“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын “Aлтай судлалын олон улсын чиг хандлага” сэдэвт салбар хэлэлцүүлгийн эхний хэсэг Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд /2023.06.13/ болж байна.
Уг хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Сургууль, Бүгд Найрамдах Турк Улсын Измир Катип Челеби их сургуулийн Түрэг судлалын хүрээлэнгийн ахлах багш, доктор Д.Анхбаяр чиглүүлэв.
Салбар хэлэлцүүлгийг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнөөдрийн хуралд хуран цугласан Азербайжан, Киргиз, Казахстан, Турк, Монгол Улсын эрдэмтэн, судлаачдаас Алтай судлалын олон улсын чиг хандлага цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үнэтэй саналууд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдаад чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн эрдэмтдээс Алтай судлалын институц байгуулах санаачилга гаргасныг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэв. Мөн энэ санаачилгыг тус бүрийн улсдаа дэмжүүлж, хамтарсан бүтцээр ажиллавал нээгдээгүй, илрээгүй, тодорхойлогдоогүй олон асуудалд хариулт өгөх эрдэм судлалын чухал арга механизм болно гэдэгт итгэж байна гэв.
Үргэлжлүүлэн хэлэлцүүлгийн үндсэн илтгэгч Түрэг гаралтай улс орнуудын Парламентын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр үг хэлэв /бүрэн эхээр нь эндээс/. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, энэхүү чухал арга хэмжээнд урьсан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлэхийн зэрэгцээ Түрэг гаралтай улс орнуудын Парламентын Ассамблейг төлөөлж энэхүү арга хэмжээнд оролцож, үг хэлэх боломж олгосонд баяртай байна гэв.
Мөн Монголын Түрэгийн харилцаа нь орчин үеийн бүтээгдэхүүн биш, эртний уламжлалтай. Үндэс угсаа ойр, газарзүйн хөрш зэргэлдээ байдал, соёл, уламжлал ард түмний түншлэлийг бэхжүүлэхэд нөхцөл байдал шаардсан юм. Энэхүү эрчимтэй харилцаа нь соёлыг баяжуулахад хувь нэмэр оруулсан. Энэ үүднээс Алтайг түрэг, монгол үндэстний нэгдмэл үнэт зүйлс бүрэлдэн тогтсон чухал цэг гэж үзэж болно. Ард түмний хоорондын харилцааны түүх, тэднийг холбосон үнэт зүйлсийг нээн илрүүлэхэд энэхүү судалгаа чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн.
Түүнчлэн Түрэг гаралтай улс орнуудын Парламентын Ассамблей нь нийтлэг түүх, соёл хэл, уламжлал, үнэт зүйлсээрээ холбогдсон Түрэгийн орнуудын хамтын ажиллагааны нэгэн байгууллага юм. Өвөг дээдсийн маань бидэнд өвлүүлсэн энэхүү нийтлэг зүйлс нь хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхэд түлхэц үзүүлж байна. ТУРКПА парламент хоорондын харилцааны замаар улс хоорондын улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, байгаль орчин хийгээд эрүүл мэнд зэрэг салбаруудад олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна. Ассамблей нь мөн бусад парламент болон олон улсын байгууллагуудын харилцаанд чухал ач холбогдол үзүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улс ирээдүйд тус Ассамблейн үйл ажиллагаанд оролцож байх нь улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж Түрэг гаралтай улс орнуудын Парламентын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр хэлж байлаа.
Дараа нь үндсэн илтгэгч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Өнөөдөр дэлхий дахин түүхийн тун сонирхолтой, ихээхэн ээдрээтэй цаг үед амьдарч байна. Энэ нөхцөл байдал улс төр, нийгэм, эдийн засгийн хуучин тогтолцоог сольж, өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөгдөж байсан ойлголтуудыг эргэн харахаас өөр аргагүй болж байна гэв. Түүнчлэн дэлхийд өрнөж байгаа үйл явц ихээхэн ээдрээтэй, ил, далд урсгал бүхий тул үүнийг нэг төвтэй эсвэл олон төвтэй хэмээн тодорхойлж, зохицуулах нь бүтэмжгүй. Харин өнөөгийн ертөнцийг цөөн хэдэн орны биш бүгдийн ижил тэгш оролцоог хүндэтгэсэн харилцаа буюу цогц ертөнц гэж хэлбэл илүү оновчтой байхаар байна. Ийм цогц ертөнцөд амьдарч сурна гэдэг нь шинэ соёл, шинэ сорилт мөн. Иймд хүчээ нэгтгэвэл сайн үр дүнд хүрнэ гэж байлаа.
Судлаачид Монголын Эзэнт гүрэн эд хүчирхэг байх үедээ энх амгалан орших зарчмыг баримталж байсан гэж үздэг. Учир нь тэрхүү эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан янз бүрийн үндэстэн, олон янзын шашин нэг нэгийгээ хүлээн зөвшөөрч, сонсож, хүндэтгэж энх тайвнаар зэрэгцэн оршиж, худалдаа наймаа хийж байсан. Тэгвэл энэхүү сайхан жишгийг өнөөгийн цаг үед буулган Алтайн соёл иргэншлийн дагуу энх амгалан орших гэсэн зарчмыг санал болгож байна хэмээв.
Мөн тэрбээр, Алтайн соёл иргэншил хэмээх өргөн утгат түүх, хэл, соёл, амьдралын хэв маяг, зан заншлын хувьд монголчууд казахууд, узбекүүд, туркүүд, киргизүүд, азербайжанууд бол ойр дотнын төрөл, анд нөхдүүд мөн гэдгийг нотолдог бөгөөд бидний түүх, хэл, соёлын хувьд холын садан төрөл. Харин өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн харилцааны хувьд хамгийн ойр дотны анд нөхдийг солонгосчууд, япончууд гэж үзэж болох юм. Иймд эдгээр үндэстнүүдийг төлөөлсөн улс орнууд хоорондоо ойр дотно, олон талт харилцаа холбоо тогтоосноор даян дэлхийн энх тайвны үйл хэрэг, хөгжил дэвшилд ихээхэн нөлөөтэй Зүүн хойд Ази ба Төв Ази гэсэн хоёр чухал бүс нутгийг ойртуулан нягтруулах боломжийг нээх юм. Түүх, хэл, соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааг эдгээр улс орнуудын хооронд идэвхжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй гэж үзэж байна. Энэхүү санаачилгыг "Алтай хамтын ажиллагааны санаачилга" хэмээн нэрлэх саналтай байгаа онцолсон юм.
Үргэлжлүүлэн Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, хэл бичгийн ухааны доктор, профессор О.Самбуудорж “Хүний ураг төрлийн нэр нь Алтайн хэлт ард түмний хэл, соёлын холбоог илэрхийлэх баримт болох нь” сэдвээр илтгэл /бүрэн эхээр нь эндээс/ тавьсан. Уг илтгэлд, “Өнөөдөр дэлхийд 7000 орчим хэл байдаг. Эдгээр хэл нь авиа зүй, хэл зүй, үгийн сангийн нийтлэг шинжээрээ 20 орчим бүлэг хэлэнд хуваагдана. Тухайлбал, Энэтхэг–Европ бүлгийн хэл, Хятад-Төвд бүлгийн хэл, Алтай бүлгийн хэл гэх мэт. Алтайн хэл нь Монгол, Түрэг, Манж–Түнгүс, Солонгос, Япон бүлгийн хэл гэж хуваагддаг" хэмээн дурдсан байлаа. Мөн төрөл садны холбоог нэрлэсэн үгсийг хүний ураг төрлийн нэр гэнэ. Ураг төрлийн нэрд: аав, ээж, ах эгч, авга, нагац, дүү гэх мэт үгсийг багтаана. Хүний ураг төрлийн нэр нь амьтан, ургамал, од эрхэс, газар зүйн нэр, төлөөний үг гэх мэт аль ч хэлэнд эрт цагаас уламжилсан түүх, хэл, соёлын асар их мэдээллийг хадгалсан үгс байна гэж байлаа.
Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд, "Бидний дурдсан ураг төрлийн 24 нэрийн 20 нь үндсэндээ хэлбэр болон утгын хувьд холбоотой байгаа болно. Зарим үг нь хэлбэр, утгын хувьд огт өөр үгс юм шиг боловч тодорхой нэг үгээс улиран хувьссан, хэлбэр, утгаараа салаалж тохирох үгс байдаг байна. Хэлбэр, утгаараа тохирохгүй үгс нь тухайн хэлэндээ хожим үүссэн үг байна. Энэ нь Алтайн хэлний хэл, соёлын холбоог зарим судлаач үгүйсгэдэг боловч, Алтайн хэлт ард түмэн, үүнд, монгол-түрэг хэлт ард түмэн эрт цагаас хэл, соёлын хувьд илүү их холбоотой байсныг нотолж байгаа юм. Алтайн хэлнээс хамгийн их холбоо бүхий Монгол, Түрэг, Манж-Түнгүс хэлний ийм холбоо нь аль нэг хэлнээс нөгөө хэл нь үүссэн гэсэн санаа бус бөгөөд эртний өвөг нэг хэлнээс уламжилсан хэл, соёлын холбоотой ард түмнүүд гэдгийг нотлох баримт гэж лавтай хэлж болно. Үүнээс үзвэл, хэл бол ард түмний түүх, хэл, соёлын өвийг тээх баримт байдаг. Иймд хэл, соёлын хувьд холбоотой Алтайн хэлт ард түмнүүд энэхүү давуу байдлаа ашиглан харилцан ойлголцох, хамтран ажиллах, бие биеэ дэмжих, хүчээ нэгтгэх, хөгжилд урагшлах их боломж байна” хэмээн дүгнэн хэлэв.
Салбар хэлэлцүүлгийн эхний хэсэгт Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад бодлогын хүрээлэнгийн ерөнхийлөгч, улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор Хусейн Бажи, Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн Хүмүүнлэг, бизнесийн удирдлагын сургуулийн захирал, түүхийн ухааны доктор, дэд профессор А.Энхбат, Бүгд Найрамдах Турк Улсын 29 Маис их сургуулийн Түүхийн тэнхимийн гишүүн, доктор, профессор Илхан Сахин, Бүгд Найрамдах Киргиз Улсын Олон улсын анагаах ухааны их сургуулийн доктор, дэд профессор Исаков Абдрасул нар панелистаар ажиллаж, тус тус /бүрэн эхээр нь эндээс/ 10 минутын илтгэл тавьж, үг хэлсэн. Хэлэлцүүлэг "Aлтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хэлэлцүүлгийн хоёр дахь хэсгээр үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.