарах санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сард Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл